Өмнийн цэнхэр говь Галба, Хүрмэнгийн нутгаар…

0a55aa32bd9f2ab8

Их хурлыг сандаргасан “Ирак толгой”

Алт гэдэг “Өртэй бол өрийг чинь даръя, өргүй бол өөрийг чинь авъя” гэдэг амтай үнэт металл гэлцэнэ. Ирак тэргүүтэй толгод руу дөхөж явааг хаа холоос мэдэхээр “зам” зурайжээ. Говийн дагжуур хөрсөнд гарсан машин техникийн мөр эдгэрсэн ч нинжа нарын хоосолсон хямдхан архины лонх гуу жалгаар нэг үргэлжилнэ. Энэ лонхон-замыг дагаад яваад байхад төөрнөө нэг байхгүйгээр нинжа нарын сүйтгэсэн газарт очих юм билээ. Уг нь байгаль хамгаалагчид тухайн орчныг цэмбийтэл цэвэрлэсэн ч жалгаар нэг тарсан архины шил, хуванцар савнууд нэг л борооны уруугаар хөндийн их зам дагуу хөглөрчээ. Кувейт, Багдад толгой дээр очлоо. Нинжа нарын ухсан нүхнүүдийг “оршуулж” эрүүл сайхан хөрсөөр өнгөлөн хучжээ. Энэ хоёр толгой бол хоорондоо 100 хүрэхгүй метр зэргэд оршино. Харин Ирак толгой нь өмнө зүгт хоёр километр зайтай. Бэллэн үргэлжлэх бусад толгодоосоо өндөр байсан гэх хөөрхий энэ толгой одоо сүр бараа муутайхан. Жилээс жилд цаашид жижгэрнэ. Яагаад гэвэл хэвлийгээ ухуулж, дахин тийш нинжа оруулахгүйн тулд техникийн нөхөн сэргээлт хийж “булшилжээ”. Булсан нүхнүүд нь цөмөрч, борооны ус урссан харагдана. Том оврын түрэгч техникүүд хамаагүй ойртвол тэр чигтээ цөмөрч орчих гээд бэрх байсан гэнэ. Ирак толгойг нинжа хөндийлөн ухаж, бүр гурван давхар байшин шиг давхарлагууд үүсгэчихсэн, тэр давхруудад нь торхтой химийн хоруудаа өрчихсөн байсан гэж байгаа. Яг одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт бужигнаж байгаа шиг 10 гаруй мянган нинжаг нутгаасаа хөөх гэж нүсэр ажил болжээ. Хилийн цэрэг, Онцгой байдал, цагдаа, Мэргэжлийн хяналттайгаа хамжин байж арайхийн тарааж. Ирак толгойн асуудлаар УИХ-ын чуулган тусгай хуралдаан зарлаж байв. Нинжа нар дийлдэхгүй байснаас болж хүний амь эрсэдсэн тохиолдол хүртэл гарчээ. Чулуу, мод, багажаараа зэвсэглэсэн нинжа нарыг айлгах гэж буудтал тэнэсэн суманд бие давхар бүсгүй оногдож газар дээрээ нас баржээ. Альхан газрын хүний үр нь ингэж алтны золиос болж амиа алдсан бол доо, хөөрхий. Нинжа нар говийн худгуудыг ёстой нэг бузарлаж өгчээ. 2007 оны улсын үзлэгээр говийн бүсийн инженерийн болон гар хийцийн 54 худагт шинжилгээ хийхэд 51 нь химийн хороор бохирлогдсон болох нь тогтоогдсон байна. Зөвхөн энэ тоо баримт л Монголын өмнийн их цэнхэр говь сүйрлийн ирмэгт тулж очсоныг илтгэж байнам биш үү. Нэг ёсондоо Хонгороос хэдэн арав дахин их газар нутаг химийн хороор бохирдож, байгаль орчин сүйдсэн гэсэн үг.

