ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр удахгүй тохионо. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд энэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ халдварыг дэлхий дахинд 37.7 сая хүн авсан гэх тоон баримт бий. Тэдний 40 хувь нь энэ халдварыг авсанаа мэдээгүй байдаг аж. Харин бидний ихэнх нь ХДХВ/ДОХ-ын вирус авсан хүмүүсийн амьдрал үхлээр төгсдөг гэх буруу ойлголттой явсаар өнөөдрийг хүрчээ. Саяханыг хүртэл эмчлэгддэггүй өвчний жагсаалтад орж байсан энэ өвчин орчин үед эмчлэгддэг халдварт өвчний тоонд орсон.
ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол манай улсад анх 1992 онд манай улсад бүртгэгдсэнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шар хэвлэлийн халуун сэдэв нь болж байсан шиг энэ оны хоёрдугаар сард 15 настай охин ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэл жинхэнэ “дуулиан” болж, сошиал орчин төдийгүй зарим хэвлэл нүүр дүүрэн онцлон нийтэлж байсан саяхан. Гэтэл тэр хүүхдийн сэтгэлзүй үүнийг хэрхэн хүлээн авч байсныг хэлж мэдэхгүй юм. Магадгүй харанхуй ойд ганцаараа хаягдаад үлдсэн юм шиг айдас, ганцаардалыг мэдрүүлэхдээ амиа хорлох алхам руу нь түлхэж байгаагаа анзаараагүй болов уу. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан дунд хүсээгүй жирэмслэлт, амиа хорлолт эрс нэмэгдэх болсон нь цахим гадуурхал, гэр бүлийн таарамжгүй байдлаас үүдэлтэй болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Ялангуяа олон нийтийн цахим сүлжээн дэх “гадуурхал”-ыг өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй хүлээж авах чадваргүй байдаг аж.
ХДХВ/ДОХ-ын вирустэй хүмүүсийн сэтгэлзүйн “хямрал”
Нийгэмд энэ халдварыг тээсэн хүнийг хэн ч биш, бусдаас ондоо, үхлээс өөр сонголтгүй, бэлгийн замбараагүй харилцаатай гэсэн ойлголт түгээмэл. Тэд ч бас биднийг ямар нүдээр харж, хэрхэн дүгнэдэг нь сонин. Магадгүй өнөөдөр та бидний эргэн тойронд өөрийгөө ийм халдвар авсан гэдгээ мэдээгүй хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Хүний хамгийн эмзэг сэдэв болсон энэ өвчиний ард итгэлцэл, гэр бүл салалт, ажлын карьер зэрэг олон зүйл хамаарч байдаг. Тиймээс хэн ч өөрийгөө ХДВХ/ДОХ-ын верус тээгч гэдгээ эмч нарт хэлэхийг хүсдэггүй. Мэдээж үүний цаана айдас сүүдэр мэт дагаж явдаг учираас өнөөдөр зөвхөн 35 хувь нь илрээд байгааг эмч мэргэжилтнүүд онцолж буй. Харин үүнийгээ мэдсэн хүмүүс өөртөө эхлээд гутарч улмаар эргэн тойрны бүх хүмүүсийг үзэн ядаж эхэлдэг байна. Үүний нэгэн тод жишээ нь Италид нягтлан бодогчоор ажилладаг нэгэн эр Валентино Таллуто гэгч нь 50 гаруй эмэгтэйд санаатайгаар ДОХ-ын халдвар тараасан хэрэг юм. Тэрбээр үүнийхээ төлөө шүүхээс бүх насаараа хоригдох шийтгэл хүлээсэн билээ. Өнгөрсөн аравдугаар сард энэ хэрэг олон нийтэд ил болсон бөгөөд Таллуто нь 2006 онд өөрийгөө халдвар тээгч гэдгээ мэдсэн цагаас хойш охид эмэгтэйчүүдийг сошиал сүлжээгээр ангуучилдаг байсан аж. Тэр эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орохдоо ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгсөн, бэлгэвчнээс харшилтай гэж татгалздаг байсныг хохирогчид шүүх хурлын үеэр хэлжээ. Харин Таллуто шүүх хурлын үеэр “Бэлгийн харилцаанд орсон эмэгтэйчүүдэд санаатайгаар ДОХ-ын халдвар тараагаагүй. Үүнийгээ мэдээгүй” гэж хэлсэн байдаг. Хохирогчдын хамгийн залуу нь 14 настай охин юм. Тэгвэл манай улсад 1990-д оны үед халдвар авсан нэгэн эрэгтэй хэлэхдээ “Халдвартай хүн харъя гэвэл хар л даа. Би та нартай л адилхан хүн. Зарим хэвлэлүүдэд ХДХВ/ДОХ-той хүнийг турж эцсэн, нүднийх нь гал цог унтарсан, ганцаардсан гэж дүрсэлдэг. Харин ч би эмээ уугаад таргалчихсан, бусадтай л адил 20 гаруй жил эрүүл саруул болоод амьдарч байна. ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1990-д оны үед бүртгэгдсэн тэр цагт хэвлэлүүд яг тагнуулч шиг халдвартай гэсэн хүн болгоныг мөрдөж мөшгин ямар эмчтэй уулзахыг хүртэл тагнаж байсан нь их хэцүү байсан. Анх өөртөө гутарч хямарч байсан. Одоо бол би ирээдүйд дахин нэг хүүхэдтэй болохыг зорьж байна” гэсэн юм.
