30 нас хүрэхийн учир…

УХААРАХЫН УЧИР

“Жаахан гэрэлтэй хүн 30 нас хүрэхэд ухаан сууж эхэлдэг юм даа” хэмээн буурал өвөө минь ярьдаг байсан тухай ээж минь дурсдаг. 20 нас хүртэлээ аав, ээжийн хайр халамжинд хөлбөрөн байлаа. 30 нас хүртэл бие даан амьдрах гэж хэсэгтээ л хичээлээ. Ихэнх зүйл анхны гэсэн тодотголтой байсан учир туршилтынх ч гэмээр юм уу, алдаж оносон зүйл зөндөө байлаа. Өөртөө би онц дүн тавихгүй ч муу дүнг хэзээ ч тавихгүй ээ.

ХАЙРЛАХЫН УЧИР

Хамгийн аугаа их хайр бол биенээс минь бие болон тасарсан үрээ хайрлах хайр юмаа гэдгийг мэдэрлээ, мянган учрын шалтгааныг ганцхан үр минь тайлж өглөө. Жаргах зовохын учирт, өөдөлж уруудахын цагт үргэлж дэргэд минь байдаг гэр бүл минь хайрын дээд хайр юм. Эр хүнээр хайрлуулна гэдэг нь өгсөн хайрынхаа хариуг авах бус авсан хайрынхаа хариуг өгөхийн нэр юм шиг ээ. Олноор хайрлуулах нь цаг зуурынх бөгөөд хамгийн хэврэг бөгөөд хамгийн хүсэмжит хайр гэж бодогдлоо.

МӨРӨӨДӨХИЙН УЧИР

Хүүхэд насны гэнэн цагаахан сэтгэлд минь сийлэгдсэн мөрөөдөл одоо ч надтай хамт амьдарсаар, хөгжсөөр байна. Үндэстэй мод ургадагын адилаар мөрөөдөлөөс минь амилсан хүсэл зорилгоо амьдралын, амжилтын тарни болгон хичээдэг. Мөдөөрөл, зорилго бол бидний хязгааргүй уудам тэнгэрт дүүлэн нисэх далавч, хүч билээ. Түүнгүйгээр юуг ч эс үйлдэнэ.

ХӨДӨЛМӨРЛӨХИЙН УЧИР

Ямар нэгэн зүйлийг ямар нэгэн зүйлтэй хослуулах нь миний хамгийн чухал хөдөлмөрийн зарчим билээ. Олноос онцгой амжилт гаргаад, үеийн заримтайгаа харьцуулахад тэртээ хол явж чадаагүй байгаа ч гэлээ, хоцорчлоо доо гэх харамсал алга, гүйцэж төрүүлэхэд хугацаа гэж байдаг тухай аав минь дандаа захидаг. Юутай ч хийсэн, бүтээсэн зүйлтэй амьдрана. Би хэдий чинээ хөдөлмөрлөнө төдий чинээ гэр бүлийнхэн минь амьдрах юм байна.

НӨХӨРЛӨХИЙН УЧИР

Залуу насанд зорилго нэгтэй, суралцах зүйл ихтэй олонтой нөхөрлөх нь амьдралын сургууль гэдэгт нь суралцаж буйтай агаар нэгэн. Хойшоо татдаггүй, урагшаа түлхдэг байх нь нөхөрлөлийн үнэ цэнэ, жаргах зовохын учир үргэлж хамт байх нь нөхөрлөлийн үнэ цэнэ, өгсөж уруудахын цагт нэг л зангаараа байх нь нөхөрлөлийн үнэ цэнэ юм билээ.

ЗОВОХЫН УЧИР

Аав, ээж, үр хүүхэд эрүүл саруул, гэр бүл минь бүрэн бүтэн байхад зовохын тухай ярих нь алдас болох юм билээ. Ээ дээ, өвдөх л зовлон шүү, бусад нь юу ч биш, даваад л гарна. Залуу насанд минь ташуур өгсөн хоромхон цаг хугацаанд би талархаж явах болно. Угтаа би тэр үед өөрийгөө зовж байна, бүдэрчихлээ гэж бодож билээ. Гэтэл тэр нь зүгээр л амьдрал надад өгсөн ташуур байжээ гэдгийг ухаарсан.

ЖАРГАХЫН УЧИР

Одоо байгаа амьдрал минь өөрөө жаргал юмаа, дэргэд минь байгаа хайрт хүмүүс минь жаргалын элч юм. Энэ жаргал заримдаа нулимтай, тэр яах вэ хатна, заримдаа харамсалтай, тэр яах вэ эргээд ирнэ. Эрээн бараан бүх зүйл өнгө холилдон орших нь амьдрал юм, энэ бүхнийг мэдрэх нь ЖАРГАЛ юм.

Би бүх зүйлийг хувь тавиландаа найдсан, дэгэж дэрвэсэн бяцхан охин биш боллоо. Үнэн худал, сайн муу, орших эс орших, итгэх үл итгэхийн үнэ цэнийг мэднэ.

Тиймээ, би 30 нас хүрлээ…
Амьдралын минь оршил үе өнгөрч, өрнөл үе рүүгээ орж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.