Ер нь хүн ганцаараа байж үзэх хэрэгтэй. Жишээ нь ганцаараа амьдарч, ганц бие байж гэх гээд байна л даа. Яагаад гэвэл заримдаа хүмүүс бид хэтэрхий бусдаас хамаарч амьдраад сурчихсан байдаг. Би тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй, би ерөөсөө ганцаараа амьдарч чадахгүй гэсэн бодолдоо хүлэгддэг. Гэхдээ танд гэж хэлэхэд ганцаараа байна гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч ганцаараа байж өөрөө өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх цаг байгаад баярлах нь зөв шүү.
Гэвч энд нэг асуудал байна. Хүмүүс ганцаардах, ганцаараа байх хоёрын утгыг нэг мэт ойлгодог. Үнэндээ бид олуулаа байхдаа ч ганцаардлыг мэдэрдэг. Тэгэхээр ганцаараа байна гэдэг нь бүхэлдээ ганцаардаж байна гэсэн үг биш. Магадгүй өөртэйгөө байхдаа аз жаргалыг мэдрэхийг хэлж байгаа байх…
Хүнд ганцаараа байх тэр цаг хугацаа үнэ цэнэтэй. Ганцаараа байх нь утсаа цэнэглэх шиг өөрийгөө цэнэглэж байгаатай адилхан. Өөрийгөө илүү их ойлгож, цаашдын амьдралаа төлөвлөх боломж гарч ирнэ. Тэгээд ч хүмүүсээс хэт их зүйл битгий хүлээ. Яагаад гэвэл хүлээлт чинь талаар болж мэднэ. Дээр нь энэ л хүн намайг аз жаргалтай болгоно гэж бодох хэрэггүй дээ. Хэрвээ тэр хүн таныг аз жаргалгүй болговол яах вэ.
Дахиад таныг аз жаргалтай болгох хүнийг хайх уу? Тэр бол хайран цаг хугацаа…
Та ганцаараа ч гэсэн кино үзээд инээж чадна шүү дээ. Ганцаараа бие даагаад амьдарч чадна. Ганцаараа кофе ууж суунгаа амьдралын тухай олон зүйлийг эргэцүүлж чадна. Бас ганцаараа явж дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж чадна. Магадгүй өөртөө зориулж шинэ цомог эсвэл цэцэг худалдаж авч болно шүү дээ. Энэ яагаад тийм сонин, байж болшгүй зүйл гэж.
Яагаад миний аз жаргалтай байх эсэхийг хэн нэгэн шийднэ гэж?
Тиймээс ганцаараа байна гэхээс битгий ай. Магадгүй таныг ойлгодоггүй хүнтэй хамт байснаас ганцаараа ч гэсэн аз жаргалтай байсан нь дээр. Нэмж хэлэхэд хайрыг хүн хэзээ ч гуйж авдаггүй юм. Хэрвээ хайр таныг зовоож байгаа бол яахав зовоож л байг. Өнөөдөр танд ирээгүй хайрыг мянга гуйгаад яах юм бэ? Цаг хугацааны эрхээр бүх зүйл сайхан болох юм чинь. Харин ийм бороотай, бүрхэг өдөр ганцаараа гуниглаж суухын оронд өөрийгөө хөгжөөх ямар нэгэн зүйлийг бодож олоорой. Амжилт…
SOURCE: Үндэстэн агентлаг
1 Comment
Ugaasaa gantsaaraa l baisiishd …
baisaarl bgaashd ???