Бэлгийн бойжилт хэзээ эхэлдэг вэ? Хүүхдийн бэлгийн бойжилт өсвөр наснаас нь эхэлдэг гэж олонх хүн үздэг ч үнэндээ нярай цагаас нь эхлээд тасралтгүй явагддаг хэмээн мэргэжилтнүүд онцолж буй. Хүүхэд нярай үедээ бэлгэ эрхтнээ оролддог нь үүний илрэл ажээ. Энэ нь “секс” гэх үгийг тойрон бидний оюун санаанд бүрэлдсэн ойлголтоос өөр бөгөөд хүний төрөлх зөн билэгтэй холбоотой үйлдэл хэмээн Канадын Онтарио мужийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн бэлгийн хөгжил судлаач Тара Жонсон бичжээ. Биеийн хөгжлөө сонирхож эхлэх нь хүний хөгжих үйл явцын салшгүй нэг хэсэг юм.
Хүүхдэдээ багаас нь биеийнх нь эрхтний нэрийг чөлөөтэй хэлж өгч байх нь тустай аж. Ингэснээр хүүхдүүд биеийнхээ хөгжлөөс эмээхээ больж, хожим ч ичиж зовох нь харьцангуй бага байдаг хэмээн судлаачид онцолсон байна. Нөгөө талаас, багаас нь ярилцахгүй байсан атлаа гэнэтхэн нэг өдөр сексийн тухай ярьж эхэлбэл хүүхэд тань бодсон санаснаа хэлэх нь юу л бол.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд хүний биеийн хөгжлийг хэнээс ч илүү сонирхдог. Хэрэв хүссэн хариултыг нь өгөхгүй бол өөрсдөө түүх зохиож, элдвээр сэтгэн буруу ойлголт төрүүлэх нь бий. Хүүхэд хэрхэн бий болдгийг энгийн байдлаар тайлбарлах үе нь энэ. Дөрвөн настай хүү тань хүүхэд хаанаас бий болдгийг асуувал “Аавынх нь үр, ээжийнх нь өндөгтэй нийлээд ээжийнх нь гэдсэнд байдаг сав гэдэг зүйлд хүүхэд ургадаг” гэж хэлж болох жишээтэй. Ингэж тайлбарласаар байтал “Яагаад?” гэж асуусаар байвал асуух зүйлгүй болтол нь маш эвтэйхнээр хариултыг өгсөөр байх хэрэгтэй. Ингэвэл хүүхдийнхээ бэлгийн боловсролд өөрсдөө “эзэн болж” чадна. Хүүхэд тань өөр нэг хүүхдийг сонирхож байвал бүү загнаарай. Гэхдээ бусдын биед хаа хамаагүй хүрч болохгүй, бусад ч өөрийнх нь биед хамаагүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах ёстой.
Энэ насны хүүхдүүдийн зарим нь хүүхэд хэрхэн бий болдог тухай сая сонирхож эхлэх бол бусад нь сексийн тухай мэдээлэл эрж эхэлсэн байдаг. Ийм насанд хүүхдэд сексийн тухай үнэн бодитоор товч тайлбарлахад хүүхэд ойлгодог, бас ичих мэдрэмж нь сайн хөгжөөгүй байдаг тул тэгтлээ (өсвөр насныхантай харьцуулахад) ичдэггүй аж. Өсвөр нас нь эхлэхээс өмнө бие нь хэрхэн өөрчлөгдөх тухай тайлбарлах нь эрүүл өсөлтөд чухал нөлөөтэй. Одоо цагт бэлгийн бойжилт эрт явагддаг болсныг хэн бүхэн мэднэ. Хүүхэд тань элдэв асуулт авахгүй байвал тэр нь та тэр сэдэв хаалттай гэж хүүхдэдээ ойлгуулсантай холбоотой гэж Т.Жонсон хэлж байна.
10-13 насны хүүхдүүд өөрсдийгөө сексийн тухай мэддэг болчихсон гэж итгэсэн байдаг. Үеийн хүүхдүүдтэй харилцахдаа секстэй холбоотой үг хэллэг ашиглаж байж ч мэдэх юм. Гэхдээ хэрэглэж байгаа үгсийнхээ утгыг сайн ойлгоогүй байх нь бий. Иймд бэлгийн бойжилт нь эхэлж буй хүүхдийнхээ асуултуудад өөрөө хариулах хэрэгтэй. Бие, сэтгэл санаанд нь гарч буй өөрчлөлтүүд энгийн үзэгдэл, хүнд бүхэнд тохиолддог, бас хүн бүрийн хувьд харилцан адилгүй хурдтай явагддаг гэдгийг ойлгуулах нь чухал. Харц тулгарч, “хэцүү яриа”-г улам хүндрүүлэхгүйн тулд машинд ярилцаж болох юм. Хамтдаа кино үзэж байхад сексийн хэсэг гарвал дуугаа хураахын оронд тэр тухай ярилцах хэрэгтэй. Хүүгээ охидод хүндэтгэлтэй ханддаг нэгэн болоосой гэж хүсэж байгаа бол одоо л эхлэх цаг.
Бэлэн ч бай, бэлэн бус ч бай бэлгийн харилцаанд орох шаардлагатай мэт тэдэнд санагдана. Сексийн тухай ярилцахад эвгүй байсан ч заавал ярилцах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь гормоны өөрчлөлтөөс болж байгаа гэдгийг хэлснээр тэр байдлаасаа болж цочирдож, давхар шаналахаас нь сэргийлж чадна. Секстэй холбоотой мэдээлэл хаа сайгүй байгаа энэ үед интернэт, кино нэвтрүүлэгт гарч байгаа зүйлс ихэвчлэн бодит байдалтай ойр бус, залуу хүмүүсийн дийлэнх нь бэлгийн байнгын идэвхтэй харилцаагүй гэдгийг хэлэх нь зүй. Бас бие биедээ хайртай бол бэлгийн харилцаанд орох нь буруу үйлдэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэгэнт хүүхдийнхээ бэлгийн амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж, удирдах боломжгүй тул шийдвэр гаргахад нь туслах мэдээлэл өгч, хариуцлага хүлээж сургах нь чухал ажээ. Бэлгийн харьцаанд эрт орвол үүсэж болох хүндрэлүүдийг загнасан бус зөвлөсөн маягтайгаар, зөөлнөөр хэлж ойлгуулбаас хожим асуудал үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
Порногийн тухайд
Хүүхэд тань компьютер дээрээ порно үзсэн байвал бүү загнаж зэмлээрэй. Тэд өөрсдөө хайгаагүй ч байсан хаа сайгүй таарах магадлалтай тул том хүмүүс тэр кинонд гардаг шиг авирладаггүй, бодит харилцаа дэлгэц дээр үзснээс нь өөр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Харсан зүйлээсээ ичсэндээ ярилцахгүй байж болох ч цочирдохуйц зүйл олж харсан бол заавал ярилцаж сэтгэлийг нь зүгшрүүлэх нь чухал аж. Аав ээж нь бас компьютер дээрээ ажлаа хийж байхад тийм зураг, бичлэг гарч ирдгийг хэлж, буруу зүйл хийсэн гэх мэдрэмжийг нь эергээр ашиглах хэрэгтэй.