ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ХЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨ

Өсвөр насны охидод бие физиологийн маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг. Эрүүл мэнд, хүн байгаль зэрэг хичээлийн программ дээр биеийн онцлог, бодисын солилцооны талаар дэлгэрэнгүй үздэг ч түүнээс яг амьдрал ахуйд хэрэгтэй хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Ээжтэйгээ эгчтэйгээ ойр ярилцдаг охидын хувьд энэ нь тийм ч ноцтой асуудал биш байж болох ч охидын дунд явуулсан судалгаагаар охидууд эмэгтэйчүүд, түүнтэй холбоотой асуудлуудаар нээлттэй ярьдаггүй гэсэн үр дүн гарсан байна. Иймээс өсвөр насны охидууддаа зориулан эмэгтэйчүүдтэй холбоотой зарим зөвлөгөөг хүргэж байна.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг айх зүйл биш

Охидын маань дунд түгээмэл харагддаг нэг зүйл бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт очихоос айх, эмээх явдал. Гэвч үүнд айх, ичих зүйл огт байхгүй бөгөөд харин ч бие физиологитоо аль болох эрт анхаарал халамж тавих хэрэгтэйг эмч бүхэн зөвлөдөг юм.

Анхны сарын тэмдэг ирэх

Хүний бие физиологийн онцлогоос шалтгаалж анхны сарын тэмдэг 10-16 насны аль ч үед ирж болно. Харин 16 нас хүрсэн хэдий ч анхны сарын тэмдэг ирээгүй бол санаа зовох зүйлгүй өөрийн хамгийн ойр эмэгтэй хүндээ /Ээж, эгч, эмээ, багш/ хэлж эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй. Мөн анхны сарын тэмдэг ирэхэд дотуур хувцас л бохирдуулах хэмжээнд маш бага хэмжээтэй ирдэг тул гэнэт ирчихвэл яана гэсэн айдсаа мөн авч хаяж болно шүү. Эхний 2-3 жилд сарын тэмдэг тогтворгүй байх тохиолдол бий. Аяндаа тогтворжин хугацаандаа ирдэг болно. Хэрвээ түүнээс хойш тогтворгүй байсан хэвээр байвал мэдээж эмэгтэйчүүдийн эмчид хандахаас битгий санаа зовоорой.

Сарны тэмдгийн үед эвгүй үнэр гарах

Сарын тэмдэг нь биед хуримтлагдсан бохирдол гадагшилж байна гэж ойлгож болно. Иймээс бага зэргийн эвгүй үнэртэй байх тохиолдол бий. Мөн сарын тэмдгийн үед шарсан хуурсан, амтлагч ихтэй хоол зэргээс түр татгалзвал зүгээр. Мэдээж ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Хэрвээ чамд таагүй үнэр гарч буй мэдрэмж төрж байвал ариун цэврийн хэрэглэлээ ойрхон давтамжтай сольж болно.

Өөрт тохирсон ариун цэврийн хэрэглэл сонгох

Охидууд ихэвчлэн ариун цэврийн хэрэглэл сонгохдоо зөвхөн өөрт тохирсон гэхээсээ илүү ээж/эгчийнхээ хэрэглэдэг эсвэл найз нөхрийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг сонгох талтай байдаг. Энэ нь чамд бүрэн тохирохгүй бол таагүй мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ чиний сарын тэмдэг эхний өдрүүдэд их хэмжээтэй, сүүлийн өдрүүдэд хэмжээ нь багасдаг бол шингээлт илүү сайн 5 дусалтай өдрийн ариун цэврийг хэрэглэн, сүүлийн өдрүүдэд 4 дусалтайг хэрэглэж болно. Хэрвээ эмзэг мэдрэмтгий арьстай бол эмзэг арьсны дерма-крем агуулсан хөвөн зөөлөн гадаргуутай хэрэглэлийг сонгон хэрэглээрэй.

Тампон хэрэглэх бол

Өсвөр насны охид тампон хэрэглэж болно. Өсвөр насныханд зориулагдсан тампон гэхээсээ илүү том, жижиг хэмжээтэй гэж байдаг. Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч тампон нь онгон хальсыг гэмтээхгүй, гэмтээсэн тохиолдол маш ховор. Онгон хальс өөрөө маш уян хатан, бат бөх бэхлэгдсэн байдаг учир тампон орох зай “тэнд” байдаг. Тиймээс тампон хийхэд гэмтэхгүй, урагдахгүй гэдэгт итгэж болно. Гэхдээ эрсдэл гаргахаас эмээж байгаа бол заавал тампон хэрэглэлгүй ариун цэврийн хэрэглэлээ сонгож болно шүү дээ.

Нууц эрхтний гоо сайхан

Шилжилтийн наснаас эхлэн охидын нууц эрхтэнд үс ургаж эхэлдэг. Энэ нь охидод эвгүй санагддаг нь мэдээж. Бяцхан охиноос том эмэгтэй хүн болох өөрчлөлтийн үед ирсэн тул үүнд санаа зовох зүйлгүй. Хэрвээ үнэхээр таагүй санагдаж байвал зориулалтын илүүдэл үс авагч бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно. Гэхдээ бикини хэсэгт ашиглаж болно гэсэн заалттай эсэхийг анхаараарай. Ямар ч тохиолдолд бикини хэсэгтээ татуурга ашиглахгүй байхыг зөвлөе. Энэ нь үс ургах талбайг улам нэмэгдүүлэхээс гадна үсний ширхгийг бүдүүрүүлдэг.

Цагаан юм гарах, өнгө үнэр нь өөрчлөгдөх

Сарын тэмдэг ирсэн цагаас ирэх цаг хүртэл яг голд нь салстлаг ялгадас болох цагаан юм ялгарч эхэлдэг. Энэ нь элдэв үнэргүй, өнгөгүй, өөрт ямар ч зовиургүй бол хэвийн байна гэж ойлгож болно. Харин өнгө, үнэрт өөрчлөлт гарсан бол эмэгтэйчүүдийн эмчид хандан мазокин шинжилгээ өгч ямар үүсгэгч нян байгааг илрүүлэх хэрэгтэй. Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч ийм зовиур илэрч болно. Доороосоо даарах, бөөр үрэвссэнээр шээсээр ялгарах бактери үтрээг үрэвсүүлэх, хүндэрсний дараа бөгсийг буруу арчсанаас баасны бактери үтрээнд орох, цагаан хорхойтой бол нянгийн халдвар авах мөн ариун цэвэр сайн сахиагүйгээс болж элдэв янзын бактери үржсэн тохиолдолд өвчилж болно. Иймээс хэрвээ цагаан юманд өөрчлөлт гарсан бол заавал мазокын шинжилгээ өгч бактерийг илрүүлж зохих зөв эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.