Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын мэдээлэл юу өгүүлэв

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд буюу ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Улмаар хохирогчид ламхай нар ч нэмэгдэж байгаа гэгдэж буй.

Ламхайн ээж: Хүүд минь “Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байна лээ

Хүчирхийлэлд өртсөн ламхайн ээж хэвлэлд мэдээлэл өгөхдөө: Дөрөвдүгээр сарын 21-нд анх хүүгээ дотуур байранд оруулсан. Хүүгээсээ хачин зүйлс сонсоод цочирдсон. “Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байна лээ. Мөн “Тамхи татаж сурах ёстой. Сурахгүй бол чи Энэтхэгт очоод угаасаа хар тамхи татна” гэсэн. Бэлэг эрхтнээ гаргаад “ганц бавъя, бавуул” гэхчлэн миний хүүд хэлж, ярьдаг байсан юм билээ. Сэтгэл санаа шоконд орж маш хэцүү байна.

Шүүх шинжилгээний анхны дүгнэлт гарсан. Ингэхэд “урагдалтай, улайлтай байна” гэдэг хариу гарсан. Үр хүүхдээ анхаарахгүй бол цаг хэцүү болж. “Дотуур хувцас нь цус болсон байсан. Бөгс рүү нь “юм” хийгээд байхаар хэцүү биз дээ. Мөн гэдэс нь гүйлгээд байгаа. Дотуур өмдөндөө баагаад муухай үнэр гараад байсан” гэхчлэн ярьжээ.

Мөн хохирогч хүү: “Ах нар бөгс руу минь нойтон юм хийгээд байсан. Гурван ах тэгсэн. Унтаж байхад ор луу минь ороод ирдэг. Тэгээд өмд шувтлаад миний боовыг бариад байдаг. Би хажуу дахь хүүхдүүдээсээ ичээд хэлж чаддаггүй байсан” гэхчлэн ярьсан байгаа юм.


ЦЕГ: Хүчиндэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байнa

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн энэхүү мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.

Тодруулбал, ЦЕГ-аас тодруулахад “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх мэдээллийг өглөө.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Гандантэгчэнлин хийд: Бид ч бас үнэн мөнийг тогтоолгохоор цагдаад хандсан

Эл хэрэг дээр Гандантэгчэнлин хийд одоо хүртэл олон нийтэд хандаж мэдээлэл хийгээгүй, таг чимээгүй хэвээр байгаа юм. Иймд бид тус байгууллагатай холбогдож, тодруулга мэдээлэл авсан юм.

ЦЕГ-аас ламхай нар бэлгийн хүчрихийлэлд өртдөг гэдэг мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн байна. Танай байгууллагын холбогдох хүмүүсээс болон ламхай нараас мэдүүлэг, байцаалт авсан уу?

-Өнгөрөгч баасан гарагт /2023.05.16/ цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгцгөөсөн. Ганц хоёроороо биш бүх нийтээрээ асуулгаж, байцаагдсан. Ламхай нар ч бас мэдүүлэг өгч байгаа.

-Хэдэн удаа мэдүүлэг авсан бэ?

-Нэг удаа. “Шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч” гэх хүсэлтийг бид мөн цагдаагийн байгууллагад гаргасан. Энэ дагуу шалгуулж байна.

-Танай дотуур байр хараа хяналт султай юм уу, тэнд хүний эрх зөрчигдөж хүчирхийлэл үйлдэгдэж байгааг багш нар мэдээгүй юу?

-Уг нь улсын таваас зургаан байгууллага нийлж байгаад манайд жилдээ нэг удаа ирж, шалгалт хийдэг. Манай ламхай нарын дотуур байр яг л зохих стандартын дагуу л ажилладаг. Ээлжээр гардаг жижүүртэй. Камержуулалт сайтай. Харин ламхай нарын өрөө болон ариун цэврийн өрөөнд камер байхгүй. Хүний эрх гэдэг утгаараа шүү дээ.

-Насны ялгаа гарч байгааг хэрхэн анзаардаг вэ. Бага насныхныг том ах нараас нь тусад нь байлгах боломжгүй юм уу?