Алтнаас үүдсэн айдсын харанга

Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд гажиг төрөлт ихсэх хандлагатай болсныг бидэнд газарчилж явсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга О.Бадарч харамсан өгүүлж байсан. Ураг гажиг төрөх болсны шалтгаан ердөө л хувиараа алт олборлож байсан аав, ээжийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой аж. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид бүрэн төгс тийн нотлоогүй ч амьдрал яах аргагүй л нинжа нарын гэр бүлээс уруул нь сэтэрхий, зүрх нь бие махбодынхоо гадна талд байрласан, амьгүй ураг төрөх болжээ. Баримт болгож хадгалсан зургуудыг нь харахад үнэхээр нүд хальтрам. Бурхан минь. Юун Хонгор вэ. Алтнаас болж хүмүүс хайран сайхан эрүүл мэнд, амь насаа гаргуунд нь гаргасны даажигнал хэдэн үеэр үргэлжлэх бол гэхээс харуусал төрнө. Хонгор суманд үсгүй тугал, амьгүй торой гарлаа л гээд шуугиад байсан. Түүний дэргэд Өмнөговь, Дундговь зэрэг говийн аймгуудын химийн хороор бохирлогдсон нутаг асар уудам гэдгийг санахаар аймшигтай.

b909e903bfdfe612
Химийн хорт бодис урагт ийн нөлөөлсөн гэнэ

Химийн хортой шламыг саармагжуулан булшилж байна

Гэвч, энэ аймшгийг манай төр засаг хожуу ч гэсэн ухаарч химийн хороор бохирлогдсон ул хөрс, шламыг саармагжуулан булж байгаа. Улсын хэмжээнд 10 аймгийн 36 сум химийн хортой бодист бохирлогдсоноос одоогоор есөн аймгийн 31 сумын нутгийг цэвэрлээд байгаа аж. Энэ уудам орон зайд үүссэн аюулын голомтыг устгахад Монгол Улсын Засгийн газраас 3,4 тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэж ОБЕГ-ын Химийн хорт аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, тэргүүн ахмад Г.Буянтогтох өгүүлж байсан. Ирак толгойг ямартаа ч хамгаалалтад авсныг нүдээр харж үнэмшсэн аяныхан маань Сулинхээрийн отрядын Зэл-Уулын заставаар дайрч, Дөрвөлжин тээг хэмээх газарт байдаг химийн бодисоор бохирлогдсон шлам, ул хөрсийг саармагжуулан, хаягдлын санд булах үйл ажиллагаа эрхэлдэг “Буман трейд” компанийн хээрийн бригад дээр очиж хоноглосон юм. Эднийх Ханбогд сумын нутаг дэвсгэрийн мөнгөн усаар бохирдсон 40 гаруй уст цэг, цианитаар бохирлогдсон есөн цэгийн 30 гаруй мянган тонн шламыг хуурай хүхрээр саармагжуулан хаягдлын сандаа булжээ. Энэ оны оны арваннэгдүгээр сараас өмнө үлдсэн 10 гаруй тонн шламыг угааж, хаягдлын сангаа бүрмөсөн булаад техникийн болон биолагийн нөхөн сэргээлт хийнэ, одоогоор 1000 хайлаас тариад байна гэж “Буман трейд” компанийн захирал А.Насанбум ярилаа. Хэдхээн гэртэй хээрийн бригад дээр хоёр нугас, нэг галуу, гурван нохой гээд гэрийн тэжээвэр амьтадтай юм. Говь нутагт ургадаггүй Наранцэцэг найгах нь ямар ч ургамал ус чийгтэй бол хаана ч ургахыг илтгэнэ. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн 13 сумаас химийн хороор бохирдсон шламыг ийнхүү нэгэн цэгт төвлөрүүлж саармагжуулснаар өнгөрсөн онд 7.8 кг, энэ жил 1.9 кг мөнгөн усыг ялгаж ОБЕГ-т хүлээлгэн өгчээ. Мөнөөх мөнгөн ус гээч юмыг саванд хийсэн байхад нь өргөж үзэв. 500 граммын “Хатан Туул” гэдэг усны саванд мэлтэлзсэн шингэн мөнгөн бронз шиг юм байна. Дөнгөж ёроолоор нь шахуу жаахан зүйл ээ. Өргөтөл жигтэйхэн хүнд юм байна лээ. Арга ч үгүй биз дээ. Мөнгөн ус уснаас 17 дахин хүнд жинтэй юм билээ. Говийн их хээлэнд хүн-арваалжнуудын хордуулж орхисон шороог ийнхүү “Буман трейд”-ийнхэн нэг ёсондоо аюулгүй болгож байгаа нь сайшаалтай санагдсан. Бид Дөрвөлжин тээгээс хөдлөн Говийн тавдугаар Догшин ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжайгийн үүсгэн байгуулсан Дэмчигийн хийдээр орж мөргөл үйлдээд Даланзадгад хотыг зүглэлээ.

