1. Хайр сэтгэлээ эр хүн “илчлэхэд” нь гомдоож болохгүй
Эр муу ч эмийн дээр гэдэг шүү дээ. Шууд “үнсэлцэхгүй” ч гэсэн шударга байх хэрэгтэй. Эхнэр хүүхэдтэйг нь эхэлж мэдэж аваад хариу хэлэх нь зүйтэй. Гэр бүлгүй гэдгийг нь баттай мэдэж авсаныхаа дараа шийдвэрлэх хариу барь. Анхны харцаар дурлана гэж байдаг юмуу хонгор минь. Алигэрмаа эгчээсээ асууж байгаад хариу хэлье гээд аятайхан бултах хэрэгтэй. Цаадуул чинь хошигнох дуртай. Ойлгосон хүн болж мангайгаад үлдэнэ.
2. Чамаас өөр хэн нэгнийг би хайрлаж чадахгүй
Чамгүйгээр би яаж амьдрах вэ гээд нойтон хамуу шиг салж өгөхгүй ээрээд байвал өөр арга сүвэгчил. Энэ асуудлыг газар дээр нь ингээд шийдэж болохгүй. “Засгийн газар”-таа уламжилъя. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж төрсөн бие минь минийх ч гэсэн төө зайгүй хамт өссөн тархи толгойноосоо хариу авч хэлье гээрэй. Мэдээж “засгийн газар” болохоор чиний тархи толгой ухаан бодлоо уралдуулан, “зөв шийдвэр” гаргах нь эргэлзээгүй. Харин шууд “зочны өрөө” рүү явж болохгүй. Тэдний “түлхүүр”-тэй “түлхүүр”-гүй өмнө нь болоод байсан биз дээ.
3. Үнэхээр тэр эр хайж явсан “хан хүү”-тэй чинь усны дусал шиг “адилхан” бөгөөс хамтын амьдралаа эхлэх тухайд бодож болгоох нь зөв
Хэдэн машинтай вэ? гэж битгий асуугаарай. Ямар маркийн машин тэрэг сонирхдог уу? гэж асуу. Хэдэн өрөө байртай вэ? гэж бүү асуу. Хонгор минь хоёулаа идэр есийн жаварт гадаа хонохгүй нь тодорхой, буудал биш бол чамайг дагаад хаашаа ч явсан яах вэ гэж инээмсэглэж хэлээрэй. Эмэгтэй хүн эрчүүдийг бодоход нүүрийн баясгалан сайтай. Дээр нь ув улаан уруул, дэрвэгэр сормуустай алаг нүдээ тормолзуулахад байгалиас заяасан “жүжигчний” авъяас нэвт туяарна шүү дээ. Үүний хүчинд чадал муутай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн догшхоон аалийг номхруулдаг.
4. Хожим хойно чамайг нүүр амандаа янз бүрийн “засвар” хийхэд чинь уурлуулахгүйн тулд хуримын асуудал сөхөгдөж ирсэний дараа энэ тухай эвлэг зөөлөн ярьж ойлгуулаарай
“Намайг чи эмэгтэй хүний хувьд бүрэн гүйцэд хэмээн үнэлж байна уу? Домбогор уруулт аа, доён хөлт өө гэж дараа нь “өө”-лөөд байхгүй биз дээ. Чамаас ер нь ам өчиг авъя. Эхнээсээ хоёулаа шударга амьдарнаа” гэж түүний хоолойд хаясан цалмаа бага багаар “чангаруулах” хэрэгтэй. Гэхэдээ зөөлөн “боох” хэрэгтэй. Жүдочид шиг бодитоор багалзууры нь “боож” хэрхэвч болохгүй.
