Манай улсад ДОХ-ын 58 дахь тохиолдол бүртгэгдсэн. ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн ихэнх нь ижил хүйстнүүд байгаа тухай мэдээлж байсан.
Ер нь сүүлийн жилүүдэд охид залуусын дунд бэлгийн замын өвчлөл ихсэж байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярих болсон. Эрчүүдийн дийлэнх хувь нь түрүү булчирхайн өвчтэй болж, эмэгтэйчүүд өндгөвч, савны элдэв өвчнөөр шаналах болжээ. Жирэмслээд хувийн эмнэлэгт хандаж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь бэлгийн замын үрэвсэлт өвчлөлтэй байдаг аж. Нэгээс нөгөөд халдах болон халддаггүй гэж энэ төрлийн өвчинг ангилдаг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэгээс нөгөөд халдах өвчлөл эрс ихсэж байгаа аж. Залуусын дунд трихомназ, заг хүйтэн, хламид, элэгний В вирус халдварт шараас эхлээд сүрьеэ өвчин хүртэл бэлгийн замаар халдварладаг байна.
Манай оронд энэ төрлийн 20 гаруй өвчин бүртгэгдсэн байдаг гэнэ. Дээрх төрлийн өвчин хамгийн тархалт ихтэй аж. Бэлгийн замын өвчлөл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зааж, багаас нь энэ талаар мэдлэг олгож өөрийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох хэрэгтэй. Мөн өсвөр насны залууст бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олгож, энэ талаар сургалт сурталчилгаа ихээр явуулах нь зүйтэй юм. Өсвөр насныханд зөвлөгөө тусламж дэмжлэг үзүүлэх мэдээллийн төв харьцангуй бага байдгаас тэд хэн нэгний шахалтаар бэлгийн харьцаанд орж өөрийгөө, ирээдүйгээ балладаг аж.
Бэлгийн замын халдварт өвчин туссан эсэхээ мэдэлгүй удсаны улмаас амь насаа алдах, тахир дутуу болох ч тохиолдол бишгүй гардаг байна. Энэ төрлийн өвчний шинж тэмдэг маш бүдэг хожуу илэрдэг байна. Заг хүйтэн, трихомназ өвчний шинж тэмдэг хурц илэрдэг гэнэ. Харин бусад үүсгэгч нян хүний биед халдвар тээгч байдлаар удаан явах нь ч бий. Тэр дундаа эмэгтэй хүний биед онцын өөрчлөлт өгдөггүй байна. Нян нь бэлгийн хавьтлын дараа харьцаанд орсон нөгөө хүнд нь мэдэгддэг хэрнээ халдвар тээгчид огт мэдэгдэхгүй ч тохиолдол байдаг гэнэ. Ийм болохоор эмэгтэйчүүд гурван сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Биед ямар нэгэн өөрчлөлт орвол хүмүүс эмчид биш ихэвчлэн найз нөхөддөө хандаж янз бүрийн эм уудаг. Хүчтэй антибиотик уусны улмаас өвчний шинж тэмдэг алга болдог байна. Үүнийг нь эдгэрчихлээ гэж эндүүрдэг аж. Гэтэл өвчин улам сэдэрч цаашдаа биеийн эсэргүүцэл суларч, даарах, сэтгэл санаагүй тавгүй үед үүсдэг байна.
Бидний дунд эмэгтэй хүн доороосоо даарах муу гэсэн ойлголт байдаг. Үнэндээ өвчин үүсээгүй харин даарах үед хүний биед байгаа өвчин сэдэрч зовиурладагтай холбоотой аж. Ямар ч өвчнийг эхний шатанд нь эмчлүүлбэл зардал багатайн дээр эмчилгээ хийхэд ч харьцангуй хялбар зовлон багатай. Гэтэл бид дур мэдэн эм хэрэглэж, бусдын зөвлөснөөр олон янзын эмчилгээ хийсээр өөрсдийгөө улам хэцүү байдалд оруулдаг. Мөн ахуйн болон хувийн ариун цэвэр муу сахиснаас болж бэлгийн замын өвчин тусдаг аж. Халуун бүгчим, чийглэг орчинд бүх төрлийн нян бактери өсөн үрждэг. Тиймээс саун, халуун усны газар зэрэг газраар үйлчлүүлэхдээ өөртөө дээд зэргийн анхаарал тавих хэрэгтэй.
Манай орны 35 хүртэлх насны залуусын 70 хувь нь бэлгийн замын өвчтэй гэсэн судалгаа байдаг аж. Судалгаанд оролцсон залуус л ийм дүн гарахад нөлөөлж байгаагаас биш цаана нь олон залуу байгаа. Он гарснаас хойшх эхний дөрвөн сарын байдлаар бэлгийн замын халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгджээ. Мөн тэмбүү, заг хүйтэн, трихомназ зэрэг халдвар 15-35 насныхны дунд хамгийн ихээр тархжээ. Жилд дунджаар 10 мянга гаруй хүн бэлгийн замын халдвараар өвчилдөг гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Оюутны холбоо, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран их дээд, сургууль коллежид суралцаж байгаа оюутнуудыг үзлэгт хамруулсан билээ. Хоёрдугаар дамжааны оюутнуудыг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинжилгээнд оруулсан аж. Шинжилгээнд 6170 оюутан хамрагдсанаас 400 оюутан бэлгийн замын халдварт өвчтэй нь тогтоогдож байсан. Харамсалтай нь эдгээр оюутнууд бүгд эмэгтэйчүүд байжээ. Ингэхлээр охид эмэгтэйчүүд хувийн ариун цэврийг сайтар сахиж, аюулгүй бэлгийн харьцаанд орохын тулд хамгаалалт хэрэглэж байхыг санахад илүүдэхгүй.
Нийгмийн толь
3 Comments
гонро тусцан яах вэ
хамгаалалт хамгаалалт хамгаалалт болсон хойно нь биш урьдчилан сэргийлэх л хэрэгтэй
аандаа ч бий гоондоо ч бий байх аа, манай хувийн эмнэлэг нэртэй хогийн газрууд эмчилчихлээ одоо зүгээр болсон гэж явуулаад хүмүүсийг их алдаг гэж боддог, намайг лав хичнээн удаан тарчлаасан гэж бодно, гадаадад явж байхдаа бүрэн эмчлүүлж зовлонгоосоо салсан шүү.