Дональд Трамп: Би Тэйлор Свифтийг үзэн ядаж байна!

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр поп од Тэйлор Свифтийг “үзэн ядаж” байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр Ням гарагт өөрийн эзэмшдэг Truth Social платформын хуудсандаа “I HATE TAYLOR SWIFT!” хэмээн бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт болсон телевизийн мэтгэлцээний дараа Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж байгаагаа Свифт өөрийн 284 сая дагагчтай Инстаграм хуудсанд зарласан юм.

Truth Social платформд 7.71 сая дагагчтай Трамп эхэндээ түүний мэдэгдлийг үл ойшоож, өөрийгөө Свифтийн фэн биш гэх зэргээр дургүйцлээ илэрхийлж байжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд Харрисын дэмжлэг нэмэгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй хэмжээнд хүрсэн тул Трамп өнөө цаг үеийн хамгийн амжилттай поп уран бүтээлчийн эсрэг хэл амаар дайрч эхэлсэн бололтой.

Трампын дээрх мэдэгдлийн дараа Харрисын дэд ерөнхийлөгчийн суудалд сонгогдсон Тим Уолц “Свифтийн фэнүүдэд: Та бүхний дэмжлэгтэйгээр бид бүх цаг үеийн түүхэнд амьдарч байсан хамгийн бяцхан эрийг ялах болно” гэж Х хуудсандаа бичсэн байна.

Тэйлор Свифтийн нэг дуу “The Smallest Man Who Ever Lived” гэсэн нэртэй байдаг.

Трамп, Свифт нарын маргаан олон жил үргэлжилж байгаа.

2018 оны конгрессын сонгуулиар Свифт ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлэхэд Трамп “Одоо миний Тэйлорын дуунуудыг сонсох хүсэл 25 хувиар буурсан” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байв.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.