5. Хуриман дээр хэнийг урих вэ гэдэг дээр ярвигтай асуудал гарч магадгүй тул танай тэр ах чинь бохир заваан, танай тэр эгч чинь олон яриатай энэ тэр гэж түрүүлж хэлж тун болохгүй шүү
Зардал мөнгө тэд боллоо, алтан бөгж нь дээр, мөнгөн бөгж нь онцгүй юм гэж эр хүний санхүүгийн асуудал руу бүү ороорой. Хорвоод ханилах амрагийнхаа нэр нүүрийг улайлгахгүй авч гарахаа бүлх цөлх зантай ч нуруутай эрчүүд хэнээр ч заалгахгүй өөрсдөө мэднэ. Тэр баян энэ ядуу гэдэг үгийг эрчүүд тун эмзэг хүлээж авах тул иймэрхүү “цэцгэн зүйрлэлийг” орон дотроо “ханасан” үед нь тойруугаар шивэгнэж хэлсэн нь ононо.
6. Амьдрал бол амьдрал. Өөрийн хуультай, өөрийн ёс горимтой
Амьдралын хуулийг “сөрөх” гэж “аальгүйтээд” амжилтанд хүрэхгүй. Ёс жудагтай үнэнч ариун байж ардын уламжлалаа дээдлэн хүндэлж явахад аз жаргал танаас өөрөө сайн дураараа зугатаад алга болох нь юу бол. Ямар ч тохиолдолд ухаан зарах л болно. Тэр тусмаа гэргий хүний гэгээлэг, хэрсүү, ухаалаг зан л гэр бүлийн аз жаргалын түлхүүр байдаг. Эр нөхрөө уурлуулсаны дараа биш өмнө нь тэгвэл яах бол, ингэвэл юу гэх бол гэж уужим ухаанаар бодож бай. Ажлаасаа ирэхэд нь гэр орноо цэвэр цэмцгэр байлгаж, халуун хоол ундыг нь бэлэн байлгаж сур.
7. Хоол гэхээр л хоолны нэр гутаасан “жонхуу” байж таарахгүй шүү дээ
Эр нөхөр чинь л чамайг энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй, эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд гэж байгаа болохоос биш эрхэм хүндэт энэ айлын эзэгтэй та эр нөхрийнхөө ходоодны шүүсийг гоожуулах амт чанартай хоол хийхэдээ хэр бол доо. Өдөр болгон өндөг… Ийм онигооноос тойрч яваарай. Монгол эрчүүд ихэвчлэн хоёрдугаар хоолонд дуртай. Гэхэдээ нөгөө “өндөг” шиг өдөр болгон цуйвандаад байх зохимжгүй. Нэг өдөр цуйван, нөгөө өдөр нь байцаатай хуурга, будаатай хуурга, төмстэй хуурга гээд хоолны нэр төрлөө олшруул. Шөлтэй хоолоо мартуулж байгаад дундуур нь сэмхэн гулсуул. Хоолны “аппетит”-ээс ходоодоор нь дамжуулан эр хүнийг гартаа барьж болохыг эрхэмсэг ахайтайн сүйхээлэг оюундаа болгоон тунгаана уу?
8. Хувцсаа үрчийлгэлээ, гутлынхаа тоосыг арчсангүй гэж бүү үглэ
Энэ бол эзэгтэй таны хийх ёстой үүрэг. Харин та өөрөөр нь “хийлгэдэг” болгоё гэвэл олонтой тэгж үглэж яншихын хэрэггүй. Тэр хувцсаа цэвэрхэн өмсөж явах юм аа гэж хөршийн залуугаар жишээ бүү тат. Тэгвэл нөхөр чинь энэ хэнийг яриад байнаа гэж хардах сэтгэл төрж бөөн аюул болно. Эсрэгээрээ нөгөө залуугийн балиар завааныг дуудаж, миний хань түүний хажууд хувцас хунараа цэвэрхэн сайхан өмсөх юм гэж магт. Эрчүүл магтаалд дуртай. Нэг мэдэхэд төрөл арилжсан мэт цэмцийгээд явчихна.
