Нялх хүүхдүүдэд минь ч ХДХВ-ын аюул заналхийлж байна

doh_f1c39655

Б гэгч 24 настай бүсгүй “Хүүгийнхээ сургуульд орохыг үзэх юм сан” гэсэн туйлын хүсэлтэй байж. Түүний хувьд амьдралд нь үүнээс өөр чухал зүйл үгүй. Зөвхөн тэрхүү хүслээ биелүүлэхийн тулд бурханд хандан өдөр бүр залбирна. Далдын ямар нэгэн ид шид тэрхүү бодлыг сонсож, түүнд туслана гэдэгт тэр итгэж байлаа. Гэвч бүсгүйн хүсэл биелэгдсэнгүй. Хатуу хорвоогийн жамыг даган мөнх бусыг үзжээ. Хүү ээжээсээ хагацах үед сургуульд ороход ганцхан жилийн хугацаа үлдсэн байсан гэдэг.

Ээж нь хүүгийнхээ үсэг үзэж, ном үсэглэхийг харах хүслээ тээж тэнгэрийн зүг хальжээ. Үрээ орхин үүрд одсон бүсгүй хүн төрөлхтнийг сая саяар нь залгиж буй хар тахлын вирусыг тээж ийн шаналалдаа хүлэгдэн хэдэн жилийг өнгөрүүлжээ. Тэр бүсгүй үрдээ үлдэх юмсан гэсэн бодлоо үг бүртээ шингээж өдрийн тэмдэглэлийнхээ шарласан хуудсанд үлдээжээ.

Энэхүү аймшигт хар тахал дэлхийн олон арван сая хүмүүсийг үхэл рүү хөтөлж, аав ээж, амраг хань, алаг үр гээд хэнийг үл ялган хагацалд дууддаг. Дээрх өвчнөөр дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган гэм зэмгүй бяцхан үрс энэ хүүгийн адил эцэг эхээсээ өнчирч үлдсээр байна.

Тэдний хувьд сургуульд суралцах, боловсрол эзэмших гээд олон зүйл хаалттай. Тиймээс бор хоногийг гунигт амьдал дунд өнгөрөөсөөр… Харин манай улсын хувьд хар тахлын салхинд цөөн хүүхэд нэрвэгдсэн гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байдаг. Гэсэн хэдий ч энэхүү вирус өнөөдрийн байдлаар 61 эцэг эхийг аль эрт үхэл рүү дууджээ. Магадгүй эдгээр хүмүүс дотор гэрлээгүй, ганц бие хүмүүс бий. Гэвч хүн бүр эцэг эх болох ертөнцийн хууль бий шүү дээ.

Тэдний амьдрах эрх хязгаарлагдсан ч аав ээж болох хүсэл бий гэдгийг бид энд дурдахгүй байж хэрхэн болох билээ дээ. Тиймдээ ч манай улсад ХДХВ-ын вирус тээсэн гурван эмэгтэй үрийн зулай үнэрлэсэн. Тэд өнөөдөр айдас түгшүүр дунд амьдарч байна. Энэхүү аюулт өвчний дамжих бас нэг зам нь эхээс урагт халдвар дамжих явдал. Олон улсын тоо баримтаас харж байхад ХДХВ-ын халдвар авч байгаа хүүхдүүдийн 90 хувь нь эхээсээ энэхүү вирусны халдварыг авсан гэсэн судалгаа байдаг. Хэдийгээр эх нь халдвартай ч хүүхдээ халдваргүй төрүүлэх боломж бий гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тогтоосон. Тиймдээ ч 2015 он гэхэд эхээс урагт ХДХВ-ын халдвар дамжихгүй болгох том зорилтыг тавьж ажиллаж байна. Манай улсын хувьд ХДХВ-ын халдвартай гурван эмэгтэйгээс төрсөн хүүхдүүд бүгд халдвар аваагүй гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн хэдий ч энэ аюулт өвчин нялхсын минь эрүүл мэндэд заналхийлсээр байна. Дэлхий дээр сүүлийн жилүүдэд халд¬вартай эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Монголд ч мөн адил түгшүүрийн дохио аль эрт ирж гэж ойлгохоор. Өнөөдөр гэхэд л Сахарын цөлд өдөрт хэдэн арван мянгаараа зөвхөн энэ өвчнөөс болж эцэг эхээсээ өнчирч, гадуурхал, өлсгөлөн, үзэн ядалт дунд амьдарч байна.

Тэд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Томчууд бидний хормын төдийх алдаанаас болж хожмын уй гашуу, салалт үхэл хагацал, гуниг зовлонд хүүхдүүд өртсөөр. Тиймдээ ч алгын чинээ үрийнхээ үсэг танихыг үзэхсэн гэсэн туйлын хүслээ тээсээр энэ хорвоог орхисон бүсгүйн гашуун сургамж сэтгэл сэртхийлгэнэ. Энд анхны ХДХВ-ын халдвартай ээжийн Монголынхоо хойч залууст хэлж үлдээсэн үгнээс иш татъя.” Сургалт сурталчилгаа явуулахдаа би энэ өвчний халдварыг авч, ийм өвчтэй хүмүүсийн зовлон, шаналалыг биеэр мэдэрсэн хүний хувьд Монгол орныхоо залуу үеийг энэ аймшигт аюулаас сэргийлэх үйлсэд хувь нэмэрээ оруулахсан гэсэн чин эрмэлзлээр мөн манай орны хувьд халдвар авсан хүмүүсийн тоо надаар дуусаасай гэсэн гэгээн хүслээр энэхүү үйл ажиллагаанд өөрийн бүх хүч чадлаа дайчлан оролцдог. Энэ аюулт өвчинд гэмгүй бяцхан үрс минь бүү өртөөсэй. Миний чин хүсэл, сэтгэлийн угаас гарсан үг хүмүүст хүрсэн гэдэгт би эргэлзэхгүй байна” Монголын ХДХВ-ын халдвартай анхны ээж ингэж хэлжээ. Тийм ээ, бид үр хүүхдээ зовлон гунигт унагахгүй юм сан. Ядуу байж болно. Харин өвдөж, шаналсан, үзэн ядалт дунд хүүхдүүд минь амьдарч болно гэж үү. Бид үүнийг хэрхэвч зөвшөөрөх ёсгүй. Хэдийгээр энэ өвчинд өртсөн хүүхэд одоохондоо Монголд байхгүй ч өнчин хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа.

