Секс дасгалжуулагч (sex coach) Э.Наранцацралттай ярилцлаа.
-Бэлгийн амьдралтай холбоотой сэдвээр анх сонирхсон нь 13 нас–
-Секс дасгалжуулагч гэж хэн бэ?
-Нэгдүгээрт, хосуудын дотно харилцаанд анхаарч ажиллана. Олон жил ханилсан боловч харилцаа нь хөрсөн, эсвэл ямар нэг байдлаар дотно харилцаа нь алдагдсан гэх мэт олон тохиолдол байдаг. Эдгээр хосуудыг чиглүүлж, харилцаагаа сэргээх, тордоход нь юуны түрүүнд анхаарна. Ингэхдээ тухайн хүнд асуудлыг өөрөө даван туулах чадварыг суулгадаг. Үүний дараа сексийн амьдралд нь зөвлөгөө, чиг өгнө.
-Энэ чиглэлээр та хэд дэх жилдээ ажиллаж буй вэ?
-Би уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй. Харин секс дасгалжуулагч чиглэлээр сүүлийн гурван жил ажиллаж байна. Бэлгийн амьдралтай холбоотой энэ сэдвээр сонирхож, судалж, хүмүүст зөвлөж эхэлсэн үе гэвэл 21-тэйгээс. Бүр анх сонирхсон нь 13 настай үе.
-Бэлгийн амьдрал, хосуудын сексийн харилцааны талаар яагаад сонирхсон юм бол?
-Би дасгалжуулагч гэхээсээ илүүтэй зөвлөгч, чиглүүлэгч, бизнес эрхлэгч (mentor, entrepreneur). Одоогоос хоёр жилийн өмнө би өөрийнхөө хийж буй энэ ажлыг дэлхий нийтэд хэрэгцээтэй, эрэлттэй ажлын нэг гэдгийг мэдээгүй явсан. Гэхдээ хүмүүс надаас тусламж эрж ирдэг, би тэдэнд зөвлөдөг, өнөө хийж буй ажлаа хийсээр л байсан. Ер нь бол хөшигний ард ажилладаг, ил гарч чаддаггүй байв. Гэр бүлийнхэн, найз нөхөд, ойр дотнынхон юу гэж бодох бол гэж санаа зовдог, эмээдэг байлаа. Мэддэг зүйлээ яриахаас ичдэг байсан гэх үү дээ. Харин “Миний бизнес” хөтөлбөрт оролцсоноор яагаад, юуны төлөө энэ ажлыг хийж буйгаа илүү ойлгосон. Хувь хүнийхээ хувьд өөрөө өөртэйгөө нэлээд ажилласны дүнд сул, давуу тал, хүсэл сонирхол, мэдлэг туршлагаа дэнсэлсэн гэх юм уу даа. Би онолынх нь хувьд мэдэхээс гадна надад олон жилийн туршлага байсан, энэ чиглэлээр.
-Туршлага гэдэг нь?
-Би бүр багаасаа гар хангалга хийж эхэлсэн. Гэтэл энэ гар хангалга гэдэг зүйл нь эмэгтэй хүний хувьд бэлгийн харилцаанаас маш гоё таашаал авах дадлага аж. Надад Солонгос багш бий. Тэр багшаасаа 5000 жилийн түүхтэй Даогийн янаглах урлагийн талаар суралцсан. “Төрөлхийн сэрэл мэдрэмжээ удирдах чадварт багаасаа суралцана гэдэг нь эмэгтэй хүний хувьд маш том давуу тал бөгөөд ур чадвар” гэж багш минь хэлж байлаа. Хэрхэн нэг хүнтэйгээ олон жил таашаалтайгаар бэлгийн хавьтал хийх вэ, энэ нь эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлж, урт наслах вэ гэхчлэн мэдэх, сурах зүйл чамгүй бий. Харин дээр дурдсан хөтөлбөрөөр дамжуулаад энэ талаар системтэй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх зэргээр зоригтойгоор дуугарч, ил гаран ажиллаж эхэлсэн юм. Тэгээд ч дэлхий нийтээрээ секс эмчилгээний эмч (sex therapist), секс судлаач (sexologist) гэх зэрэг нарийн мэргэжлийн талаар ч мэддэг болчихлоо шүү дээ.
-Эмэгтэй хүний дур тавих процесс яг булаг шиг-
-Тан дээр ихэвчлэн ямар насны хүмүүс тусламж эрж очдог вэ. Тэдэнд тулгамддаг нийтлэг асуудал юу бол?
