Хүчиндүүлсэн эмэгтэйчүүд яагаад цагдаад мэдээлдэггүй вэ? Эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцжээ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг буруутгахад хохирогч өөрт нь дахин дарамт ирэхээс айдаг, мөн хаана хандахаа мэддэггүй, ажил орлогоо алдахаас айж, гомдол гаргасан ч арга хэмжээ авахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод хэргийг илчлэхээс татгалздаг. 

Тиймээс хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо яг хэд байгааг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг. Учир нь ийм хэрэг бусдын нүднээс далд болдог учраас нотлоход хүндрэлтэй. 

Мөн хууль эрх зүйн орчин хангалтгүй, хохирогчид ээлтэй бус, тэдний нэр төр, алдар хүндэд халддаг, аюулгүй байдал баталгаагүй, хохирогчийн хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг байна.  

“Хүйсийн тэгш эрх” төвөөс тодорхойлсон дүн шинжилгээгээр бол 2014-2016 онд бэлгийн хүчирхийллийн хэрэг цагдаагийн бүртгэлд 869 байснаа шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад 393 болж буурчээ. Хохирогчдыг буруутгах хандлага хүмүүс өргөдлөө буцаан татахад нөлөөлдөг байж болзошгүй. 

Тиймээс ч энэ тухай The New York Times дээр нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчдын асуудал зөвхөн Монголд ч бус дэлхий даяараа тэмцэж буй том асуудал юм.

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Шүүгч Brett M. Kavanaugh-г активистүүд эсэргүүцэн тэмцэж байна. Ерөнхийлөгч Трамп шүүгчийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байгаа эмэгтэйгээс “Яагаад өмнө нь ил гараагүй вэ?” гэж асуухад эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцаж эхэлсэн бөгөөд  #WhyIDidntReport (#ЯагаадМэдээлээгүйВэ) хаштаг үүссэн юм. 

Түрүү жил #MeeToo (#Бичбас) хөдөлгөөн нийгмийн сүлжээгээр ид тэсрэх үед, бэлгийн халдлагад өртсөн, дарамтад орж байсан, хүчирхийлүүлж, хүчиндүүлж байсан хүмүүс энэ талаар ярилцах цаг болсон гэж үзээд  олон нийтийн өмнө өөрсдийн түүхээ дэлгэв.  

“Яагаад чи өмнө нь энэ тухай мэдээлээгүй вэ?” гэсэн асуултын хариултыг өгөхийн тулд энэ шинэ хаштаг үүсжээ.  

Өнгөрсөн долоо хоногт 51 настай Christine Blasey Ford гэгч эмэгтэй ерөнхийлөгч Трампын кабинетийн Дээд шүүгчид нэр дэвшигч шүүгч Brett M. Kavanaugh-г буруутгасан захидал бичин ил гарч ирэв. Уг захидалд, өсвөр насандаа шүүгч түүнийг орон дээр хөдөлгөхгүй дарж байгаад оролдон, хашгируулахгүйн тулд амыг дарсан тухай бичсэн байна. Шүүгч  Kavanaugh энэ мэдэгдлийг үгүйсгэсэн. 

Зарим сенатын гишүүд Dr.Blasey-г буруу юманд хутгалдаж, улс төрийн ажиллагаа явуулж байна гэх мэтээр буруутгав. 30-аас ч олон жилийн өмнө болсон түүний яриад байгаа шиг тэр муу муухай халдлагыг яагаад эцэг эх нь холбогдох байгууллагад мэдэгдээгүй талаар Ерөнхийлөгч Трамп шалгааж, мэдээлж болох байсан гэв.  

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэгдэж #WhyIDidntReport шинэ хаштаг үүсгэн хүчирхийллийн эргэн тойронд тулгардаг бэрхшээл, хүндрэл, айдас, уур хилэн болон ичгэвтэр байдлын талаар онцлон хариултуудыг урсгалаа.  

“Сэтгэлийн гэнэтийн цочрол, болон юу болсныг тодорхойлоход даван туулагч хохирогчдод нилээдгүй цаг хугацаа шаардлагатай ” гэж урьд нь бэлгийн хүчирхийлэл болон цочролын талаар том судалгааны ажил хийж байсан Вашингтоны Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Carolyn M.West хэлсэн байна. 

Юу болоод өнгөрснийг ойлгосны дараа ч гэсэн энэ талаар гэрийнхэн болон найз нөхдөдөө хэлэхэд хэцүү. 

