Нэг дээд сургуулийн … инженерийн …-р дамжааны оюутан, 19 настай Д.А… нь “бэлгийн харьцаанд орно” хэмээн үргэлжилсэн үйлдлээр 75 эрэгтэйгээс 30,0-330,0 мянган төгрөгөөр нийт 7,3 саяыг шилжүүлэн авч залилжээ. Хохирогчид нь бүгд согтуу үедээ “санхүү авна” гэсэн групп рүү орж эмэгтэй хүний дүрд чадварлаг хувирсан залуутай холбогдсон аж. Мөн тэдний ихэнхи нь орон нутгаас ирэгсэд байжээ.
“ … 2023 оны 3-р сарын 26-ны өдөр хөдөөнөөс Барс захад ажлаар ирээд харилцагч нартайгаа уусан. Дараа нь “санхүү авна” гэсэн групп руу ороход … гэх фейсбүүк хаягнаас санхүү авна гэсэн байхаар нь чатаар холбогдож бэлгийн харьцаанд орохоор тохиролцсон. “Мөнх Хустай” гэдэг буудалд ир гэхээр очсон. 6-р давхарт гарахад эхлээд 200 мянгын урьдчилгаа мөнгө шилжүүл гэхэд би тэр дор нь 250 мянгыг хийсэн. Дараа нь секс хийх үед хазаж базаж хөхөрч няцруулахгүй, биед халдахгүйн баталгаа болгож ахин 200 мянгыг шилжүүл гэхэд нь шилжүүлсэн. Тэр эмэгтэй сексийн дараа идэх хоол унд захиална, 100 мянгыг хий, утга дээр нь сет гэж бич гэхээр бас шилжүүлсэн. Мөнгө хийнгүүт намайг бүх юмаараа блоклосон. Гомдолтой байна …”
“ … 2023 оны 3-р сард хотод нутгийн хоёр залуутай ажлаар ирж буудалд орсон. Тэр хоёрыг хамаатан луугаа явсаны дараа хамт архи уух хүн олдохгүй, фейсбүүк ухаж “санхүү авна” гэсэн зард лайк дартал нэг охин над руу чат бичээд ороод ирсэн. Би согтсон тул сайн санахгүй байна. Ямар ч байсан 25-р эмийн сангийн урд талын Тайж гээд зочид буудалд уулзана гээд байсан. Тухайн эмэгтэй над руу баахан данс явуулаад урьдчилгаа хий гээд байхаар нь эхлээд 30.000 төгрөг, дараа нь 30.000, 20.000, 70.000, 100.000, 25.000, 30.000, 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мэтээр мөнгө хийлгэж байгаад намайг блоклосон. Мөнгөө буцааж авмаар байна …”
“… 2023 оны 4-р сард хөдөөнөөс ирээд цахим орчинд мэдээлэл харахад “санхүү авна” гэсэн зар байхаар нь сонирхоод залгаж мэдээлэл авсан. Тэгтэл “та урьдчилгаа болгож 30.000 төгрөг шилжүүл” гэхээр нь шилжүүлсэн. Дахиад 50.000 төгрөг хийгээрэй гэхэд нь мөн л шилжүүлсэн. Тэгтэл “та дахиад мөнгө хийвэл би охиноо өрөө рүү чинь орууллаа” гэхэд нь ахин 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлээд тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн. Ингээд залилуулсанаа мэдсэн. Хохирлоо барагдуулмаар байна …”
“… 2023 оны 3-р сарын 10-ны өдөр хотод ирээд найзуудтайгаа бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэж байгаад салсан. Ганцаараа байхдаа цахим орчинд мэдээлэл үзэхэд “санхүү өгнө, авна” гэсэн нийтлэл байсан. Сонирхож үзье гэж бодоод тухайн юнителийн дугаар руу залгахад … гэсэн данснууд руу мөнгө шилжүүл гэхээр нь согтуудаа олон удаагийн гүйлгээгээр нийтдээ 270.000 төгрөгөө шилжүүлж залилуулсан. Мөнгөө буцааж авмаар байна …”
“… 2023 оны 1-р сард хөдөөнөөс ирээд хамаатныдаа буусан. Фейсбүүк үзэж байгаад эмэгтэй хүний зурагтай хаягнаас “санхүү авна” гэх зар тавьсаныг харсан. Зарын дагуу чат бичиж санхүү өгөхөөр тохиролцоход Баянгол дүүргийн 4-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх Хустай гэх зочид буудалд хүрээд ир гэсэн. Очоод чат бичихэд “эхлээд урьдчилгаа 30.000 төгрөг хийчих, одоо манай захирал буугаад очно” гээд … дансны дугаар явуулахад нь “1” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө хийснээ хэлэхэд дахин 70.000 төгрөг хийчих гэхээр нь мөн л шилжүүлсэн. Дахин чат бичихэд 30.000 төгрөг нэхэхээр нь шилжүүлсэн. Удалгүй “охин таксигаар очиж явна, унааны мөнгө 45 мянга” гэхээр нь бас шилжүүлсэн. Намайг Мөнх Хустай зочид буудлын 802 тоот өрөөнд ир гэсэн. Гэтэл тэр өрөө нь хүнгүй байсан. Би нийтдээ 175 мянган төгрөгөө залилуулсан. Намайг хохиролгүй болгож өгнө үү …”
Эмэгтэй хүний дүрд хувилсан залуу баригдаж шүүх хурал болоход хоёр өдрийн завсарлага авч байгаад нийт 7,3 саяын хохирлынхоо 6,8 сая төгрөгийг төлөөд хорих ялаас мултарчээ. Түүнийг 450 мянган төгрөгөөр торгосон байна.
SOURCE: alim.mn