Орчин үед ихэнх хүмүүс гэрлэлтийг чухал гэж үздэггүй. Хамтран амьдрагчийнхаа хүүхдийг тээж, хүүхэдтэй болсон учраас гэр бүлээ батлуулах тохиолдол олон. Судалгаагаар гэр бүл цуцлалтын 78%-г гэрлэснээс хойш 7-10 жилийн дотор салж байгаа залуу гэр бүл эзэлж байна.
Сэтгэлзүйч, зохиолч Гери Чепманы “Хайрын таван хэл” номд бичигдсэнчлэн хосууд нэгэндээ дурласан гал халуун, дүүлэн нисэх үедээ гэр бүл болох шийдвэр гаргадаг аж. Гэр бүл зохиогоод эхний хэдэн жил үргэлжлүүлэн нисэж болох ч явцын дунд мэдээж газардана. Тэр үед бүх зүйл өөр санагдаж, төсөөлснөөс шал өөр амьдралаар амьдраад буй мэт, яагаад ийм хүнтэй гэрлэх шийдвэр гаргаснаа гайхаж, харамсах үеүд ч ирж магадгүй. Гэр бүлийн маргааны учир шалтгаанууд дуусашгүй их. Зөрчилдөөн их байх тусам харамсал нэмэгдэж, цаашлаад салалтаар төгсөх магадлал өндөр.
Барууны орнуудын соёлд хүн бүр хувийн сэтгэлзүйчтэй, аливаа томоохон шийдвэр гаргахдаа тэдэнтэйгээ зөвлөлддөг. Монголчууд энэ чухал үе шатыг алгасчихдаг нь харамсалтай. Хуримын ордон гэрлэх гэж буй залуу хосуудад зориулсан сургалт зохион байгуулдаг ч тэнд ёслолоо хийхгүй хүмүүс хамрагдаж чадахгүй төдийгүй мэргэжлийн хүмүүс тэр сургалтын агуулга, чанарыг нь сайжруулах шаардлагатай гэж үздэг юм билээ. Тэгвэл амьдрал зохиохоосоо өмнө хосууд юуг мэдэж байвал илүү зөв харилцаа уур амьсгалтай байж, гэрлэлтийн эхний үе шатуудыг амжилттай давах боломжтойг гэр бүл судлаач, зөвлөгч Э.Цолмонгоос тодрууллаа.
Хүмүүсийн гэрлэлтийн талаарх төсөөлөл нь кино, диснейн хүүхэлдэйнээс үүдэлтэй хийсвэр ойлголтууд байдаг. Бараг бүх романтик кинонууд “гэрлээд, аз жаргалтай амьдрав” гээд дуусдаг бол амьдрал дээр гэрлэлтээс бүх зүйл эхэлдэг. Хосууд хамтын аз жаргалтай амьдралаа өөр өөрийнхөөрөө төсөөлсөн ч хоорондоо энэ тухай ярилцаж, ойлголтоо нэгтгээгүй учраас гэр бүл болсны дараа олон олон маргаан, зөрчил бий болно. Тиймээс гэрлэхээсээ өмнө хосууд өөрсдийнхөө гэрлэлтийг ямар байна гэж хүлээж байгаагаа ярилцах хэрэгтэй. Хуучинсаг үзэлтэй гэр бүлд өссөн залуу эхнэрээ гэртээ байлгаж, гэр орны бүх ажлаа хариуцуулах хүсэлтэй байхад, эхнэр болох гэж буй бүсгүй карьер хөөмөөр байвал яах вэ гэх мэт зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэж, шийдвэрт хүрнэ гэсэн үг.
Нэгнийхээ хүлээлтийг сонсохоор зөвлөгөө авч буй хосууд эхний өдрөөс авхуулаад зөрчилдөж эхэлдэг юм. Гэвч гэрлэсэн хойноо маргаж байснаас өмнө нь ярилцаж тохирох нь илүү дээр.
