Утсаа ширтээд, дуудлага ирэх бүрт найдлага тавин харах боловч яагаад ч юм “Уулзмаар байна” гээд хэлчихдэггүй найз залуутай байх хэцүү шүү. Хүлээж ядаад өөрөө дандаа түрүүлж хэлдэг биз дээ. Хайрлаж дурласан залуу чинь түрүүлээд “Уулзмаар байна, уулзахыг хүсч байна” гэж хэлвэл хэчнээн их баярлах билээ. Тэгвэл тийнхүү бодуулах арга ухаан гэж байдаг байх нь ээ.
1. Найз залуу чинь чиний тухай бодох шалтгааны тоог нэмэх
Номын сангаас зээлсэн номоо хугацаанд нь буцаахын тулд хүн байнга санаж байдаг шүү дээ. Үүний адилаар хамтдаа ямар нэг зүйл хийхээр төлөвлөх юм бол найз залуу чинь төлөвлөгөөгөө бодох бүртээ чамайг санах болно. Гэнэтийн бяцхан бэлэг барих, төрсөн өдрөөр нь хэлсэн сайхан үг зэрэг нь хүний сэтгэлд үлдэж, эргэн бодогдож инээмсэглэл тодруулдаг тул тэр боломжуудыг ч бас битгий алдаарай.
2. Үгийн сонголтондоо анхаарах
Ханиад хүрээд, эсвэл ядраад ч юм уу гэртээ үлдсэн найз залуудаа санаа тавин зурвас илгээдэггүй охид байхгүй биз ээ. “Сайн амраад аваарай” “биеэ сайн тордоорой” “хурдан эдгээрэй” гээд л илгээж орхино. Харин үүндээ “ЗААВАЛ” гэдэг үгийг нэмээд нэг үзээрэй. Хамгаас их хайрлаж буй түүнийгээ үнэн сэтгэлээсээ хурдан эдгээсэй гэж хүсч байгааг энэ үг илэрхийлж чадна. Тиймээс ч заавал хурдан эдгээд, түүндээ очиж уулзахсан гэсэн хүслийг, хүчийг найз залууд тань төрүүлэх болно оо.
3. Өөрөө түрүүлж холбоо барихгүй байх
Үргэлж өөрөө эхлээд холбоо барьдаг охидын хувьд энэ арга төгс үйлчилнэ. Юу юугүй утсаа шүүрээд авмаар санагдаж байсан ч жаахан тэвчээрэй. Байнга байсан зүйл гэнэт үгүй болоход уйтгарлаж, тавгүй байдлыг мэдэрдэг нь хүний сэтгэл зүйн дотоод зарчим бөгөөд үүнд тулгуурласан аргыг хэрэглэхийг санал болгож байна. Найз залуу тань гэнэтхэн алга болчихсон таныг санаж залгаад, дуу хоолойг тань сонсмогцоо хурдхан л уулзая гэж бодох болно. Ер нь үргэлж л та түрүүлж залгах ёстой мэт бодогдуулж болохгүй шүү.
4. Найз залуутайгаа байхдаа үргэлж инээмсэглэхийг хичээх
Хүнд гуниглаж, сэтгэлээр унах үе гаралгүй л яахав. Найз залуутайгаа уулзмагцаа тэр бүхнээ уудлахыг хүсэх нь мэдээж. Гэхдээ гуниглалаа гээд уйлж дуулахын оронд илүү хөгжилтэй зүйл ярьж, дараа нь бодоод дахиад уулзах юмсан гэж хүсмээр сайхан болзоо болгох хэрэгтэй. Болзоот залуу чинь чиний хөөрхөн инээмсэгллээс эрч хүч авч, хурдхан уулзахыг хүсэх тул инээмсэглэлээ битгий мартаарай. Маргалдсан үедээ ч уур уцаараа түр азнаад, эв зүйгээр ярилцахыг чухалчилж бай. Сайн найз охин байна гэдэг амаргүй. Гэхдээ хайртай түүнийхээ хувьд хамгийн чухал орон зайг эзэлж байгаагаа санаж, бага багаар төгс төгөлдөр лүү тэмүүлээрэй.
5. Ертөнцийг үзэх үзэл тань ойролцоо байх
Дуртай хоол, үзэх дуртай кино… Уйтгарлах, сэтгэл хөдлөх, баярлаж хөөрөх мэдрэмжүүд… Ертөнцийг үзэх үзэл тань төстэй бол хамтаа илүү олон цагийг өнгөрөөж чадна. Харин тэс өөр хүн бол таны дуртай киног эвшээлгэн үзэж, баярлаж хөөрөхөд чинь бараг л ойлгож чадахгүй. Асуудлыг үргэлж ялгаатайгаар хүлээн авах тул урт бат бөх харилцаа үүсгэж чадахгүй нэг шалтгаан болдог. Тиймээс үерхэхээсээ өмнө шинжиж сонгох хэрэгтэй.
6. Амьдралын хэмнэлээ зэрэгцүүлэх
Тус, тусын ажил сургууль гээд уулзах цаг зав тэр бүр тохирохгүй. Амралтын өдрөөр уулзах гэтэл тэр ч найз, энэ ч клуб гээд явчихвал аяндаа л хөндийрч орхино. Бүсгүй та илүү уян хатан байж, түүнийхээ цагийн хуваарьт тохируулан уулзахын тулд багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү.
7. Сайн эрхэлж байх
Өхөөрдөм аашаа үзүүлж, түүнийхээ л дэргэд байхдаа сайн эрхэлж байгаарай. Өөр хэнд ч биш өөрт нь л харуулдаг тэр эгдүү хүрэм төрхийг санахдаа эрчүүд үргэлж жаргалтай байдаг. Ямар ч хатуу, төмөр мэт эмэгтэй хайртай хүнийхээ дэргэд л эрхэлж, нялхардаг гэдэг үнэн шүү.
Танд таалагдсан уу? Нэг ч гэсэн хэрэгтэй зүйлээ олж уншиж чадав уу? Мэдээж өөрийгөө хайрлуулахын тулд чармайлт гаргах хэрэгтэй ч бие биедээ үнэхээр сайн бол хэтэрхий их хичээхгүй байсан ч аяндаа болно доо. Чамайг хайрлах нэгэнтэй учирч аз жаргалтай амьдралыг бүтээгээрэй.
2 Comments
Yern bl uzel sanaa niildeg bhd l tuvuggui shude.
Хамгийн чухал нь 5. Энэ нь зөвхөн эмэгтэй хүний асуудал биш, эрэгтэй хүн ч гэсэн эхнэрээ сонгохдоо энийг анзаарахгүй бол 5 байхгүй бол бусад нь байгаад ямар ч хэрэггүй. Ямар чихмэл тоглоом биш, ямар гэрийн тэжээмэл амьтан биш дээ. 5 байвал хүчээр дөрвийг хийх албагүй. Зургааг зохицуулах шаардлагагүй… АНДУУРЧИЖ ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л Найз залуугаа “Уулзмаар байна” гэж хэлүүлэх 7 арга ЮМ БАЙНА ШД. АРАЙ ГҮН БОДЧИЖ 🙂