ОХУ-ын эрүүл мэндийн яам Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-нд оролцож буй цэргүүдийнхээ үрийн шингэнийг үнэ төлбөргүй хөлдөөж хадгалахад зориулан төсөв батлахаар болсныг ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.
Оросын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Игорь Трунов ийм төсөл хэрэгжүүлэхийг эрүүл мэндийн яаманд уриалсан юм байна.
Яам түүний уриалгын хариуд “цэргийн алба хаагчдын үрийн шингэнийг хөлдөөх, биобанкад хадгалахтай холбоотой зардлыг 2022-2024 оны холбооны төсөвт суулгахаар болсон” тухай мэдэгдсэн гэнэ. Бас цэргийн ар гэрийнхэн даатгалтай бол хөлдөөсөн үрийн шингэнийг үнэ төлбөргүй авч ашиглах боломжтойг мэдэгджээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам энэ оны есдүгээр сард Украин дахь хүн хүчээ нэмэгдүүлэх зорилгоор цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, 300,000 гаруй бэлтгэл хүчийг хамруулсан билээ.
Үүний улмаас олон зуун мянган эрчүүд Оросоос гадаад орнууд руу дүрвэж байв.
Украины дайн одоо 11 дэх сардаа орсон ч Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-нд ахиц дэвшил бага байна.
Сүүлийн өдрүүдэд Оросын эрх баригчид дайныг зогсоох боломжийн талаар ярих болсон юм. Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Путин ийм санаа цухуйлгасан бол дараа нь гадаад хэргийн сайд Сергей Лавров бас давтжээ.
“Санаачилга одоо Киевийн дэглэм болон түүнийг дэмжигч Вашингтоны талд байна. Тэд утга учиргүй эсэргүүцлээ хэзээ ч зогсоох боломжтой” гэж Лавров сүүлд ярьсан байна.
Эх сурвалж: Reuters
1 Comment
Хөөрхий орос хүүхнүүд Боовгүй хэцүүдэх байхдаа. Хиймэлээр үр тогтооно гэсэн үг үү. Хөөрхий хэцүү л юм байна даа. Буриад, Тувад очиж хэдэн хүүхэн жирэмлүүлэхээс.