Амьд байгаа андыхаа гэгээн дурсгалд өргөмүй

Орчлон хорвоогоос гомдол нэхэж, найзыгаа алдсандаа харамсаж захидал бичиж сууна. Гарчигт дурьдсанчлан амьд байгаа андыхаа дурьдатгалын үгийг сийрүүлье.

Чи бид хоёр 5-р ангидаа танилцсанаасаа хойш андын ёсны цусан тангараг өргөтлөө нөхөрлөж, нэгнийхээ арыг дааж, өмнөөс нь ч дааж явсан үе дэндүү гэхэд дэндүү олон доо. Олон жилийн турш найздаа л сайн муугаа хуваалцахад хэнээс илүү ойлгож, ярилцаж, хамтдаа нэгнийхээ төлөө явдаг байж билээ. Чи ээж аавын сайн хүү, хорвоогийн хамгийн сайн хүн байгаагүй ч чи минь эр хүн байж. Биднийг хүүхэд байхад дов болгон эзэнтэй, орц болгон атмаантай байх үед хамгийн жижиг биетэй ч хамгийн зоригтой байсан нь андыг минь чимдэг байж.

Харин чамайг тэр зориг чинь үгүй хийчихлээ. 40 хүрсэн эр дөрөө дарсан ат шиг ид насандаа чи минь энэ хорвоогийн хагас оршин суугч болжээ. Бид 15 настайгаасаа л эхэлж архи уусан. Тэр үед чи л хамгийн ихийг ууна гэж сагсуурдаг байж билээ. Арга ч гүй дээ тэр үед чинь хэн муу хүүхэд байсан нь нэр хүндтэй болдог үе. Хэн их зодоон хийнэ, хичээл тасална, гэмт хэрэг үйлдэнэ тэр хүнийг хүндэлдэг байж. Бид багадаа адал явдлын араас тууштай тэмцэж, олон гэхэд арай л олныг хамтдаа туулсан даа. Үймсэн олон Хятадууд чи бид 2луу дайрахад чи л хутгатай гарыг нь хааж намайг тэвэрж хэвтсэн. Өглөө нь гэхэд 2уулаа дотуур байрнаасаа хөөгдчихсөн будааны зутан идээд инээлдээд суусансан. Чиний тарьсан хэргээс болж би мөн ч олон зодуулж байсан даа. Айлын нохой хуцлаа гээд чи л нохой руу чулуу шидэж айлын цонх хагалсан. Харин тэр айлын ах чамайг ахын дүү холдож бай, ах нь үеийнхээ хүнтэй харьцана намайг нистэл тийрсэн. Өглөө нь бид голын эрэг дээр цээжин дээрээ тэнэг том гутлын мөртэй цагаан фудболктой инээлдээд л сууж байжээ. Яг л саяхан мэт.

Бид зодоон хийдэг хүүхдүүд байгаагүй ч биднийг тэд зүгээр байлгадаггүй байж. Эх үрсийн баярын өдөр гудамжинд эхнэрээ зодож байгаа залууг зодно хөөж гүйж байгаад бүлэг цагдаа нарын дунд гүйгээд орчихож билээ. Бэйсболын цохиур бариад том хүнийг зодох гээд хөөж байгаа 2 хүүхдийг хараад тэд гайхсан даа тэд тийм удаан хөшсөн мэт зогссон байх. Тэр олон цагдааг тэнд байна гэж бодоогүй бид тэднийг хөдлөхөөс өмнө булан тойроод цамцнуудаа тайлаад юу ч болоогүй юм шиг сууж байж билээ. Тэрүүгээр гүйлдээд л байсан ч биднийг анзаараагүй. Бид насанд хүрэх үед чи архийг тохируулж уугаад сурчихсан, байнга эрүүл мэнд, хувцаслатандаа анхаардаг сайхан залуу болсон. Азын дугаартай Ланд Крүйзер согтуу уначихаад, Tiesto-г чангалаад хөөрхөн охидуудтай зугаацаж явах даа цагдаа зогсоосон ч зохицоод л гарчихдаг овсгоотой л залуу болж өссөн.