Гэрлэхээс өмнө ингэдэг, тэгдэг байсан бол одоо больчихсон гэх гомдол ялангуяа эмэгтэйчүүдэд их байдаг. Нийтлэг хандлагаар эрэгтэй хүмүүс гэрлэсний дараа тайвширдаг бол эмэгтэйчүүд шунадаг. Өдөр бүр хамт унтаж, орой ирэхэд эхнэр нь гэртээ байх л учраас эрчүүд өмнөх шигээ “санаад байна” гэж цаг тутамд хэлэх нь багасаж, хажууд байхад нь удаан ширтэхээ больчихдог. Энэ нь хайргүй болсон гэсэн үг биш бөгөөд харин тэд илүү тогтуун байдлыг мэдэрсэн гэсэн үг.
Ер нь хүн угаасаа үзэж туулж, мэдэрч байгаа зүйлсээсээ өдөр бүр суралцан, өөрчлөгдсөөр байдаг. Хэдий яг одоогийн Батаатай сууж байгаа ч, ирээдүйд Батаа яаж ч өөрчлөгдөж болно, түүнийг нь хүлээж авна гэдгээ ухамсартайгаар бодох хэрэгтэй.
Гэрлэх гэж буй хүнийхээ дэргэд бие махбод, сэтгэл хөдлөл, бодол санааны хувьд зуун хувь өөрийнхөөрөө байж чадаж байна уу? Бодол, мэдрэмжээ нуухгүй 100% нээлттэй байж чаддаг уу? Тооцоолол явагдахгүйгээр өөрийгөө илэрхийлж болох уу? Дараа нь шүүгдэхгүй, буруутгагдахгүй ярилцаж чаддаг уу?
Хяналт, хүчирхийлэл, уур бухимдал, үл уучлал, сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэл, харилцан хамаарлын аль нэгэнд улаан гэрэл асаж байвал заавал ярилцах ёстой. Насаараа өөрийгөө нууж явснаар анхнаасаа гэрлэхгүй байсан нь дээр.
“Гэрлээд 2 жил болоод хүүхэдтэй болно, эхнэр нь хүүхдээ харж, нөхөр нь хангагч болно” гэсэн нийгмийн тогтсон ойлголтыг яаж хүлээж авах вэ? Дагах уу, тухайн үедээ ярилцаад боломжит хувилбарыг сонгож байх уу? Эмэгтэй хүн гэрийн ажлаа бүгдийг нь ганцаараа хийх үү, эрчүүд санхүүгээ дангаараа хариуцах уу? Хоёулаа ажил хийлээ гэхэд орой хэн хоол хийх вэ? Нөхөр хааяа нэг гэрийн ажилд оролцохыгоо “эхнэртээ тусалж байна” гэж ойлгон, баатар цол авах уу, бүгдийг хамтдаа үүрэлцэж явах уу гэдгээ ярилцаж тохирно гэсэн үг.
Бүх зүйл дээр эрх тэгш байдлыг тэнцүүхэн авч явбал гэр бүл илүү удаан, аюулгүй оршин тогтнох боломжтой. Тогоо шанаганы хэрүүл жижигхэн сэдэв мэт санагдаж болох ч амьдрал дээр үнэхээр том асуудал дагуулж мэднэ.
Дээрх сэдвүүдээс гадна хосууд санхүү, үр хүүхэд, ажил амралт, хувийн орон зай зэрэг сэдвүүдээр хоорондоо санал бодлоо солилцон, тохиролцоонд хүрч чадвал ирээдүйн олон өдрийг стресс бухимдал, үл ойлголцол дунд өнгөрүүлэхээс сэргийлж чадах юм.
