Тэр үргэлж өөртөө итгэлтэй, эелдэг байвч цаанаа л нэг хөндий
Та хоёр уулзаж учраад хангалттай уджээ. Гэвч сэтгэлтэй залуу тань гэрлэе гэдэггүй. Ирээдүйн тухай, гэрлэлтийн талаар ярих гэхээр зайлсхийнэ. “Би одоо бэлэн биш байна” гэх юм уу эсвэл зарим нь ийм үг цухуймагц үргэн алга болдог.
Магадгүй харилцаа удаж, шинэ шатанд гарахгүй болохоор та тэр хүний хоёрдагч сонголт байхаас залхаж болно. Энэ талаар сэтгэлзүйч Елена Савиновагийн зөвлөгөөг хүргэе.
Та бүхэн дараах найман хэсгийг анхааралтай уншаарай.
1. Та хоёрын харилцаа романтик хайр сэтгэлийн гэхээсээ илүү найз нөхөрлөлийн шинжийг агуулдаг. Тэгээд ч уулзах саналыг та ихэвчлэн гаргадаг. Хаашаа хамт явах, ямар нэгэн зүйл хамт хийх зэргийг та л санаачилдаг. Хэрвээ та санал тавихгүй бол магадгүй тэр залгахгүй ч байж мэднэ. Та хоёр уулзлаа гэхэд яриаг та эхэлдэг. Ер нь танд түүнтэй уулзахгүй байх хэцүү. Бас түүнд төвөгтэй эмэгтэй шиг санагдахыг хүсдэггүй байж болно.
Та хоёр уулзаад заримдаа үнэхээр хөгжилтэй, сонирхолтой байдаг. Залуу тань сайхан байгаагаа ч хэлдэг. Тиймээс хэн нь эхэлж уулзах санал тавих нь чухал гэж үү? гэж та бодож, өөрийгөө зөвтгөдөг.
2. Тэр танд хайртай гэж хэлдэггүй. Хайр гэдэг үгэнд их болгоомжтой ханддаг гэж өөрийгөө зөвтгөж, тайлбарладаг. Эсвэл урд нь нэг удаа хэлснээ дахиж энэ талаар ам нээгээгүй. Танд “Чи сайхан ааштай, аятайхан, сайхан сэтгэлтэй шүү” гэж хэлдэг. Мэдээж, үргэлж тусалж дэмжихэд бэлэн байдагт тань талархахаа мартдаггүй.
3. Та хоёр уулзаж эхэлснээс хойш тэр өөрийн зуршлуудаасаа огт салаагүй. Найз нөхөдтэйгөө байнга уулздаг хэвээр, баасан гарагт хөлбөмбөг тоглоно гэж алга болдог чигээрээ мөн интернэт тоглоомоос салдаггүй нь янзаараа. Энэ бүхнээ тэр яг хэвээр нь байлгах хэр нь тантай уулзахаа цөөлсөн юм уу удаадаг болсон. Гэтэл та түүнийг залгаж уулзъя гэхэд нь завтай байхын тулд зарим курс, дугуйлангаасаа гарчихсан. Түүнд таалагддаг гэхээр нь үсээ урт ургуулаад эхэлчихсэн. Гэтэл тэр болохоор “Наад сахал чинь таалагдахгүй байна” гэж хэлсэн атал сахлаа бавайлгасан хэвээр. Та тэр занг нь “Өөртөө итгэлтэй эр” гээд ойлгочихсон.
4. Гэр бүлийнхэнтэйгээ таныг уулзуулъя гэдэггүй. Өөрөө ч бас танай найзууд юм уу ер нь танай талынхантай уулзахаас зайлсхийдэг. Хоёулаа гоё байхад илүү хүнээр яах юм бэ гэж үүнийгээ тайлбарлана.
5. Тэр огт харддаггүй. Хэн нэгэн залуу гоё үг хэлж, утасны дугаарыг тань авах гэсэн тухай ярьсан ч тоохгүй. Ангийнхан нь аяллаар явъя гэсэн тухай хэлэхэд “Тэгээч, хөгжилтэй гоё шүү дээ” л гэдэг. Тэгсэн хэр нь байсхийгээд өмнөх найз бүсгүйтэйгээ таныг харьцуулан ярьдаг. Та дотроо гомдсон ч гэлээ ил гаргадаггүй. Өмнөх найз бүсгүй шиг нь хэл амтай мэт харагдахгүйн тулд хичээдэг.
