“Үзэх” гэдэг их сонин үг. “Үргэлжлүүлэх” биш зүгээр л “үзэх”. Үзсэний дараа юу ч болж болно. Энийг аз л мэдэх хэрэг… Чи сүүлийн үед өөрийгөө их гайхаж байгаа. Хэзээ ч авч байгаагүй мэдрэмж дотор эзэмдэж, хэзээ ч төрж байгаагүй “адын” бодол сэтгэлийг чинь донсолгох болжээ. Байнга тааралдах тэр нэгэн залуугийн юу нь чамайг тэгтэл нь татаад байгааг чи мэдэхгүй. Өөртөө бардсан итгэл дүүрэн яриа нь, чамайг онгичих нууцлаг харц нь, эсвэл гоё өгзөг нь юм болов уу?
Яах уу: Тэр нэг залуутай секс хийж үзмээр санагдаад байвал…
Чи дурлаагүй, хайрлаагүй. Үүнийгээ бол харин ч сайн мэдэж байна. Түүнийг харахаар зүгээр л “Нөгөөдөх нь том байх даа?”, “Юу яахдаа ямар сайн бол?”, “Ганцхан удаа секс хийж үзэх юмсан” гэдэг бодол л чамайг үймүүлж байгаа.
Сөрөг шийдэл: Ганцхан удаа амьдрах учраас адал явдал руу шулуудах. “Хэдий болтол өөрийгөө даруухан, ёс журамтай бүсгүйн хэв маягаар авч явах вэ?”, “Залуу, гоо үзэсгэлэнтэй байгаа дээрээ биеийн таашаалыг хүссэнээрээ амссан нь дээр”, “БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт гэдэг бол кинон дээр л гардаг зүйл, бодит амьдралд тийм эрсдэл бараг л байхгүй.” Иймэрхүү бодлууддаа дийлдэж ирээдүйг тооцоололгүй үйлдэл хийх.
Мөн энэ мэдрэмжээсээ зугатаах гэж оролдох ч дээрхээс дутуугүй сөрөг шийдэл. Зугатаах гэсэн оролдлого чинь барагтай л бол биелэхгүй. Харин ч “эм”-ээ дутуу уусны дараа өвчин илүү хүчтэйгээр сэдэрдэг шиг, дараагийн удаад өөр нэг халуухан залуу гарч ирэх үед “Би өмнө нь хүслээ гүйцээгээгүй. Одоо ч гэсэн өөрийгөө хорих юм гэж үү?” гэдэг асуулттай тулгарч илүү “яахаас ч буцахгүй” байдалд орж мэднэ. Бид чинь их мэдрэмтгий шүү дээ.
Эерэг шийдэл: Бид мэдээж чамайг түр зуурын сэтгэл хөдлөлөө сохроор дагахыг зөвлөхгүй. Учир нь энэ бол тэр чигтээ эрсдэл. Тиймээс чамаар үйлдэл хийлгэх гээд байгаа сэтгэл хөдлөлөө өөрөө удирдахын тулд дараа нь гарч болох үр дагаврын талаар юм уу, хэрвээ тэр харагдаж байгаа шигээ халуухан биш бол хайран шөнө бас хайран бие болоод л хоцорно гэдгийг бодоорой. Харин оронд нь ямар нэг спортоор хичээллэ.
Гэхдээ чамайг эрсдлээс эмээж, айдсын хүлээсэн дотроо тас гүрийхийг ч бас бид зөвлөж чадахгүй нь. Учир нь ийм хориотой хүслүүд хааяа гайхалтай дурсамжийг ч бий болгох нь бий. Ямар ч байсан төрж байгаа мэдрэмжээ бүрмөсөн хав дарах гэж оролдож байгаад улам тархаагаад байж болохгүй юм. Тэрний оронд сэтгэлдээ шийдвэр гарга. “Чи үүнийг хийсэн ч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэж өөрөөсөө асуугаад эргэлзээгүйгээр “Тийм” гэж хариулж байвал дээрээс хойш “загатнуулаад” байгаа хүслийнхээ төлөө алхам хийгээрэй. Гэхдээ сэтгэл дотроо хэмжээ хязгаараа урьдчилж заавал тогтоох ёстой. Ямар нэг юм болохоор болвол зайлшгүй бэлгэвч хэрэглэнэ гэдгээ ч өөртөө хатуу сануул. Харин чи өөртөө өгсөн амлалтандаа ихэвчлэн хүрч чаддаггүй нэгэн бол яг одоо бүхнийг боль. Хүрч чадна гэж бодож байвал энэ бүхнийг хаа хүртэл явуулахаа эхнээс нь тооцоолоорой.
Яагаад ингэх ёстой гэж? Эмэгтэй хүнд дурлаагүй, хайрлаагүй залуугаа “хүсэх” мэдрэмж гурван тохиолдолд төрдөг.
1. Амьдралын хэв маягаасаа уйдсан үед
2. Ганцаардсан үед, ганц биеэрээ удсан үед
3. Тэр залуу үнэхээр татгалзахын аргагүй “муу залуу” бол
Алийг нь ч, бүр гурвуулаа ч чамд тохиолдсон байсан эхний эерэг шийдлээр шийдэж болно. Өөртөө илүүдээд байгаа, зарцуулахыг хүсч байгаа энергиэ дасгал сургуулилт юм уу шинэ зүйл сурахад зориулвал аяндаа толгойд чинь ийм бодлууд орж ирэхээ болих болно.
Харин хоёр дах эерэг шийдлийн тухайд бол “Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол ямар нэг хий хоосон дүрэм журамд баригдах шалтгаан төдийлөн байхгүй” л гэдэг санаа юм шүү. Эцсийн эцэст энэ бол чиний бие бөгөөд чиний хүсэл. Нэгэнт л хийхээр шийдэж байгаа бол хамгийн таагүй эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах аргыг бодож олчихоод, зоригтойгоор, муу юм бодолгүйгээр хийсэн нь дээр. Алинаар нь ч шийдсэн гэсэн “хоёрын хооронд” л байж болохгүй шүү.
1 Comment
BIG LIKE