24-н цэцэрлэгт ажилладаг нэгэн багш ийнхүү бичжээ: Сайн байцгаана уу. Би 24-ийн цэцэрлэгт ажилладаг цэцэрлэгийн багш байгаа юмаа. Би нийт ангидаа 45 хүүхэдтэй ажиллаж байна. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ явуулах сонирхолтой аав ээжүүд түгээмэл болжээ. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ өгсөнөөр хүүхэд хурдан биеэ даана, хувцас эд хэрэглэлээ төвөггүй хэрэглэж, өмсөж , тайлж сурна.
Мөн хичээлүүдээ бие даагаад хийчихдэг болно. За бусад нь гэвэл 24-ийн хүүхдүүд шөнө маш их уйлдаг. Нэг нь уйлахад бусад нь дагаж уйлдаг. Зарим нь орондоо өдөр бүр шээнэ. Уйлж байгаа ганц шалтгаан нь аав ээж , гэр бүлээ санасан нь тэр. Санаад байна аа нэг залгаад өгөөч багшаа нэгхэн утсаар яръчихая л даа багшаа гэж гуйна. За тэгээд 5 дахь өдөр болно. Бүгд гэрлүүгээ явна гээд бөөн баяр хөөр догдлол байдаг.
Гэвч 5 өдөр байлгачихаад нэг өдөр эрт ирээд авчихаж чаддаггүй хүмүүс байдаг. Найзууд нь ар араасаа гэрлүүгээ яваад л байдаг , яг нөгөө уйлдаг уцаарладаг хүүхдүүдийн аав ээжүүд нь байхгүй алга болчихно. Багш бид нар бол хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүйл хараад сууна. Бид нарын ажил сууж сайн харах ёстой. Зарим нэгэн хүүхдүүд зүүдлээд босоод явдаг учраас хараа салгаж болохгүй. Яагаад аав ээжүүд маань хүүхдээ өөрөөсөө ингэж түлхээд байдаг юм бэ?
Нэг мэдэхэд л том болцгооно шүү дээ. Мөнхөд хажууд чинь жаахнаараа , нялхаараа байхгүй учраас нэг өдөр ч гэсэн хүүхдээ хайраар битгий дутаа л даа. Хүүхдүүдээ хараад өрөвдсөн багш… Хүүхдүүд минь хажууд уйлаад байхад үнэхээр хэцүү байдаг. Бид багш нь учраас тэврэхээс өөр зүйл хийж өгч чадахгүй. Нэг өдөрч гэсэн хөтлөөд гүйхийг , нэг өдөрч гэсэн халуун энгэртээ тэврээд унтахыг хичээгээрэй. Ажил нь нэгт үү , хүүхэд нь нэгт үү?