Заг хүйтэн

Гонококк гэдэг нян үүсгэдэг. Заг хүйтэн нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд бэлгийн хавьтлын хэлбэр (үтрээ, шулуун гэдэс, амаар)-ээс шалтгаалан шээс, бэлгийн замын эрхтэн , шулуун гэдэс, амны хөндийн салстыг гэмтээдэг.

Халдвар авснаас хойш 24-72 цагийн дараа анхны шинж тэмдэг илэрнэ. Заримдаа Хүйтэн өвчин гэж нэрлэдгээс шалтгаалан уг өвчнийг доороосоо даарсантай холбож ойлгодог хүмүүс байдаг. Гэвч энэ нь тийм биш юм. Энэ өвчний үүсгэгч зөвхөн халдвар авсан эрэгтэй хүний үрийн шингэн, эмэгтэй хүний үтрээний шүүрэлд агуулагддаг.

Ямар замаар халдвар дамжих вэ?
Гол нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжин бэлэг эрхтэн, шулуун гэдэс (шулуун гэдсээр секс хийх үед), залгиур хоолойг (амаар секс хийх үед) өвчлүүлдэг. Мөн халдвартай эхээс төрсөн хүүхдийн нүд үрэвсэж өвчлөх нь бий.

Нууц үе: Халдвар авснаас хойш дунджаар 2- 7 хоногийн дараа анхны шинж тэмдгүүд илэрнэ.

Шинж тэмдгүүд:
Эрчүүдэд:
– Заг хүйтний шинж эрэгтэйчүүдэд илүү тод илэрдэг боловч нийт тохиолдлын 10% орчимд нь шинж тэмдэггүй явагддаг.
– Шээсний сүвнээс идээрхэг ялгадас гарах
– Шээхэд хорсож өвдөх боловч заримдаа хорсохгүй байж болно.

Шээсний сүв орчмоор улайж хавдаж болно. Мөн шээсний сүвнээс идээт ялгадас гарах, шээхэд өвдөх, ойр ойрхон шээх, бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Амаар бэлгийн хавьталд ороод халдвар авсан тохиолдолд хоолой хөндүүрлэн өвдөж болно.

Эмэгтэйчүүдэд:
– Нийт тохиолдлын 80% орчимд нь шинж тэмдэггүй явагддаг.
– Үтрээнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэхийн зэрэгцээ өнгө нь өөрчлөгдөж идээрхэг болно.

Бэлгийн хавьтлын үед өвдөж болохоос гадна зарим хүнд шээхэд шээсний сүвээр хорсож өвдөх, ойр ойрхон шээс хүрэх зовиур гардаг бөгөөд үүнийг ихэнхи эмэгтэйчүүд Би циститтэй болчихлоо гэж ойлгох нь түгээмэл байдаг. Учир нь заг хүйтний үүсгэгч шээсний сүвийг үрэвсүүлсэн үед эдгээр зовиурууд илэрдэг байна. Мөн үтрээнээс хэвийн бус цайвар шар, ногоовтор өнгийн ялгадас гарах, загатнах, шээхэд өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх, шулуун гэдэсний амсар орчим загатнах, идээт ялгадас гарах.

Ямар шинжилгээ хийлгэх вэ?
Заг хүйтэн өвчний халдварыг илрүүлэх гол шинжилгээ нь наац буюу мазокийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл өвчний үүсгэгч агуулагдаж болох хэсгээс дээж авч шинжилнэ гэсэн үг. Ихэнхидээ эрэгтэй хүний шээсний сүв, эмэгтэй хүний умайн хүзүүний суваг, шээсний сүв, үтрээнээс шинжилгээг авдаг. Эрэгтэйчүүдийн хувьд ямар нэг илрэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байгаа нөхцөлд 4-6 цаг шээхгүй байсны дараа эсвэл өглөө шээхгүй байж байгаад шинжилгээ өгөх нь илүү тохиромжтой байдаг.

Ямар эмчилгээ хийлгэдэг вэ?
Шинжилгээ өгөөд онош тогтоогдсон нөхцөлд мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй, бүрэн гүйцэд хийвэл төгс эмчлэгддэг өвчин юм. Эмчилгээ эмчийн хяналтан дор хийгдэх бөгөөд дунджаар 5-7 хоног үргэлжилнэ. Харин эмчилгээ дуусснаас хойш дахин шинжилгээ өгч өөрийнхөө бүрэн эрүүл болсон эсэхээ заавал тогтоолгох хэрэгтэй.

Эмчилгээ хийлгээгүйгээс гарах үр дагавар
Ямарваа нэг өвчнийг эмчлүүлж байж л эдгэрдэг. Хэрэв эмчлүүлээгүй тохиолдолд өвчин архагшин үлддэгтэй адил энэ өвчнийг эмчлүүлээгүй нөхцөлд өөрөө эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Харин архагшин хадгалагдаж хүндрэхийн зэрэгцээ бусдад халдвар тараах нөхцөл бүрэлдэн бий болдог. Мөн энэ өвчнийг дагаж гарах хүндрэлүүд гэвэл, эрэгтэйд төмсөг, түрүү булчирхай үрэвсэж гэмтснээс үргүйдэх, шээс задгайрах болон шээс хаагдах, тасалдах хүндрэл үүсгэнэ. Эмэгтэйд умайн гаднах жирэмслэлт, үргүйдэл үүсч болно.

Анхаарах зүйл
Ямар ч хүн эмчилгээ хийлгэхгүйгээр аяндаа эдгэрнэ гэж үгүй. Заавал эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчлүүлээгүй тохиолдолд архагшиж, улмаар үргүйдэлд хүргэх сөрөг үр дагавартай. Төрөх явцад халдвартай эхээс нярайд энэ өвчин халдварладаг гэдгийг анхаарах нь зүй ёсны юм.

SOURCE: Энэрэл эмнэлэг

2 Comments

  1. Hohoo says:

    Emegteichvvdiin urewsliin laa sanaa zowoltgui

  2. Бэхээ says:

    Манай эхнэр тержинан гдг лаа ал руугаа хийгээд бхын, тэр юуны лаа вэ? арай . . .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.