-Ихэвчлэн 25-35 насны эмэгтэйчүүд ханддаг. Дур тавьж үзээгүй, чадахгүй байгаа, хааяа л дур ханадаг, эсвэл дараалаад олон удаа дур тавихыг хүсэж буй эмэгтэйчүүд ихэвчлэн ханддаг. Хэдийгээр хүн бүрийн биеийн онцлог өөр ч гэлээ энэ нь огт нөлөөгүй. Дур тавих гэдэг процесс хүний мэдрэлээс авахуулаад дотоод шүүрлийн систем буюу биеийн дотор явагддаг үйл явц. Өөрөөр хэлбэл, яг л булаг шиг. Булаг газрын гүнээс ундарч, яаж ч чулуугаар хашсан завсраар нь шүүрдэг, нэвчдэг. Үүний адилаар эмэгтэй хүний өндгөвч, дотоод шүүрлийн эрхтнүүд, өнчин тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагаа эрүүл байгаа л бол дур тавих бүрэн боломжтой. Гагцхүү сэтгэлзүйн онцлог, нөхцлөөс шалтгаалаад унтаа байдалд орчихдог. Гол нь сэрлээ ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас, эмэгтэй хүний сэрэл эрчүүдийг бодвол удаан хөдөлдөг. Дорно дахины ухаанд эмэгтэй хүнийг ус, эрэгтэйг галтай зүйрлэдэг. Эрчүүдийн сэрэл гал мэт хоромхон зуурт өдөөгддөг бол эмэгтэйчүүдийнх ус мэт. Долгилж буцалтал хугацаа орно. Энэ мэт ялгаатай байдлыг хосуудын аль аль нь ойлгох хэрэгтэй.
-Тэгвэл 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн хувьд?
-40 гаруй насны эмэгтэйчүүдийн амьдрал маш ачаалалтай. Ажлын хувьд карьер нь өсчихсөн ачаалалтай, ар гэрийн хувьд өсвөр насны хүүхдүүдтэй, харилцааны хувьд асуудалтай, нөхөртэйгөө олон жил ханилсан ч харилцаа нь хэдийн хөрчихсөн, үл ойлголцол ихэссэн байх нь элбэг. Дээрээс нь бие физиологийн хувьд цэвэршилтийн үе шат эхэлчихсэн, энэ нь сэтгэлзүйд нь нөлөөлчихсөн. Цаашид хөтөлбөрөө илүү сайн боловсруулж, энэ насныхантай ажиллах хүсэлтэй.
-Дээр дурдсан сэрлээ ойлгох гэдэг нь өөртэйгөө танилцах гэсэн үг үү?
-Яг үнэн. Сэрлийн цэгүүдээ л ойлгох төдийхнөөр бодож болохгүй. Тэр бол нэг л хэсэг нь. Сэрлийн цэгээ ойлголоо, дараа нь түүнийгээ өдөөх, өдөөсний дараа барихад суралцана. Үүнийг хөгжүүлэх дасгал бий. Энэ нь амьсгалын дасгал, гар хангалгаас эхэлнэ. Гэхдээ мэдээж одоогийн порно кинонд үзүүлдэг гар хангалга биш. 5000 жилийн түүхтэй энэ дасгалыг хийж сурснаар дур хүсэл ихтэй, сексийн идэвхтэй болно. Гэхдээ аливаа зүйлийн тунг хэтрүүлж болохгүй.
-Тэгэхээр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлзүйг юуны түрүүнд анхаарч, эмчилдэг байх нь ээ?
-Тэгнэ. Нэг кейс ярья л даа. “Би хүүхэд төрүүлснээс болоод харвин унжчихсан. Секс хийхээсээ ч ичдэг болчихлоо. Уг нь дур ханадаг байсан. Төрснөөс хойш чадахгүй болчихлоо” гэж байгаа юм. Хамгийн түрүүнд өөрийг нь хязгаарлаад буй бодлуудыг нь цэгцлэх хэрэгтэй. Ингэсний дараа яаж илүү их таашаалыг мэдрэх вэ гэдэгт нь түлхүү ажиллана. Тийм ч болохоор би 25-35 насны эмэгтэйчүүдтэй түлхүү ажиллах сонирхолтой.
-Бэлэг эрхтнийхээ хэмжээг голдог эрчүүд бишгүй-
-Эрчүүд хэр ханддаг бол?
-Хандана аа. Гэхдээ эрчүүдийнх шийдэхэд харьцангуй хялбар.Учир нь эрчүүд эмэгтэйчүүд шиг жижиг сажиг зүйлд санаа зовох, түүнээсээ болж сэтгэл гутралд автах нь бага. Ихэвчлэн түрүүлж дур тавих, түргэн дур тавьж буйдаа санаа зовнисон эрчүүд ханддаг. Гэхдээ олонх нь өөрсдийгөө буруу “оношилчихсон” байдаг. Үтрээ рүү бэлэг эрхтнээ шургуулаад 1-2 минут дотор дур тавьчихдаг бол энэ нь түргэн дур тавьдаг хүн бус, эмгэг дур тавилт буюу зайлшгүй шинжилгээ өгөх, түрүү булчирхайн ажиллагааг шалгуулах, цаашлаад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Түүнчлэн бэлэг эрхтнийхээ хэмжээг голдог эрчүүд бишгүй. Том л болгочихвол бүх зүйл окэй гэж боддог. Мөн угсруулж дур тавьдаг л бол өөрийгөө супер чалхтай гэж боддог буруу ойлголттой байх нь элбэг. Би эрчүүдэд зориулсан хөтөлбөр гаргаж эхэлсэн. Түүнийгээ улам чамбайруулаад, хойтон жилээс хосын сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй.
