Хардалт бол хамгийн хүчтэй сүйтгэлтэй эрүүл биш сэтгэлийн хөдөлгөөн юм. Ихэнх хүмүүс хардалтыг хэн нэгийгээ хайрлах хайр дурлалын хэмжүүр мэт үздэг. Нөгөөтэйгүүр хардахгүй байх нь халамж анхааралгүй мэт ойлгогддог бөгөөд өөртөө итгэлгүй байгаа зарим хүн ханийн хайрыг сорьж үзэхийн тулд хардуулах гэж янз бүрээр оролддог аж.
Хардалт дурлалын илэрхийлэл биш
Харин ч хайр дурлалыг алдахаас айсан түгшүүр мөн. Ухаалаг биш байнгын хардалт нь таны ханьдаа итгэхгүй байгааг илэрхийлэхээсээ илүү өөртөө итгэдэггүйг харуулж буй хэрэг. Тодруулбал, өөрсдийн нандин холбоондоо итгэдэггүй гэсэн үг. Харддаг хүмүүс ханийнхаа ямар ч тайлбарт итгэдэггүй. Тийм болохоор “Түүнд өөр хүн бий” гэдэг улигт үзэн ядах бодлоос салж чаддаггүй.
Хардалт хэзээ утга учиртай байдаг вэ?
Хардалт таны хамгийн үнэт, эгэл биш зүйлээ алдахаас айсан аймшиг юм.
Та бүхэнд толилуулж буй доорх тэмдэглэл таны болон ханийн тань одоогийн хардалт зөв эсэхийг ойлгох, таны ой ухаанаас энэхүү таагүй үйлдлийг үлдэн хөөхөд тус болох болов уу?
- Мэдээж таны ханийн ааш зан сүүлийн үед нэг л сэжигтэй өөрчлөгдвөл танд хардах сэтгэл төрнө. Ялангуяа амьдрал нь төвхнөсөн эмэгтэйн заншил, ааш араншин санаандгүй, мэдэгдэхүйц, ойлгомжгүйгээр өөрчлөгдвөл сэжиг төрөх нь зүйн хэрэг билээ. Батлагдсан батлагдаагүй баримт цуглахын хэрээр сэжиг улам лавшрах нь мэдээж. Ийм үед ханьдаа урьдчилан сануулж, сэтгэл тавгүй байгаагаа өөрөөр хэлбэл, хардаж байна гэдгээ сануулахыг хэн ч үгүйсгэхгүй.
- Хайртай эмэгтэй тань дэргэд чинь хэн нэгтэй илт аальгүйтвэл танд эвгүй бөгөөд хардах сэтгэл төрөх биз. Та түүнд энэ нь тэнэг хэрэг гэдгийг хэлэх бүрэн эрхтэй. Уг нь найз эмэгтэй тань ингэснээр таныг гомдооно гэж санаанд ороогүй ч байж мэднэ. Эсвэл таны хайр дурлалыг шалгах буюу танд гомдсоноо илэрхийлэхийн тулд өдөөн хатгаж байж болох юм. Ямар ч шалтгаан байсан ийм үед бодол сэтгэлээ ил хэлэх нь танд ашигтай.
- Хэрэв өөрийгөө сул дорой, донгио, араараа тавиулсан гэж бодож харддаг бол ямар ч утгагүй юм. Бүсгүй танаас хол өнгөрөөсөн хугацаандаа юу хийж байсан тухай байнга асууж шалгаан хашраах, “Надаас гадна нэг хүн бий” гэсэн сэжиг дээр үндэслэсэн хардлага бол эцсийн эцэстээ зэвүүцэл төрүүлдэг. Хэрэв таныг хуурч болох ултай үндэслэл үгүй бол түүний үнэнчийг үгүйсгэх баталгаа олно гэж цүнх, хувцсыг нэгжих нь ухаалаг хэрэг биш юм.
- Хэрэв та өнгөрсөн юмыг байнга сөхөж харддаг бол маш ухаангүй хэрэг. Тантай ойртож танилцахаас өмнө мэддэг, таньдаг, хайрладаг байсан хүмүүстэй бүү хард. Одоо тантай хамт байгаа нь түүний хайр дурлалын хангалттай баталгаа билээ. Хэрэв та өнгөрсөнтэй нь харддаг бол үүнийгээ дотроо хадгалж яваарай!
- Та хэзээ ч хардсанаа илэрхийлдэггүй бол мэдээж ухаалаг хүн бололтой. Гэвч таныг гомдоох юм уу, та хоёрын холбоонд цав суулгаж болохоор зүйл үйлдвэл дуугүй байгаад байсны хэрэггүй. Энэ тухай ханьтайгаа нухацтай ярилцах л хэрэгтэй.
- Хэрэв танд хардах сэтгэл огт төрдөггүй бол та өөртөө их итгэдэг бөгөөд өөрсдийн харилцаанд маш итгэлтэй байх нь ээ. Эсвэл та найзаа алдахаас ч айдаггүй, түүндээ төдий л анхаарал халамж тавьдаггүй бололтой.