Найзыгаа хайртай хүнтэй минь танилцуулж өгсөнд баярлалаа гээд тэврэлдэж байснаа санаж бна. Харин чи тэр бүсгүйг хүн шиг хайрлаж чадаагүй. Чи магадгүй эд хөрөнгөөр дутахгүй өссөн ч хайраар дутаж явсныг чинь найз нь гадарлана. Хамгийн хайртай аавыгаа үхэхэд чи нэг л удаа уйлаад дахиж уйлахгүй гээд уйлаагүйг чинь найз нь санаж явдаг. Хичнээн уйлмаар байсан ч чи уйлаагүй. Аавын ганц хүү, зөвхөн аавыгаа биширж явдаг хүн 20 гаруй насандаа аавыгаа алдахдаа чи сэтгэлээ барьсан. Би чамайг дахиж уйлахыг чинь ч хараагүй. Чамаас сэтгэлийн тэнхээ, эр хүний жудгийг олон харсан найз минь. Харин чиний тэнхээ хар тамхин дээр дутсан. Тэр тусмаа “мөс” гэдэг хогийн шалбааган дээр хальтарсан. Чи хагас галзуу хүн болоод 5 өвлийг үдлээ. Магадгүй тэрнээс өмнө ч бага багаар тархинд чинь нөлөөлж байгааг анзаараагүй байх. Хүнээс сонсох нь ээ найз минь тэр зүйлийг грамм граммаар сордог байж. Хүүхэд байхын ихийг би хамгийн муу нь байх болно гэдэг чинь чамайг тийм болгосон гэдгийг би хэлүүлэлтгүй мэдэж байна. Хэдхэн жилийн дотор маш олон давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэсээр байгаад тархины эсүүд нь үхээд хүн биш болж.

Хааяа нэг очоод эрүүл байвал ганц 2 үг сольё гэж бодохоор чи архи нэхээд юм яриулахгүй. Авч очсон юм аа эхлээд өгчихвөл стаканд дүүргэж уучихаад орилоод эхэлдгийг нь мэдэх болохоор нууж байгаад гарахдаа өгнө. Харин тэрхэн хугацаанд хааяа ганц нэг үг сольно. Заримдаа чи хуучин дурсамжаа яриад л инээдэг. Харин би тэр үед найзыгаа ямар сайхан залуу байсныг нэхэн дурсдаг. 22 жилийн өмнө би чамд амлалт өгснөө санаж байна. Солонгосын Найз гээд кинон дээр гардаг шиг хэзээ нэгэн цагт чи баларвал би чамд такси авж өгнө гэж. Би амлалтандаа хүрмээр байна. Даанч чи такси ч барьж чадахгүй. Өнөөдөр надад олон найз байвч хэн ч намайг ойлгохгүй. Зарим нь өөртэйгөө харьцуулж зөвлөгөө өгөх гэж тэнэгтэнэ. Эсвэл атаархана. Хэдэн жилийн турш найз найз гэж явчихаад 200хан мянган төгрөг зээлээд алга болж байгаа нь олон. Тийм хүмүүсийг харин ч баярлан үдэх болж. Чамайг ч гэсэн нэг л өдөр будаа идэж үдэх биз, тэрэнтэй би эвлэрсэн. Магадгүй чи ч, ээж чинь ч эвлэрсэн мэт санагдсан. Өнөөдөр олон олон залуус найз шиг минь болчихсон харанхуйд үхлээ хүлээж суугааг олон хүн мэдэхгүй л байх. Надад болон уншигч та нарт тэднийг буруутгах эрх байхгүй.

Учир нь тэд эцэст нь ийм байдалд хүрнэ гэж хэн нь ч мэдээгүй байсан юм шүү. Эхлээд мөс хар тамхийг сонирхоно. Ганц нэг тааралдана. Дараа нь бага багаар, аажим аажмаар татна. Цаг хугацааны эрхээр доз нь нэмэгдэнэ. Ядаж байхад нөгөөх нь үнэхээр донтуулна. Сорсон л бол хажууд байгаа найзаасаа ганцхан илүү сорох гэж хүнээ байж байгаа харагдана. Учир нь Монголд хэтэрхий үнэтэй бас олдоход хэцүү, бас маш ихээр донтуулж аддиктлуулдаг болохоор олдсон дээр нь ганц илүү сорохын тулд хэнийг ч худалдахад бэлэн. Эцэст нь тархины эс үхжиж байгааг, тэнэгэрнэ гэдгийг хэн нь ч тооцоолж чадаагүй юм шүү. Тэдэнд хэлээд өгчих хүн ч байгаагүй. Учир нь дэлгэрээд удаагүй зүйл болохоор хэн ч мэдээгүй. Архи ч гэсэн ялгаагүй багаас эхэлж аажим аажмаар донтсоор эцэст үхнэ. Хүн болгонд хамаатан садан дунд нь архи ууж бгаад үхсэн мундаг мундаг ах нар бдаг. Тэд архийг дийлээгүй. Архийг гэхээсээ илүү өөрийгөө дийлээгүй гэх юм уу даа. Тэдний нэг нь миний ганц найз. Ашиг олох зорилгоны золиосонд явж байгаа олон мянга, олон сая хүмүүсийн зөвхөн нэг нь. Энэ Дэлхийн хагас оршин суугч. Хэсэг хугацааны дараа хэдхэн хүний дотор орших дурсамж болон од руу одно. Харин би найзыгаа альбомоор минь дүүрэн хамтдаа авахуулсан зурагнуудаа үзэн өөрөө дурсамж болтлоо дурссаар л явах болно. Одон дээр уулзая анд минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.