Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

image011

Хүн болж төрөх, тэр дундаа эх хүн болох нь хорвоо дээрх хамгийн том аз жаргал, их хувь заяа байдаг. Иймээс ч эх, үр хоёрыг учруулах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа эмч нарын гавьяаг хүн бүр мартах учиргүй. Хорвоод мэндлэх гэж яарсан бяцхан иргэнийг хамгийн түрүүнд алгандаа өлгийдөн авч, айл гэрт баяр баяслыг бэлэглэдэг эгэлгүй энэ үйлстнүүдийн төлөөлөл болгож бид энэ удаа Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Х.Оюунгэрэлтэй уулзсан юм. 

oyunchimeg-emch-1Тэрээр 1987 онд Эх нялхсын төвд асрагчийн ажлаас гараагаа эхэлж, 1994 онд Анагаах Ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг их эмчээр төгсөөд өдгөө Клиникийн нэгдүгээр амаржих газар 15 жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Мөн 2003 оноос “Гурван Оюу эрдэнэ” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээ нээн ажиллуулж байгаа бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өөрийн гэсэн нэлээд үйлчлүүлэгчтэй болж амжжээ. Тус эмнэлэгт эмэгтэйчүүдийн бүх төрлийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ, оношлогоо хийхээс гадна жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгдөг байна. Түүнчлэн эмэгтэйчүүд төрснийхөө дараа ч хүүхдээ “Гурван Оюу эрдэнэ” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд тогтмол байлгадаг аж.

Энэ удаа бид Х.Оюунгэрэл эмчтэй эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог өвчнүүдийн талаар ярилцлаа. Харин дараагийн дугаартаа жирэмслэлт болон төрсний дараах эмэгтэйчүүдэд тохиолдож болох хүндрэлүүдийн талаарх Х.Оюунгэрэл эмчийн зөвлөгөөг хүргэх болно.

Үрэвсэлт өвчний үед эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй

-Сүүлийн үед манай эмэгтэйчүүдэд ямар эмгэг өвчлөлүүд элбэг тохиолдож байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчин их нэмэгдэж байна. Нэн ялангуяа өсвөр насны буюу нөхөн үржихүйн (18-35) насны эмэгтэйчүүд дээрх төрлийн өвчнөөр өвчлөх явдал цөөнгүй байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин эрүүл ахуйн дэглэмтэй салшгүй холбоотой. Мөн гэр бүлийн хүн болон найз залуугийн эрүүл ахуйн дэглэм, эрүүл мэндийн боловсрол ч тодорхой нөлөө үзүүлнэ.
-Тухайлбал?
-Трихомниаз, заг хүйтэн, мөөгөнцөр болон вирусын гаралтай ургацаг гэх мэт өвчнүүд элбэг тохиолдож байна.
-Бүсгүйчүүд бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчнөөр өвчиллөө гэхэд тухайн хүнд ямар нийтлэг шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Эмэгтэй хүн бүрийн үтрээнээс шингэн зүйл бага зэрэг ялгарч байдаг. Харин энэ нь ихсээд, өнгө нь хувирч, үнэр ороод загатнах, хорсох зэргээр тухайн хүнд зовиур илэрвэл эмгэг гэж үзнэ. Гэхдээ ийм шинж илэрсэн тохиолдол бүрийг өвчин гэж үзэхгүй л дээ. Зүгээр нянгийн гаралтай үрэвсэл ч байж болох юм. Эмэгтэйчүүд маань ямар нэгэн өвчин туслаа гэхэд заавал шинжилгээ өгч, тухайн өвчнийхөө үүсгэгч нь юу болохыг тогтоосны дараа эмчийн зааврын дагуу эмчлүүлэх хэрэгтэй.
Манай эмэгтэйчүүд өөрт нь өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрлээ гэхэд дур мэдэн хүчтэй эм хэрэглэх явдал их байдаг. Гэтэл энэ нь тухайн үедээ өвчин нь намдсан юм шиг өөрт нь санагдах боловч дотроо архагшсан байдаг. Ингээд эмэндээ дасал болсон өвчин эргээд эмчилгээ авахад хүндрэлтэй шүү дээ.
-Үрэвсэлт өвчнүүдийг үүсгэж буй шалтгаан нь юунд байна вэ?
-Үрэвслийн шалтгаан нь эрүүл ахуйн дэглэмээс гадна үр хөнлөлт маш их нөлөөлдөг. Иймээс хү­сээгүй жирэмслэлт болон гэр бүл төлөвлөлтийн асуудлыг зөв шийдэх хэрэгтэй.