20 настай Caitlyn Leong-н хүчирхийлэгч нь тэр үед найз залуу нь байсан учраас хүмүүс өөрт нь итгэхгүй байх гэж бодсон. 37 настай Lerato Chondoma тэр явдал болохоос өмнө партин дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас хэлэхээс ичсэн. 59 настай Amy Selwyn, энэ талаар дуугүй өнгөрсөн нь  түүний карьерт нөлөөлж магадгүй гэж бодсоных. 

Гэхдээ одоо тэд олон нийтэд энэ тухайгаа ярьж байгаа нь бусад даван туулагчдад тус болж магадгүй гэж боджээ.  

Их сургуулийн оюутан Ms. Leong хүчирхийлэлтэй харилцааныхаа тухай жиргэсэн бөгөөд бэлгийн дарамтанд орж байснаа олон сарын дараа сая л нэг юм ойлгож найзууддаа хэлэв. 

Ms. Leong ярилцлагын үеэр ийнхүү хэлэв: “Ийм зүйлийн талаар ярихад хүмүүс сонсохгүй, итгэхгүй байна гэдэг ямар хэцүү гээч”  

Хүчирхийллийн талаар гомдол мэдүүлэх үйл явц нэр төрөнд халтай, цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан төвөгтэйгээр барахгүй хүнийг цөхрөөж цуцаадаг үйл явц гэж тэрээр хэлэв. 

“Энэ сэтгэлийн гүн гэмтлийг даван туулахад 30,40, магадгүй 50 жил болж сая л нэг юм хүмүүст хэлэхэд бэлэн болдог юм шүү гэж хохирогчдыг шүүмжлэгчдэд хэлэхийг хүсэж байна” гэж Ms. Leong хэлжээ. “Магадгүй, хэлэхэд айх аюулгүй  баттай болох хүртэл ийм л их цаг хугацааг туулдаг байх”

Ms. Selwyn-ий хувьд Нью-Йорк хотын нэгэн зочид буудалд 25 настай  байхад нь болсон явдлыг хүмүүст анх хэлэхэд 30 гаруй жил өнгөрсөн байж. Өөрийнх нь мэргэжлийн ментор түүнийг оройн хоолонд урин, өөрийн өрөөндөө оруулж хүчинджээ. 

“Би өөртөө их тэнэг санагдсан. Арчаагүй, сул дорой, доромжлуулсан мэдрэмж төрсөн. Мөн би хэн нэгэнд хэлэх юм бол миний карьер дуусна гэж бодсон.” хэмээн Ms. Selwyn хэлжээ. 

Өнгөрсөн жил Ms. Selwyn анх удаа энэ тухайгаа найзтайгаа гэв гэнэтхэн л ярьж эхэлсэн гэнэ. Түүний уур маш ихээр хүрч өөр даван туулагч хохирогчдод дэмжлэг үзүүлэхийг хүсэн өөрийн түүхээ Medium дээр 2017 оны 5 сард бичжээ. 

Тэрээр #MeToo хаштаг хөдөлгөөн, их дэмжлэг үзүүлэх ажил болсон гэв.  

“Энэ хөдөлгөөн олны танил биш хүмүүсийг ч зоригжуулсан хөдөлгөөн байсан.” гэж Ms.Selwyn хэлэв. 

Хүмүүс олон нийтэд өөрийн түүхээ ярих нь энэ бүхнээс чөлөөлөгдөх ач тустай боловч бас л сэтгэлийн шархыг сэдрээнэ. 

Ms. Chondoma #WhyIDidntReport хаштаг хэрэглэн жиргэсний дараа хэдийгээр олон эерэг хариулт авсан ч гэсэн илчлэгдэн нүцгэрсэн мэт мэдрэмж төрөн цочирдон сандарчээ. 

“Миний гэдэс базалж, бие арзайж байсан ч үүнийг хийх нь маш чухал зүйл гэж би бодсон” хэмээн хэлжээ. 

Тэрээр Өмнөд Африкийн их сургуульд оюутан байхдаа партидаж байгаад нэгэн эрэгтэйн оюутны байрны өрөөнд орсон гэнэ. “Хэтэрхий их уухаар л ийм юм болдог юм байна гэж би тэр үедээ бодсон.” гэжээ

Ms. Chondoma хэлэхдээ, 17 жил өнгөрсөн ч гэсэн ч энэ бүх зүйл сэтгэлийн хөндүүртэй, хэвээрээ байна гэлээ. 