“Бэлгэвч”-инд найдаж болох уу?
ХДХВ/ДОХ-ын халдварыг нэг л удаагийн санамсаргүй тохиолдолын бэлгийн харилцаа, бусдад гоё харагдах гэсэн хүслээр хөмсөг шивүүлж, шивээс хийлгэх, эрдэнэт хүний заяаг олж төрсөн нялх хүүхэд гээд хэн ч тусч болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн бохир зүү тариур, хамгаалалтыг буруу хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн харилцаанд орох, цусаар дамжиж хүнд маш хурдан халддаг аюултай. Гэхдээ бэлгэвчийг ямар ч тохиолдолд хэрэглэх нь хамгийн найдвартай арга боловч зөв хэрэглэх нь маш чухал гэдгийг эмч нар зөвлөж байгаа. Барууны орнуудад хүүхдэд багаас нь ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг өгч, бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэхийг зааж өгдөг, амьдралынх нь хэвшил болсон байдаг бол Япончууд мөн ялгаагүй энэ өвчнийг халдварт өвчний нэг болохыг хүүхдүүдэд багаас нь ойлгуулдаг байна. Харин манай улсад Ерөнхий боловсролын сургуулиудад дунд ангиас нь эхлэн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан заадаг байсан бол өнөөдөр энэ хичээлийг боловсролын системээс хасаад байгаа. Хэдийгээр хүн бүр бэлгэвч хэрэглэх ёстой гэдгийг мэддэг боловч хүнсний мухлаг, түц, зочид буудал зэрэг газраас хадгалах хугацааг нь харж авалгүй, хэрэглэхдээ цоолсоноос болж янз бүрийн эрсдэл үүсдэг аж. Иймд зөвхөн зориулалтын газраас буюу “эмийн сан”-гаас авахдаа хадгалах хугацааг нь харах зайлшгүй шаардлагатай юм.
ХДХВ/ДОХ-ын шинжилгээг яагаад өгөх хэрэгтэй вэ?
Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг үнэ төлбөргүй 84 төв ажилладаг. Иргэдийн хувьд жилд нэг удаа шинжилгээнд зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр эрсдэлээс өөрийгөө хамгаалах томоохон алхам гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Өнөөдөр уг шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хувьд жирэмсэн эмэгтэйчүүд болон гадны орнуудад сурч, хөдөлмөрлөхөөр явах гэж байгаа иргэд, төрийн албан хаагчид хамрагдаж байгаа нь зорилтод түвшинд хүрэхгүй, асуудлын гол болж байгаа аж.Энэ өвчний 70 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй, нуугдмал шатанд байдаг учираас халдвар тээгч гэдгээ мэдээгүй маш олон хүн байх магадлалтай юм байна. Тухайлбал, 10 гаруй жилийн дараа өөрийгөө халдвар тээгч гэдгээ мэдсэн тохиолдол гарч байсан бол орон нутагт ийм өвчтэй гэдгээ мэдсэн ч ам дамжсан хүмүүсийн ярианаас айхдаа эмчилгээнд хамрагдаж чадахгүй явсаар үргүйдэлд хүрсэн тохиолдол цөөнгүй гарч байсан гунигт түүх бий.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ДОХ-ын халдварыг 20 насандаа аваад тэр даруйд эмчилгээнд хамрагдсан хүний наслалт 70 хүрдэг. Харин эмчилгээнд хамрагдаагүй бол 42 насална гэсэн албан тоо бий. Тиймээс шинжилгээнд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ учирч болох аюулаас хамгаалж байгааг ухамсарлах нь зүйтэй юм.
Дэлгэрцэцэг
SOURCE: uptown.mn
2 Comments
ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр удахгүй
Эрэгтэй байсан бол тайган болно. Эмэгтэй юм чинь гэлэнмаа л болдог байхдаа ххэ.