Үр хөндөлт нь жирэмснээс хамгаалах арга биш

-Үр хөндөлт гэснээс сүүлийн үед уг үзэгдэл нийгэмд улам элбэгшиж байгаа. Үр хөндөлт хийлгэснээр хожим ямар хүндрэлүүд гардаг вэ?
-Үр хөндөлт нь жирэмслэлтийг таслан зогсоох арга болохоос бус, түүнээс хамгаалах арга биш. Үр хөндөлт хийлгэснээр тухайн эмэгтэйд ойрын болон хэтийн сөрөг үр дагавар илэрдэг. Ойрын гэдэг нь сарын тэмдгийн алдагдал үүсэх, үрэвслийн процесс үүсэх шалтгаан болдог. Харин холын үр нөлөө нь үргүйдэлд хүргэхээс эхлээд дахиж жирэмсэлсэн тохиолдолд зулбах, төрсний дараа цус алдах болон эхэс эмгэгээр бэхлэгддэг зэрэг маш олон сөрөг нөлөөтэй.
-Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийг насны ангиллаар нь авч үзвэл ямар байгаа вэ?
-Ерөнхийдөө нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд ихэвчлэн үр хөндүүлж байна. Эмч хүний хувьд миний хамгийн эмзэглэж явдаг зүйл бол хүүхэд гаргаагүй охид маань их үр хөндөлт хийлгэх болсон.
-Үр хөндөлтийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй янз бүрийн эмнэлгүүдэд хийх болсон. Энэ нь эргээд охид, бүсгүйчүүдийг эрүүл мэнд, амь насаар нь хохироох болсон. Тэгэхээр аборт хийх эрх бүхий албан ёсны эмнэлгүүд ямар байх ёстой юм бол?
-Үр хөндөлтийг хугацаанд нь хийх, ДОХ, мазок, арьс өнгө, чанд авианы шинжилгээг өгсөн байх хэрэгтэй. Хэрвээ уг шинжилгээгээр тухайн эмэгтэйд ямар нэг үрэвсэл илэрвэл заавал эмчилгээ хийлгэж байж үр хөндүүлэхгүй бол үр хөндөлтийн дараа хүндрэл гарч болзошгүй байдаг. Түүнчлэн эмнэлгийн нөхцөлд туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нараар хийлгэвэл эрсдэл багатай.

Жирэмснээс хамгаалах аргууд нь янз бүрийн нөлөө үзүүлдэг

-Жирэмснээс хамгаалах аргуудын талаар та манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
-Жирэмснээс хамгаалах бүх хэрэгслүүд хэдийгээр жирэмснээс хамгаалж буй боловч тодорхой хэмжээний гаж нөлөө болон сул талтай байдаг. Хэрвээ жирэмснээс хамгаалах эмийг буруу хэрэглэсэн тохиолдолд өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулж, сарын тэмдгийн алдагдлыг үүсгэдэг. Иймээс эм уух, тариа хийлгэх, ерөндөг, суулгац тавиулах гэх зэрэг жирэмснээс хамгаалах аргыг сонгох бол заавал нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмчтэйгээ ярилцаж байгаад биеийнхээ онцлогт тохирсон аргыг сонгох нь зүйтэй юм.

Гурван сард нэг удаа эмнэлэгт үзүүл

-Эмэгтэйчүүд ямар хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй вэ?
-Гурван сард нэг удаа урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол үзүүлэх ёстой. Мөн жилд нэг удаа эсийн шинжилгээ өгч хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй юм.
-Эцэст нь эмэгтэйчүүдийн эмчийн хувьд нийт охид, бүсгүйчүүддээ юу гэж зөвлөмөөр байна?
-Нийт эмэгтэйчүүдээ өвдсөн хойно нь бус өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж бай­гаасай гэж хэлмээр байна. Манай эмэгтэйчүүд дандаа өвчнөө хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг. Огт эмнэлэгт үзүүлээгүй 10 жил болсон хүн ч байдаг. Сүүлийн үед умайн хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний үрэвсэл болон хавдар, хавдрын урьтал өвчнөөр эмэгтэйчүүд маш их өвчилдөг болсон. Иймээс эдгээр өвчнүүдийг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж үзүүлэх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд эдийн засагт ч чухал ач холбогдолтой юм.

Өглөөний сонин

3 Comments

  1. Туяа says:

    энэ эмч улсын эмнэлэгт ажиллаж байж хувийнхаа эмнэлгийнхээ л хүнийг төрүүлээд яваад байсан тангарагдаа үнэн ч биш эмч бна лээв

  2. Lolipop says:

    Миний охиныг эх бариж авсан эмч байна. 🙂

  3. Beegii says:

    wow. neeree l boon humuus huuhdee avhuulaad baih yumaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.