Найман эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэгэн хэлбэрийн хөхний хавдраар оношлогдож байна

Олон улсад жил бүрийн аравдугаар сарыг хөхний хавдрыг нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх сар гэж үздэг.

Хөхний эсүүд эмгэгээр хуваагдаж эхэлснээр хөхний хавдар үүсдэг, тэрхүү эмгэг эсүүд эрүүл эсээс илүү хурдацтай хуваагдаг тул бэрсүү, эдийн бөөгнөрлийг бий болгодог. Хөхний хавдрын эсүүд нь тунгалгийн зангилаагаар дамжин биеийн бусад хэсэгт тархдаг. 

Ойролцоогоор 8 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэгэн хэлбэрийн хөхний хавдраар оношлогдож байна гэсэн судалгаа байдаг.

Хөхний хавдрын үед илрэх шинж тэмдэг

  • Хөхөнд орчны эдээс тусгаарлагдсан бэрсүү эсвэл хатуу зүйл тэмтрэгдэнэ
  • Хөхний хэмжээ, хэлбэр, харагдах байдал өөрчлөгдөнө
  • Хөхний арьсны өнгө хэсэг газарт, хөхний толгойн ойролцоо эсвэл бүхэлдээ өөрчлөгдөнө
  • Хөхний толгой татагдана.

Ихэнх хөхний бэрсүүнүүд нь хортой шинж чанаргүй байдаг ч нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай.

Хөхний хавдар үүсэх шалтгаан

Судлаачид хөхний хавдар үүсэх шалтгааныг дааврын, амьдралын хэв маягийн болон орчны нөлөөллөөс шалтгаалж байна гэж үздэг. Нийт тохиолдож буй хөхний хавдрын 5-10% нь удамшлын шалтгаантай байдаг.

Эрсдэлт хүчин зүйлс

  • Нас ахих тусам хавдрын эрсдэл нэмэгддэг
  • Хэрэв өмнө нь 1 талын хөхөнд хавдар оношлогдож, эмчлэгдэж байсан бол дахих магадлалтай
  • Илүүдэл жин нь хөхний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

      Түүнчлэн

  • Туяа эмчилгээ хийлгэж байсан, туяаны нөлөөнд өртөж байсан
  • 12 наснаас өмнө сарын тэмдэг ирсэн байх
  • Хэт хожуу цэвэрших
  • Эхний хүүхдээ 30-аас дээш насанд төрүүлсэн
  • Огт жирэмсэн болж байгаагүй
  • Цэвэршилтийн дараа даавар орлуулах эмчилгээ хийлгэсэн
  • Тогтмол архины хэрэглээтэй байх зэрэг нь хөхний хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
  • Сар бүр хөхөө шалгаж хэвших
  • Архи болон бусад хорт зуршлаас татгалзах
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Шаардлагагүй тохиолдолд цэвэршилтийн дараах даавар орлуулах эмчилгээнээс татгалзах
  • Биеийн жингээ хянах
  • Эрүүл, тэнцвэртэй хооллох зэрэг нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.

Хэрэв танд дээр дурсан хөхний хавдрын эрсдэлт хүчин зүйлс байвал хугацаа алдалгүй урьдчилан сэргийлэх  үзлэг, шинжилгээнд хамрагдаарай. Хөхний хавдрыг эрт үе шатанд илрүүлсэн тохиолдолд эдгэрэх бүрэн боломжтой. Мөн маш ховор тохиолдолд эрэгтэйчүүд ч хөхний хавдраар өвддөг гэдгийг мартуузай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.