Байрны минь гадаа зун болохоор л жаахан хүүхдүүдийн инээд хөөрөөр өдөржин жаргалтай гялалздаг шаргал элсэн дээр анхныхаа гэмт хэргийг үйлдсэн юм. Тэнд л би Цэцнээгийн үнэ цэнтэй бүхнийг өөрийн цуст гараар үгүй хийж, мөрөөдлийг нь нухчин дарсныхаа эцэст амийг нь тасчин авч цэвэр ариун цогцосноос нь чөлөөлж билээ. Инээмсэглэл. Ердөө түүний инээмсэглэл, энэ элсний гялтагнах хоёроос л миний хайр үүссэн хэрэг.
Орж буй борооны дуслууд цонх мөргөн үйрэхэд уруулан завсар минь хүйт амтагдах зэврүүн үдшүүд надад хайр дурлал өгдөг байлуу? Ямартай ч золиос ирж зүрхийг минь улайссан төмрөнд хайрч эхлэхээс өмнө шарсан махны үнэр хамар цоргидогсон. Үнсэн саарал зүрхээ тэр охинд нэг нэгээр нь сэрээдэж өгөхөөр мөнгөлөг чинжаалаар нарийхан хэрчиж байхдаа ч би түүнийг хүсдэггүй байсныгаа хэзээд эр зоригтойгоор батлан өгүүлж чадна.
Ингээд гоо үзэсгэлэнд хайргүй надад жаахан охины өрөөсөн нүдийг нь гээчихсэн жижигхэн хүүхэлдэйг хулгайлах хүсэл төрж билээ. Тэр хүүхэлдэй үргэлж нүцгэн байдагсан. Харин миний дүү хүүхэлдэйгээ их л ганган хувцаслах бөгөөд, үсийг нь шатаачихаад аавыг шинэ тоглоом авч өгтөл дөрвөн шөнө тасралтгүй уйлж байсан юм даг. Гэтэл түүний хүүхэлдэй үргэлж нүцгэн байна. Магадгүй агуу их хаан Александр энэ хүүхэлдэйнд дэлхийн хамгийн тансаг хувцас оёж өгөх санал тавивал Цэцнээ нүцгэн тоглоомоо ардаа нууж байгаад Диогенийх шиг хариулт хэлэх байсан гэдэгт би бүрэн итгэнэ. Энэ орчлонд ирснээсээ хойш огтхон ч нар салхи үзээгүй мэт тас хар үстэй, давхар ургачихсан шүд шиг урт соёотой, том хүрэн нүдтэй тэр охин жинхэнэ Афридота байсан. Тиймээс л багаасаа булшны чулуу хараад сэтгэл нь догдолдог байсан надад яаж ч таалагдах билээ. Би түүнд дурлаж орхисон уу, аль эсвэл хүүхэлдэйг нь авч Диоген мэтээр сэтгэн ярилцаж суухыг хүсдэг байсан уу? Ер мэдэхгүй.
Шөнөжин элдвийн зүйл төлөвлөж нойр нь хулжсан чөтгөрийн зулзага маргааш нь бяцхан, нүцгэн, өрөөсөн нүдэтийг хулгайлж орхилоо. Хулгайлсан ч үгүй, зүгээр л цааш эргэх хооронд нь шүүрч энгэртээ тэврээд буцаж харахад нь “Би үүнийг чинь авлаа, шатаачихаад чандрыг нь гоёмсог хайрцагт хийж өгнө” гэж хэлэв. Тэгээд зугтаачихсан. Их л сэтгэл хангалуунаар нөгөө нүдийг нь ухаж аваад нурсан балгасанд орж, мөчир цуглуулан гал асаав. Миний нуугддаг оромж энэ юм л даа. Одоо яг юу хийх ёстойг чөтгөр л надад зааж өгөхгүй бол бурхан хүчрэхгүй мэт санагдаж байв. Гэвч би удаанаар атгаж зогсон, одоо бол бүр сохорчихоод байгаа нүцгэн хүүхэлдэйг, сэтгэлд минь сэмхэн дурлалын гал асаасан, дуртай зүйлээ хийхийн тулд сүнсэн биеэ огтхон ч хүндэлдэггүй тэр охины төлөө гал руу шидэж орхив. Аяа!…, галд хуйхлуулсан зүрхний минь шарагдалгүй үлдсэн улаан судал, сэтгэлийн минь ариун Диоген. Чиний төлөө би арван тамд унах, атгаалжин хар мангасын толгойг ургуулах шидэт тарни шулам эмгэнд шивнэн хэлэхтэй дүйцэхүйц цуст нүгэл үйлдэж билээ.
Харин маргааш нь хар хуудастай олон номоо зарж авсан гоёмсог хайрцагт хүүхэлдэйн чандрыг моддын сүнстэй хаман хийгээд энгэртээ тэвэрсээр байрных нь үүдэнд очиход түүний цонхноос хар үүлс нүүн гарч байсансан. Нэлээд хэд хоногийн дараа гоёмсог хайрцагт түгжигдсэн хүүхэлдэйн сүнсийг суллаж эзнийх нь араас илгээхээр шийдлээ. Агаарт хөвөх улаан хүрэн сүнс над руу өшөө хорслын нүдээр шунаглан ширтэхийг үзээд дотор уужирч амьсгалахтай болов. Яагаад гэвэл би маргааш ч амьд байх болно гэдгийг хүүхэд насанд минь өгүүлшгүй их гаслан, гуниг, цөхрөлийн дээдийг олзлон авчирсан тэр л өдрүүдэд ойлгосон юм.
Хайрын түүхүүд жаргалтай эхэлж жаргалтай төгсдөг. Гэхдээ бүгд биш л дээ…
Б.Алтанхуяг (2014 он)