-Доод тал нь 9, 10 дээд тал нь 18 настай хүүхдүүд бий. Насны ялгаа гаргахгүй байхыг лам багш нар нь аль болох л хичээдэг. Энэ үүднээс бага, том хүүхдүүдийг тусад нь байрлуулдаг. Одоогоор дотуур байранд хэчнээн хүүхэд байрлаж байгааг хэлж мэдэхгүй байна.

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүгэл үлээсэн хүү танайд хэр удаан шавилан сууж байгаа юм бэ?

-Хоёр л сар болж байгаа.

-Танайх яагаад олон нийтэд хандаж мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Байгууллагын тань нэр хүнд төдийгүй шашинд итгэх олон нийтийн итгэл унасаар байна шүү дээ?

-Цагдаагийн байгууллага шалгаж дууссаны дараа олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх болно. Одоо юу ч тодорхой болоогүй байхад мэдээлэл хийх боломжгүй байна.

-Одоо л олон нийтэд ил болж байгаа болохоос бараг арав гаруй жил ужгирсан хэрэг гэсэн шүүмжлэл маш их хөвөрч байна?

-Миний хувьд гэхэд л хорь гаруй жил болж байна. Ийм бусармаг зүйл тохиолдож байсангүй. 1990 оноос шавилан сууж байгаа ах нар маань ч хэлдэг. Ийм зүйл ер гарч байгаагүй. Бид бүгд гайхацгааж байна.


ХЭҮК: Ламхай нарын дотуур байрыг шалгаж байгаагүй

ХЭҮК-ийн дарга Ж.Хунангаас өмнө нь Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд шалгалт хийж байсан, одоо хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр “Ганданд өмнө нь шалгалт хийж байсан. Ламхай нарын дотуур байрыг харин шалгаж байгаагүй. Одоогоор манайд энэ талаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Ажлын хэсэг гаргаад шалгах болно. Хөдөө гараад явж байна, очиж байгаад нэгдсэн мэдээлэл өгье” хэмээсэн юм.


ГБХЗХГ: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллаж эхэлсэн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ламхай нар хүчингийн хэргийн хохирогч болсон асуудалд хэрхэн хандаж, ажиллаж эхэлсэн талаарх мэдээлийг тодруулсан юм.

Ингэхэд тус байгууллагын зүгээс “Цагдаагийн байгууллагаас эл хэрэг дээр Эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажиллагаа явуулаад эхэлчихсэн байна лээ. “Энэ хэргийг дангаараа шалгана өөр байгууллага оруулах шаардлагагүй” гэсэн. Энэ дагуу манайхаас оролцох ямар ч боломжгүй. Харин Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гандангийн дотуур байранд дахиж ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн” гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Ламхай нар хүчирхийлэлд өртдөг үү, энэ байдал олон жил ужгирсан, өнөөдөр л хүүгийн шүгэл үлээлтээр нийгэмд ил болж байгаа асуудал уу гэдэг асуултууд бидний өмнө гараад ирлээ.

Гандантэгчэнлин хийдийн зүгээс хэвлэл холбогдоход асуултад нээлттэй хариулж байгаа болохоос албан ёсоор олон нийтэд хандаж тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Учир нь тэд цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгаж дууссаны дараа мэдээлэл хийнэ гэх байр суурьтай байгаа аж. Тэд өөрсдөө ч цагдаагийн байгууллагад давхар хандсан гэв.

Харин Хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх учиртай ХЭҮК өмнө нь нэг ч удаа эл хийдийн дотуур байр луу шагайж байгаагүй аж. Ниргэсэн хойно нь “одоо шалгалт, хяналтын ажиллагаа явуулна” гэж хариулж байгаа юм. Харин хүүхдийн эрх уланд гишгэгдэхээс урьтаж ажиллах учиртай ГБХЗХГ нь “цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул бид оролцохгүй, одоо дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ажиллана” гэх хэлж буй.

Товчхондоо хүний эрх, хүүхэд хамгааллын байгууллагууд ямар дүлий, сохор ажилладаг болохын жишээ энэ юм.

SOURCE: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.