Тэд эжий ааваараа дутаж, хорвоогийн хатуу бүхэнтэй эвлэрч чадахгүй яваа. Энэхүү аюулт өвчний вирусыг тээж яваа олон олон эцэг эхчүүд маргаашийн гэгээн бүхнийг үзэх юмсан гэсэн гунигт автан суугаа биз ээ. Дээрх бүсгүйн сэтгэлийн захиас биелээсэй, энэхүү аймшигт хар тахал үүгээр төгсөөсэй. Өнөөдөр дэлхийн түвшинд энэ өвчтэй эрчтэй тэмцэж байна. ХДХВ/ДОХ-ын халдвартай хүүхэд төрүүлэхгүй байх чухал зорилтыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ойрын зургаан жилийн төлөвлөгөөндөө тусгажээ. Үүний тулд БЗДХ/ХДХВ/ ДОХ-д өртөх эрсдэл бүхий бүлгийнхэнд хүрч ажиллах, Тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох.

Нийт хүн ам, эрсдэлт бүлгийнхэнд зориулагдсан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх , бэлгэвчийн хангамж үйлчилгээг сайжруулах. Тогтмол бэлгэвч хэрэглэх. 15-24 насныхны ХДХВ-ийн халдварт өртөхийг 50 хувь бууруулах гээд олон зорилго зорилтийн дэвшүүлэн ажиллаж байна. Үүнээс эхээс урагт дамжих халдварыг багасгах, бүр байхгүй болгох гэсэн томоохон зорилтыг энэ жил болсон Зүүн Өмнөд Азийн чуулга уулзалтад олон эмч мэргэжилтнүүд тодорхой гаргалгаан дээр авч үзсэнээ олон нийтэд мэдээлсэн байгаа. Ер нь эхээс урагт халдвар дамжихгүй байх бүрэн боломж бий. Тухайлбал ХДХВ халдвартай эхээс төрж буй гурван хүүхэд тутмын нэг л ХДХВ-ын халдвар авдаг байна. Энэхүү халдвар дамжих нөхцөл нь эхэсийн хамгаалах чадвар суларснаас, харин төрөх үед дамжихдаа төрөлтийн явцад хүүхдийн арьс салстад жижиг гэмтэл үүссэний улмаас эхийнх нь халдвартай цус хүүхдийн биед нэвтрэн ордог байна. Эхээс халдвар авсан хүүхдүүд хоёр нас хүрэхгүй энддэг аж.

Хорвоо дээр ирсэн багачууд цөөн хоног наслахдаа хар тахалаар өвчилж, гэгээн бүхнийг үзэх хувьгүйгээр энэ дэлхийгээс эргэн буцдаг. ХДХВ/ДОХ-ын халдвартай эцэх эхчүүд өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь энэ өвчнөөс болж өнчрөх хүүхдийн тоо нэмэгдсээр байна гэсэн үг. Мэдээж энэхүү аюулаас бид өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалах бүрэн боломж бий. Тухайлбал, тохиолдлын бэлгийн харилцааг тэвчих, найз эмэгтэй эсвэл залуудаа үнэнч байх гээд олон улсын хэмжээнд уриалга болгон мөрдөж буй олон зүйлийг бид өдөр бүр хэвлэл мэдээллээс сонсож байдаг. Тэгвэл дээрх уриалгыг бодитоор хэрэгжүүлэх нь өнөөдрийн өөрийгөө, гэр бүлээ аюулт өвчнөөс хамгаалахад тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Энэхүү өвчний тархалтыг тогтоон барихад хүн бүрийн оролцоо чухал байна гэдгийг сайн ойлгох нь зүйн хэрэг биз ээ. Монголын олон мянган үрс минь энэхүү аюулаас хол байгаасай. Дахин нэг ч хүүхэд бүү өнчирч үлдээсэй. Дээрх өвчний аюул алхам тутам биднийг мөшгөсөөр байгааг байнга санаж явагтун гэсэн чин сэтгэлийн үүднээс ийнхүү үзэг цаас сийрүүлж сууна.

Н.Түвшинжаргал
Өнөөдрийн монгол

2 Comments

  1. ZAAWAL UNSH!!! says:

    Ymr ih yum bichtsiin bee, unshihaas zalhu hurchle, internet gdg chn medeeliig bagtsalj hadgalahad zoriulagdsan ed, iim hogiin ih yum bicheed unsh gd bgamu,

  2. sukhee2111 says:

    аймшигтай өвчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.