Алдартай рэпперүүдийн нэг, хөгжмийн продюсер “Diddy” Шон Комбс хуучин найз бүсгүй болох “Кэсси” тайзны нэртэй R&B дуучин Кассандра Вентуратай тохиролцож, шүүхэд гаргасан гомдлыг нь хаалгахаар болсноо өчигдөр зарлажээ.
Тэд яг ямар нөхцөлөөр тохиролцсоноо нууцалж байна.
37 настай Кэсси мэдэгдэлдээ “Энэ асуудлыг надад тодорхой хэмжээний хяналт өгөх нөхцөлтэй эвийн замаар шийдвэрлэхээр боллоо” гэжээ.
Комбс “Бид энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхээр шийдлээ. Кэсси болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэж байна” гэж мэдэгдэлдээ бичсэн байна.
Пүрэв гарагт Кэсси АНУ-ын холбооны шүүхэд хуучин найз залуугийнхаа эсрэг гомдол гаргасан юм. Ингэхдээ Комбсын талаар тун таагүй баримтуудыг дэлгэж байв.
Тухайлбал Комбс өөрөө таашаал эдлэхийн тулд хөлсөлж авсан эрэгтэй биеэ үнэлэгчидтэй түүнийг бэлгийн харилцаанд албадан оруулж, үүнийг дүрс бичлэгт буулгадаг байсныг Кэсси гомдолдоо дурдсан байв.
Мөн 10 жилийн турш хамтран амьдрахдаа байнга зоддог, архи, хар тамхи албадан хэрэглүүлдэг байсан гэжээ.
2018 онд харилцаагаа таслах санал гаргаад хүчиндүүлж байснаа бас дурдсан байна.
Комбс түүний гаргасан бүх гомдлыг няцааж байв.
Комбс 2005 онд 19 настай Кэсситэй танилцсаныхаа дараахан түүнтэй өөрийн “Bad Boy Records” студид цомог бичүүлэх 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж байжээ.
Үүнээс хойш цөөн хэдэн жилийн дараа тэд дотно харилцаатай болсон байна.
Кэсси өөрт учруулсан сэтгэл санаа, бие махбодын хохиролдоо $30 саяыг нэхэмжилж, зөвшөөрөөгүй тохиолдолд харилцааныхаа түүхээр ном бичихээр сүрдүүлсэн тухай Комбсын өмгөөлөгч Бэн Брафман өмнө нь мэдээлж байжээ.
Одоо 54 настай Шон Комбс нь хип-хоп ертөнцийн хамгийн нөлөө бүхий продюсерүүдийн нэгээс гадна “Sean John” бэлэн хувцасны брэндийг үүсгэсэн бизнесмэн юм.
Эх сурвалж: Reuters