9. Хүний хэлсэнийг ойлгож байгаа дүр үзүүлдэг боловч хүлээж авах чадвараараа эрчүүлд их дорой
Тэд ердөө “сонсдог” л байхгүй юү. Ухаалаг эхнэр бол эр хүний хөгжлийн дутагдал болох хэнэггүй тайван зан, үхэр шиг удаан наазгай байдалд нь тохируулан харьцаж чаддаг. Үхрийг тэргэнд хөллөж болдог биз дээ. Түүнтэй адил эр хүнийг ч зөв “хүмүүжүүлвэл” шарнаас илүү тэргэнд зүтгэнэ. Зам замаар замнах юм бол эр хүний нуруун дээр эхнэр хүүхэд, гэр бүлээс нь гадна эх орон элгэн садан нь багтдаг юм. Хийморьтой эрчүүдийн “салхи”-нд эхнэрүүд нь “хоншоор”-той харагддаг. “Миний хань овоо ш тээ, сүү аваад ирж. Үүнийг чинь тэмдэглэж банштай цай хийж өгнөө” гэдэг байхгүй юү.
10. Ямар ч эр хүн өөрийгөө арчаагүй тэнэг, дүүрчихсэн мангараараа дуудуулах дургүй
Шатар тоглож чадахгүй эр ч Каспаровтой зүйрлүүлэхэд хүлээж авахгүй. Гэвч тэдний ашиглагдаагүй атар онгон газар шиг тархийг зөв жолоодвол цэнгэлийн манлайд хүрч болохыг миний ээж, эмээ ч мэдэж байсан байх. Сүхбаатар жанжныг Янжмаа гуай мэдэж байсантай ижил. Очирбат гуайг Цэвэлмаа гуай мэдэж байсан шиг. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг шиг эр хүний “Оюунтолгой”-г зөв ашиглаж чадваас юун дампуурсан Оюу толгой, Тавантолгой… түүнээс их “баялаг” эрдүү дуутай эрх хонгор зөгийнүүдэд зөндөө бий. Хайруулын тавгаар тас буулгахаасаа өмнө ямар хөрөнгө оруулалт руу “давшилж” байгаагаа бодох нь чухал. Тэгээд түүнд ” Би зовж байна. Жаргамаар байна” гэхийнхээ оронд Сүхбаатар цэнгэлийн манлайд очихыг яаж сургасан, Очирбат гуай яаж “цэнгэлийн манлай”-д очсоныг сайтар хэлж сургамжлаарай.
Зөвөлгөөг минь уншиж ч болно. Уншихгүй байж бас болно. Яагаад гэвэл бид зөвлөсөн зөвлөөгүй дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс. Хоолны нэр төрөлтэй холбоотой асуудал байвал надтай холбоо бариарай. Би өөрөө эхнэргүй болохоор ходоодоо баярлуулах гэж хачин гоё хоол хийнэ шүү дээ. Надад “Дэлхийн орон орны хоол хүнс” гэдэг номноос гадна “Идэхийн төлөө амьдардаггүй, амьдрахын төлөө иддэг” гэдэг ном бий. Хоолыг “ховх сордоггүй” шүдээрээ “зажилж” амтархаж иддэг юм.
2 Comments
Ямар сонин мэргэжлийн бус үг хэллэгтэй сонин зүйрлэлтэй зөвлагөө вэ? 45-60 насны хүн бичсэн гэмээр …
zalitai baihad ercguudiig husseneeree bailgaj chadnaa geh geed bh shig, odoo ch erchuud uur bolj, setgej boddog, daraa garch boloh surug nuluu yu bn, shunaltai, shunalgguig ni , tuluvshssun esehiig ni, sain hunii dvr esgej bgaa esehiig ni yariltsaj suuhdaa henees ch ikuu dugnej chaddag bolson, huurtana, zaliduulna l gej bhgui, zuvhun tolgoi ni olgoi bolson horchinguud l huurtagdah bh.