-Нэг талаас нь харвал эмэгтэйчүүд өөрсдөө бэлгийн боловсрол муутай нь хамаг асуудлынх нь үндэс юм биш үү?
-Энэ мэдээж нөлөөтэй. Үүний талаар судлаад үзэхэд монголчууд аль хэдэн зууны өмнө л эр, эм хүмүүсийг гэр бүл болгохдоо тусгайлан багш гаргаж, бэлгийн анхны харьцаанд ороход нь зөвлөдөг байсан тухай ном сударт бичсэн байдаг юм билээ. Гэтэл яван явсаар энэ сэдэв хаалтай болчихсон. Бидний үеэс л энэ сэдэв эргээд нээлтэй болж. Биднээс доош үеийнхэн харьцангуй мэдлэгтэй байгаа нь анзаарагддаг. Магадгүй дахиад хэсэгхэн хугацааны дараа хүмүүсийн ойлголт, хандлага улам өөрчлөгдөх болов уу.
-Сексийг зөв “жор”-оор хийвэл 90 нас хүртлээ ч хийх боломжтой-
-Эмэгтэйчүүд хосын харилцаа, бэлгийн харьцааныхаа талаар ярьж, тусламж авахдаа хэр нээлттэй байж чаддаг вэ?
-Нэг үеэ бодоход гайгүй болж байна. Таван жилийн өмнө хүнтэй ярилцахад ямар байсан, одоо ямар байгааг харьцуулахад ялгаа илт мэдэгддэг. Гэхдээ л хангалттай биш.
-Нөгөөтээгүүр, олонх гэр бүл салалтын гол шалтгаан араар тавилт байдаг. Үүний цаад шалтгаануудын нэг нь бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур байснаас болсон мэт харагддаг.
-Бэлгийн амьдралын хувьд хоорондоо нийцтэй байж чаддаг бол харилцаанд тулгарсан ямарваа асуудлыг шийдэхэд илүү хялбар байдаг мэт санагддаг.
-Эр, эм гэлтгүй дунд эргэм насанд хүрээд л бэлгийн сонирхол нь буурдгийн шалтгаан юутай холбоотой вэ. Стресс үү, амьдралын чанар гэхчлэн өөр хүчин зүйлс байна уу?
-Амьдралын чанар зөвхөн Монголын гэлтгүй дэлхийн нийтийн асуудал. Энэ мэдээж нөлөөтэй. Гэр бүл болоод арав гаруй жил болчихсон, хоёр хүүхэдтэй хос байлаа гэж бодъё. Дунджаар долоо хоногт 2-3-хан удаа бэлгийн харьцаанд ордог. Нэг удаа ороход үргэлжлэх хугацаа нь үсрээд л 10-хан минут. Долоо хоногт 20-хон минутыг бие биеэ мэдрэх, энхрийлэхэд зарцуулж байгаа нь харамсалтай байгаа биз. Үлдсэн цагаа мэдээж өөр зүйлд зарцуулна. Тэгэхээр дур хүсэл буурахаас яах вэ дээ. Нөгөө талаас, Монгол эрчүүдийн сексийн хүсэл буурч буй бас нэг шалтгаан нь залуудаа бэлгийн замбараагүй хавьталд орсноос, олон л хийгээд байвал чалхаа хадгална гэдэг ташаа ойлголтоос үүдэлтэй.
-Бэлгийн боловсрол муутай эмэгтэйчүүд янаглах урлаг битгий хэл сексийн олон төрлийн талаар мэдэх нь юу бол. Та үйлчлүүлэгчдэдээ энэ талаарх мэдлэг, мэдээллийг хэрхэн өгдөг юм бэ?
-Би хосуудад “жор”-ыг нь олгохыг хүсдэг. Түүнээс биш заавал аналь, ораль сексийг хийх хэрэгтэй гэх нь утгагүй. Нэг ёсондоо гурил, мах ашиглаад гурилтай шөл, цуйван, бууз, хуушуур гэхчлэн олон төрлийн хоол хийж болдог шиг “жор”-ыг нь зөв өгчихсөн байхад яаж л бол яаж таашаал авч болно. Гэхдээ миний хувьд илүү урт хугацаанд таашаалтай амьдрахыг л зааж байгаа юм. Олонх эрчүүд 45 хүрээд л сексийн хүсэл нь буурчихдаг. Гэтэл үүнийг зөв “жор”-оор хийвэл 90 хүртлээ ч хийх боломжтой. Энэ нь эргээд эрүүл мэндэд ч чухал нөлөөтэйг харуулж байгаа юм.
А.ТАЙШИР
SOURCE: eguur.mn