Хүрмэнгийн удирдлагууд хүний мөсгүй улс

Есдүгээр сарын 16-ны өглөө Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулагдаж байгаа “Ойжуулалт сургалтын төв”-ийн нээлтэд оролцоод Хүрмэн сумыг зүглэв. Тэргүүн ахмад Г.Буянтогтох маань Хүрмэнгийн их говь руу яараад байсны учиг удахгүй тайлагдсан юм. Сумын төвөөр орж, Тамгын газрын дарга Ч.Насанжаргалаар газарчлуулан Цагаан харгана хэмээх газрыг зорив. Сумын төвөөс 100 гаруй км-ын алс шлам зөөж байгаа есөн жолоочийн амьд мэнд эсэхийг үзэх гэж тэр. Хааш хаашаа 50 км газарт ус ч үгүй их говьд унаа тэрэг саатвал хатаж үхэх энүүхэнд гэж нутгийн тэмээчин өгүүлж байсан. 20 тоннын даацын том тэргүүд говийн тэр их элс, бургиа, цавд шигдээд тээвэр хийхэд үнэхээр зовлонтойг нүдээр үзэж байж л үнэмшихээс аргагүй. Нөгөө л улигт алтчдын химийн бодисоор бохирдуулсан шороог Баяндалай сумын нутгийн зах Чулуут нуруу хэмээх газар саармагжуулан “булшлах” их ажил ид өрнөж байна. Шламыг нэгэн цэгт төвлөрүүлж буй газар нь явж очвол шатахууны тэрэгний жолооч нь бусдыгаа хүлээн сууж байна. Долдугаар сарын 16-нд гарсан “их говийн зоригтнууд” маань худаг усгүй ангаж цанган, махан хоол идэлгүй сар гаруй болсноо нуугаагүй. Тэд зөвхөн бэлэн гоймонгоор өл залгуулж, тээврийн нүсэр зам туулж байгаа аж. Говьд цав, бургиа гэж тээврийн машинд тээртэй нэг аюул байна. Дэндүү зөөлөн хөрсөнд ачааны тэрэгний дугуй живж ороод үйлийг нь бардгийг тэдний явсан зам харуулж байсан. Дорноговь аймгийн Манлай, Өмнөговийн Хүрмэнгийн их шламыг төвлөрүүлэх гэж ингэж махаа барж байгаа аж. Баяндалай сумын нутагт багахаан шлам байсаар атал өөрийн нутагт хаягдлын сан байгуулахгүй гэсэн Хүрмэнгийн ноёдоос болж ийм их чирэгдэл үүсч байгааг харахад хэлэх үг эс олдоно. Сумын Засаг дарга Эрдэнэ болохоор “Би шинэ хүн” гээд асуудлыг өөрөөсөө зайлуулж байсан бол Тамгын газрын дарга нь “Тэр муу нинжа нарын лай надад ямар хамаатай юм” гэж адарч байв. Хувиараа алт олборлох зөвшөөрлийг ийм л хүнд сурталтнууд нинжа нарт өгчхөөд эцэст нь төрийн мөнгийг салхинд хийсгэж суугаа байх гэх хардлагыг тэд өөрийн эрхгүй төрүүлж байлаа. Их шламтай газартаа төвлөрүүлбэл тэр олон удаагийн тээвэрлэлт, цаг хугацааны алдагдал гарахгүй байсан нь лавтай. Ус ч үгүй говь руу газар мэдэхгүй жолооч нарыг “цөлчхөөд” санаа амар суудаг нь хачирхалтай. Уг нь Засгийн газрын тогтоолоор тухайн орон нутгийнхан химийн хортой ул хөрсийг тээвэрлэж байгаа хүмүүст тусламж үзүүлэх тухай тодорхой тусгасан байдаг юм байна. Гэр, майхан сав ч үгүй жолооч нар машиныхаа бүхээгт хонож, ундны усгүй болохоор бүсээ чангалсаар хэдэн сарын нүүр үзжээ. Жолооч нар хэдийгээр хоногийн 180 мянган төгрөгийн түрээсээр ажиллаж байгаа ч нутгийн дарга нар хүн чанар гаргаж ядаж ганц удаа ч гэсэн шөлний хонь дөхүүлчих сөгөө байгаагүй юм болов уу даа. Баянгол дүүргийн харьяат Д.Тайван гэдэг жолооч гэхэд гэртээ хоёр өнчин охиноо орхиод уртын тээвэрт явсан юм билээ. Жолооч нар халуун өдөр машин нь элсэн сайрт суугаад зовж зовж нэг худаг бараадан усаар нь цай чанаж уутал гүйлгэж сүйд болох дөхжээ. Тэгтэл нутгийн малчин ирээд “Та нар мал ч усалж болдоггүй уснаас уугаад байхдаа яах вэ. Тэмээ ч хэцүүддэг худаг” гээд тэмээгээ усалтал тэр усыг уусан “говийн заанууд” тэр дороо буйлан буйлан “сур харваж” байсан гэнэ. Нутгийн хүнээр газарчлуулахгүй бол амиа ч алдах аюултайг ганцхан энэ жишээ л нотолно. Тийм атал Багануур, Хөвсгөл, Дархан, Улаанбаатар гээд газар газраас ирсэн жолооч нарыг зэлүүд говь руу явуулчхаад нүдээ аньж суусан Хүрмэнгийн дарга нарын хүн чанар үнэхээр доройтсон ажээ.

