Ассадын эхнэр салах өргөдлөө өгсөн гэх мэдээлэлд Кремль хариу өгөв

Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Ассадын Их Британид төрсөн гэргий нь салах өргөдлөө өгсөн гэх мэдээллийг Кремлиэс үгүйсгэлээ.

Тодруулбал Туркийн хэвлэлээр тэргүүн хатагтай асан Асма аль-Ассад гэрлэлтээ цуцлуулж, ОХУ-ыг орхих хүсэлтэй байгаа хэмээн мэдээлсэн.

Сирийн босогчид ихэнх хотыг эзлэн авсны дараа тэд Орос руу дүрвээд байгаа юм. Түүнчлэн Ассадыг Москвад хязгаарлагдаж, эд хөрөнгийг нь царцаасан гэх мэдээллийг ч няцаажээ.

ОХУ нь Сирийн холбоотон улс байсаар ирсэн. Тэд Сирийн иргэний дайны үеэр цэрэг, зэвсгийн тусламжийг Сирид үзүүлж байв.

Харин ням гарагт Туркийн хэвлэлээр гарсан мэдээлэлд Ассадын гэр бүл Москвад эрхээ хязгаарлуулж, тэргүүн хатагтай асан гэрлэлтээ цуцлуулж Лондон руу буцах хүсэлтэй байгаа гэсэн юм.

Тэргүүн хатагтай асан Сири, Их Британийн давхар иргэншилтэй ч Их Британийн Гадаад хэргийн яамнаас улсдаа хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Асма аль-Ассад өдгөө 49 настай бөгөөд 2000 онд буюу 25 насандаа Сири рүү нүүж, Башартай гэрлэсэн. Сирийн тэргүүн хатагтайгаар 24 жил ажиллах хугацаандаа тэрбээр барууны хэвлэл мэдээллийн сонирхлыг ихээхэн татдаг байсан юм.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.