2000-аад оны үед “Victoria’s Secret”-ийн загварын шоуны алдар нэр оргилдоо хүрч, дэлхий даяар 10 сая үзэгчдэд хүрч байжээ.
“Victoria’s Secret” компани дөрвөн жил завсарлага авсан загварын шоугаа энэ намар бүрэн хэмжээний кино байдлаар эргүүлэн авчрахаар төлөвлөж байна. Энэхүү кино нь олон улс даяар цацагдах бөгөөд алдарт загварын арга хэмжээг шинэчлэн толилуулах аж.
“Victoria’s Secret”-ийн загварын шоу эмэгтэйчүүдийн гоо сайхныг хуучинсаг стандартаар харуулсан хэмээн шүүмжлэлд өртөж эхэлснээр түр завсарлага авсан юм.
Загварын арга хэмжээний анхны хувилбар 1995-2018 онд цацагдаж байжээ. 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, дэлхий даяар 10 сая үзэгчдэд хүрч байсан юм. Хэдий тийм боловч завсарлага авахаас өмнөх жилүүдэд шууд дамжуулалтынх нь рейтинг тасралтгүй унасан байдаг аж.
Бүрэн хэмжээний кино Богота, Токио, Лагос болон Лондон хотын 20 гаруй уран бүтээлч дээр төвлөрнө. Эмэгтэй бүрийн амьдралын түүх, үзэл бодлыг толилуулахыг “Victoria’s Secret” компанийн Бүтээлч захирал Рауль Мартинез мэдээллээ. Шоуны нэг хэсэгт коллекц бүтээх явц, нөгөө хэсэгт шинэ загваруудыг харуулна. Загварууд зөвхөн дотуур хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд даашинз, гадуур хувцаснуудыг ч багтаахыг тус компани онцолж байна.
Шинэ хөтөлбөр “Victoria’s Secret”-ийн оргинал загварын шоунаас хэр өөрчлөгдсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Оргинал шоуны бэлэг тэмдэг болсон “Сахиусан тэнгэрийн далавч” шинэ өнцгөөр эргэн ирэхийг тус компани дурдлаа.
SOURCE: gogo.mn