6. Тэр танд ухаан алдан дурласан юм уу эсвэл таньгүйгээр байж чадахаа больсон мэт байдал огт ажиглагдахгүй. Тэр үргэлж өөртөө итгэлтэй, эелдэг байвч цаанаа л нэг хөндий. Муу юмгүй л дээ, гэхдээ л сэтгэлд нь яг та байгаа эсэх нь эргэлзээ төрүүлэм. Тэгээд энэ талаар бодлоо хэлэхээр “Иймхэн юмаар хэл ам хийгээд яахав” гэдэг. Тэгэхээр өөрийгөө л буруу бодож, мэдэрч байгаа юм болов уу гэж боддог. Үнэндээ та чин сэтгэлээсээ харилцаж байгаа болохоор заримдаа хариу тийм зан гаргахгүй болохоор нэг л хоосон мэт санагддаг.
7. Тэр танд мөнгө үрдэггүй. Мэдээж, энэ зан нь онцгүй санагддаг. Гэхдээ заавал бэлэг аваад байх албагүй шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулаад сурчихжээ. Мөн хэл амтай нэгэн шиг харагдахыг хүсдэггүй зан тань дийлнэ. Ер нь түүнийг алдахаас айдаг. Хэзээ хамтдаа ямар нэгэн зүйл худалдаж авах тухай юм уу эсвэл зарим зүйл дээр мөнгөө хэмнэсэн нь дээр талаар түүнтэй ил хамаагүй ярилцах юм бэ? Тэр тантай хамт нэг юм худалдаж авахгүй юм бол та хоёрын дунд нийтлэг зүйл байна уу?
Гэхдээ бас нөгөө талаас нь харвал мөнгө зарцуулаад, байнга юм авч өгөөд байгаа хүн гэрлэх хүсэлтэй байгаа хэрэг биш ч байж болно. Магадгүй тэр олон эмэгтэйг бэлгээр дараад сурчихсан нэгэн ч байж мэднэ.
8. Ерөнхийдөө та хоёр ирээдүйд хэрхэх нь оньсого. Ойлгомжгүй. Эргэлзээтэй. Хамтдаа амьдарна гэдэгт итгэхэд хэцүү. Магадгүй маргааш эсвэл нөгөөдөр таны амьдралаас гараад явчихаж ч мэдэхээр санагддаг. Тэгээд ч тэр үе үехэн алга болчихдог зантай. Үүнд нь аль хэдийн дасчихсан. Утсаа ойрхон тавиад “Залгах болов уу?” гэж хардаг. Ингэж хүлээхээ та хайр тачаал гээд ойлгочихсон ч үнэн хэрэгтээ түгшиж суудаг. Ийм цаг үед хэн нэгэн өөр эр илүү найдвартай санал тавьсан ч та татгалзахад бэлэн байдаг. Тайван, дэндүү найдвартай эрчүүдийг та уйтгартай гэж боддог.
Хэрвээ дээр дурьдсан зүйлсийн ихэнх нь та хоёрын харилцаанд байвал “Одоо наадахиа өөрчил” гэж зөвлөе. Найруулгыг нь эрс эргүүл. Харилцаагаа тэс өөр тийш чиглүүл. Түүнд эхэлж битгий санал тавь. Хоёулаа юм хийнэ гэж битгий төлөвлө. Эхэлж битгий ярь, эхэлж бүү зурвас бич. Мөн зөвхөн түүнд таалагддаг юмыг нь ярихаа боль. Түүний дуртай зүйлийг нь хийхээ боль. Та өөрөө юунд дуртай, юу хийхийг хүсдэгээ сана. Сонирхолтой хүмүүстэй уулз. Амралтын өдрөөр түүнд хэлэлгүйгээр хаа нэг тийшээ яв.
Мөн танд таалагддаггүй зуршил, үгс, дүр төрхийнх нь тухай бодлоо шулуухан л хэл. Тэгээд хэрвээ хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа бол гэрлэх бодолтой эсэх, үр хүүхэдтэй болж хамт амьдрах хүсэл буй эсэхийг нь шулуухан асуу. Хэрвээ түүнд тийм бодол хүсэл байхгүй бол зөвхөн түүнд хэрэгтэй, ашигтай, таатай нислэгийн нөөц талбар нь байхаа больсон нь дээр биз ээ.
Эх сурвалж: www.bbc.com
1 Comment
үнэн зөв зөвлөгөө байна