Гэр бүлийн зөвлөгч дээр ирж буй хосуудын хамгийн их маргаантай зүйл санхүү, хамгийн бага яригддаг сэдэв нь бэлгийн амьдрал байдаг. Гэхдээ гэр бүлийн амьдралын салшгүй нэг хэсэг учраас хэн хэн нь сэтгэл хангалуун байх нь чухал. Энэ нь хамтдаа мэдэрдэг зүйл учир нэг нь дангаараа эзэмшиж болохгүй. Эхэндээ сайн биш байж болох ч жил ирэх тусам нэгнийхээ юунд дуртайг мэдэн, суралцаж, сайжирдаг учраас хамтдаа сэтгэл хангалуун хийж чаддаг байх хэрэгтэй.
Эмэгтэй хүн цаг үргэлж юм бодож байдаг учраас үнсэх, илэх зэрэг оршил хэсгээр түүнийг бодлоос нь гаргаж ирээд секс хийвэл таашаал авч чаддаг.
Маргаан бол нэг зүйлийг 2 өөр талаас хараад ойлголцох гээд хичээж буй байдал. Амьдралд санал зөрөлдөх зүйл мэдээж олон тохиолдоно. Гэхдээ сорилтыг даван туулах сайн арга бол урьдчилан бэлдсэн байх. Тиймээс муудалцах үедээ хэн нэгнийгээ хүчирхийлэхгүй, зөв маргаж сурах хэрэгтэй.
Үерхэж байхдаа маргаж үзэх нь зүгээр. Зарим хүмүүс “Гэрлээгүй байхдаа ингэж байгаа юм чинь гэр бүл болчихвол бүр их зөрчилдөнө” гэж боддог. Үнэндээ эрт муудалцах тусам, маргааныг хэрхэн шийдэхээ хурдан сурч авна гэсэн үг.
Зөрчилдөх үед юм шидэхгүй, нэгэндээ хүрэхгүй, “Би төвтэй ярих” буюу өөрийнхөө мэдрэмж, санаа бодлыг хэлэхээс нөгөө хүнээ шүүмжлэхгүй байж сурах хэрэгтэй.
Хэлж болох хамгийн тохиромжтой үг бол “Би санал нийлэхгүй байна”
Түүнээс биш “Чи тэнэг юм уу, иймхэн юм ойлгохгүй” гэх зэргээр нөгөө хүнээ доромжилсон үгс хэлэхгүй байсан нь дээр. “Хайртай, дуртай, гомдоохгүй, уйлуулахгүй, үргэлж хамт байна” гэсэн амлалтууд маргааны үед байхгүй болж болохгүй. Тиймээс ямар үгийг хэзээ ч хэлэхгүй байх вэ гэдгээ анхнаасаа ярилцан тохирвол гомдол тээн амьдрахгүй. Орныхоо 2 талд зогсож байгаад маргадаг нэгэн гэр бүлийг би мэднэ. Маргааны үед сэтгэл хөдлөл ихтэй байдаг учраас нэгнийгээ түлхэх ч юм уу асуудал гарч магадгүй. Тайвширсны дараа харамсах зүйлгүй үлдэхийн тулд тэдний дүрмийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Дээрх зүйлсийг гэр бүлийн амьдрал зохиохоосоо өмнө сэтгэлзүйчийн хамт ярилцсаны дараа шийдэх нь үнэхээр чухал. Нэгэнт гэрлэсэн, хосын харилцаагаа сайжруулахыг хүсэж буй хүмүүс энэ нийтлэлийг уншиж байвал сэдэв бүрийн дагуу хоорондоо ярилцаж болно. Гэхдээ нэгийгээ шүүхгүй, хэлж байгааг нь хүлээж авна гэсэн шийдвэртэйгээр эхэлсэн нь дээр. Үгүй бол хэрүүл болоод дуусаж мэднэ.
Нэгнийхээ хүлээлтэд хүрэхгүй учраас урам хугарч, салах тухай бодож эхэлдэг учраас гэрлэлтийн талаарх бодлоо ижил түвшинд аваачих нь тун чухал.