“Тухайн үед би яаж амьдарч байснаасаа, эсвэл хувцаслалтыг минь шүүмжилдэг байснаас болоод үнэхээр өөрөөсөө ичдэг байсан” гэж тэрээр хэлжээ. 

Хүчирхийллийг даван туулагч хохирогчид өөрсдийгөө шүүмжлэх нь тун нийтлэг байдаг хэмээн Long Island Jewish Forest Hills эмнэлгийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст эмчилгээ үзүүлдэг сувилагч Amy Smith хэлжээ. 

“Хохирогчдод  шууд эргэлзэж эхэлдэг цорын ганц гэмт хэрэг бол энэ юм” гэж тэрээр нэмж хэлэв. “Хэрэв таны машин хулгайлагдсан бол тэд “Үнэхээр машин чинь хулгайлагдсан юм уу? Та яагаад тийм үнэтэй машин унаж байсан юм бэ?” гэж асуудаггүй. 

Сүүлийн арван жилийн хугацаанд Мs. Smith хүчирхийлэлд өртсөн талаараа мэдээлэгүй өнгөрсөн олон хохирогчдыг эмчилж  байсан ба харилцаагаа орхин явах нөөц боломжгүй эмэгтэйчүүд эсвэл согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас өөрсдийгөө гэм буруутай мэт  боддог өсвөр насныхан байсан байна. 

Хүчирхийллийн үеэр хөшсөн мэдрэмж төрдөг өвчтөнгүүд байдаг бол зарим нэг нь нэг эсвэл хоёр деталийг л санаж бусдыг нь таг мартан блоколдог байна. Бидний тархи гүн цочролын үед өөр өөр ажилладаг гэж тэр хэлжээ. 

“Сэтгэлзүйн хувьд айсан эсвэл уурласан үед миний олон өвчтөнүүд нэг бол тэмцэх эсвэл хөших байдалд ордог.”  “Хөших нь нөхцөл байдлаас салан тусгаарлаж буй үйлдэл, учир нь бидний тархи биднийг хүчтэй хамгаалдаг.” (Ms.Selwyn өөрийг нь хүчирхийлсэн этгээдийн оймс болон орны даавууны хээг одоо хүртэл санаж буй боловч тэр хэддүгээр сар байсныг санадаггүй.)

Dr. West хэлэхдээ; “Бэлгийн дарамт болон хүчирхийлэл нь бидний мэддэгээс хамаагүй илүү түгээмэл, учир нь хүмүүс энэ талаар ерөөсөө хэлэлцдэггүй, мэдээлдэггүй байна. Хэрвээ амьдарлын хувьд боломжтой эмэгтэйчүүд ил гарахад ийм хэцүү байдаг юм бол, гадуурхагдаж байгаа эмэгтэйчүүдэд ил гарахад ямар их хэцүү байгааг бид бодох хэрэгтэй.” 

Даван туулагч хохирогчид өөрсдийн туулсан бэрхшээлээ хэдэн арван жилийн дараа хуваалцаж байгаа нь хэдий  үр дүнтэй боловч, шаналгаатай, зовлонтой хэвээр байгаа тухайгаа илэрхийлсэн байдаг.  

“Нийгмийн сүлжээний энэ мэт хөдөлгөөнүүд амьдарлыг өөрчлөх боломжтой, учир нь хэдэн зуун мянган хүмүүс өөрсдийн түүхээ хуваалцааж байгааг хараад өөрийгөө ганцаараа энэ зовлонг амссан хүн биш гэдгээ та мэдэрдэг. Энэ бүтэж үхмээр аймшигт орчинд байгаа хүн нь зөвхөн та л гэж өөрийгөө мэдрэхээ больдог” гэж Ms. Leong хэлсэн байна. 

Энэ нийтлэл нь 2018.09.25-ний Нью Йоркийн дугаарын А19 хуудсан дээр: Трампын жиргээний дараа, Эмэгтэйчүүд өөрсдийн хүчирхийллийн золиос болсон түүхээс хуваалцаж байна гэсэн гарчигтай гарсан болно.  

Эх сурвалж: nytimes.com

2 Comments

  1. Dfasdff says:

    Хонгорзулаар бол дуугай өнгөрчөөд дараа нь эрчүүдийг хараагал явдаг юм билээ.

  2. guy says:

    eregtei hun huuhnuuded huchinduulsen bol yah ve?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.