Монгол орныхоо говийн бүсийн байгаль, хүн зоны аюулгүй аж төрөх газар нутгийн байдалтай танилцах 2500 км-ийн энэ урт аялалд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, тус яамны Мэдээлэл хяналт, үнэлгээ шинжилгээний газрын мэргэжилтэн Я.Цэвээнханд нар дөрөө ханьссаныг тэмдэглэлийнхээ төгсгөлд дурьдах зөв болов уу.

Л.Батцэнгэл

9 Comments

  1. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! says:

    MONEY MONEY $$$ hiih arga amarhan yum bna BVRTGVVLEED vz

    http://www.bigmoneyptc.com/index.php?ref=tulga_128

  2. Зөвлөгч says:

    энэ зургаа аваачэээ

  3. medee.mn says:

    З садакуудаа мэдээ хулгайлахаа болиоч ээв Наадах чинь хүний хөдөлмөр. Бичдэг юмаараа л бич л дээ.

  4. boloroo says:

    Minii mongoliin ard tumeen evtei bol bid huchtei, ene zurgiig haraad setgel ih emzeglej bna

  5. baldag says:

    яана даа энэ монгол орон минь

  6. tuugii says:

    eoooooooooooe araich deeee

  7. болор says:

    Дахин ийм явдал гаргуулахгүйн тулд хаа хаанаа тэмцэх ,шийдвэрлэх цаг болсон ,,,,,,,,, аль болох хурдан шиидэхгүй бол монгол удахгүй гадна дотногүй зэрэмдэглэгдсэн хүнээээээээр дүүрнэ шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү

  8. avatar says:

    ёооё ямар аймаар зураг вээээ

  9. BATAA says:

    Alt nii araas yawaad hvn hezeech sain yum bolohgvi dee…Harinch uul us sendiileed lus sawdagii ni sereegeed baiwal bvvr ch muu yum boloh biz…Ternees bish alttai gazar haa saigvi l baidag…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.