Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхины түрийд шалигүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.
Би завсарлагаа бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудаг асан. Түүний ангийхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.
Орой ангидаа давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мөн л олон гардаг асан. Нэгэн шөнө ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ. Лааны гэрэлд цаас шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ.
Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно, дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чамруу чиглэсэн, трамплин дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан найдвар эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хэчнээн хөндий байсныг тэгэхэд л би гадарлаж билээ.
Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годгонуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэхгүй зогссоор байлаа…
Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний альгебрийн номыг гуйгаад эргүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж, нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдлээ.
Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт түргэсэн хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд “10б-гийн тэнэг. Дахиад өгвөл багшид хэлнэ дээ” гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна. Харин миний муу хуучин цүнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зөвхөн “10б-гийн тэнэг” гэдэг нь л үлдэв. Би түүнийг зажилж зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж, залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс жавьж даган аманд орсоор байв.
Нэрт зохиолч Ж.Лхагва
Сүхбаатар хот. 1969 он.
“Толгодын цаана ингэ буйлна” номын 78-р тал