Гэр бүлийн хоёр бүхнээ бие биедээ дэлгэж, илэн далангүй байдаггүй. Хэрвээ тийм гэр бүл байгаа бол үүнийг онцгой үзэгдэл гэж хэлж болох юм. Хэн нэгэнд нь, магадгүй хоёуланд нь шалтгаан байгаа болохоор л тэд дуугүй байдаг. Хувийн, халуун дотно харилцаанд жижигхэн гэж тооцох зүйлийн тухайд ч нөгөө нь заавал мэдэж байх ёстой зүйл гэж бас бий. Энд эд материал, мөнгө төгрөгтэй холбоотой ойлголтыг огт хөндсөнгүй. Ямар нэгэн зүйлийг нууцална гэдэг сэтгэлд хэчнээн их тээртэй болохыг доорхи жишээгээр хэлье.
Намайг бага байхад аав, ээж хоёр минь тусдаа амьдрах болсон. Харин эмээ аавд тун сайн байлаа. Ээжийн маань ээж шүү дээ. Ээж бид хоёр амралтын өдрөөрөө эмээгийнхийг зорих нь олонтаа. Тэр үед машинаа барьж яваа ээж маань “Чи энэ тухай эмээдээ юу ч ярьж болохгүй шүү” гэж дахин дахин сануулдаг байлаа. Би сүүлдээ түүнийг чухам юун тухай яриад байгааг ойлгохоо ч больсон. Эмээ биднийг угтаж аваад тун удалгүй аавыг хаа байгааг асууна. Ээж харин аавыг их ажилтай, эсвэл нааш ирэх боломжгүй байсан мэтээр ярьдаг байлаа. Аавын биднээс тусдаа байгаа нь чухамдаа ээжийн өөрийнх нь буруу болохоор энэ тухай ярихаас ичдэг байсан байх. Тиймээс ч эмээг энэ тухай ямар нэгэн яриа дэлгэхээс айдаг байсан юм. Мэдээж аав, эмээ хоёрын холбоосыг аль болох хурдан тасалж хаяхыг эрмэлзэх нь ээжийн хүсэл байсан. Ингэсээр эмээ байдлыг нэгэнт ойлгож ихэд бухимдаж, барьсан тавьснаа ч мэдэхгүй нааш цааш холхиж аягатай цайгаа асгаж цалигууллаа. Надад ч тэр үед дандаа арааны шүлс асгаруулж байдаг эмээгийн гарын хуушуур яагаад ч юм нэг л муухай юм идчихсэн шиг санагдаж билээ. Нууц бол худал ярианы дүү бололтой. Гэхдээ нууцыг хамаа намаагүй дэлгэж болохгүй. Сайн, муу нууц гэж бий. Францын сэтгэл судлаач Сергей Тиссэрон “Нууц гэдэг хүмүүсийн бие, сэтгэл санаа, бидний хувийн амьдрал болон, хайрлаж явах ёстой хүмүүсийг хамгаалах агуу чухал зүйл юм” гэж хэлээд нууцтай холбоотой сэтгэл зүйн асуудлыг хөнджээ. Түүнийгээ патогене нууц гэж нэрлэсэн бөгөөд энэ нууц муухай хор уршигтай, аюултай гэдгийг анхааруулж байна.
Дээр ярьсанчлан миний хүүхэд нас ихээхэн патогене нууцаар дүүрэн байлаа. Тиймээс ч би хэлж ярих ёстой зүйлийг ярихаасаа илүү ам хамхиж чимээгүй өнгөрч сурсан. Юу ярих, юу ярихгүй байх, тэр хил хязгаарыг яг таг мэднэ гэдэг амаргүй байх гэж би бодож байна. Нууцад худлаа ярьж байгаатай яг адилхан хөнгөн ба хүнд хэлбэрийн гэсэн ялгаа бий. Харин аль аль нь нэг л асуулт руу чиглэнэ. Ямар нэгэн нууц байхгүйгээр хүмүүсийн хоорондын харилцааг төсөөлж ер нь болох уу, үгүй юу? Үнэнийг ярих нь итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг. Ганбаа Хулангийн чамин дэгжин дүр төрх, эрчүүд рүү шидэх намжиртай харц, биеэ авч яваа илэн далангүй байдалд дуртай. Тэр Хулантай танилцаж дотносоод гурван жил болсон болохоор удахгүй гэр бүлээ батлуулна гэж боддог. Ганбаа уг нь нэлээд тохитой томоотой гэр бүлээс гаралтай. Тиймээс ч гэр бүл болох тухай асуудлыг нэлээд нухацтай авч үздэг нэгэн.
Хулангийн хувьд гурван жилийн өмнө нэг эртэй учир ургуулсан боловч нөгөөх нь нэг удаа түүнийг болзоо хоцорлоо гэх шалтгаанаар зодож сүйд болсноор тэр хоёрын амраглал эцэс болсон түүхтэй. Ийнхүү тэдний амраглал удаан үргэлжлээгүй ч Хулан түүнээс салж Ганбаатай танилцсан хойноо жирэмсэн болсноо мэджээ. Хулан Ганбаатай танилцахдаа өөрийгөө ямар ч өө сэвгүй бүсгүй гэж бодогдуулахыг хүссэн. Тиймээс ч түүнээс нууж үр зулбуулах эм уужээ. Тэр Ганбааг өөрийнх нь талаар муу муухай юм бодчих вий гэж айдаг. Ганбаа түүнээс урьд нь үерхэж байсан залуугийнх нь тухай асуухад тэр юу ч ярьдаггүй. Ганбаагаас урьдын амьдралаа нуух нь Хулангийн зөв үү? Хэлэхэд төвөгтэй. Хамгийн гол нь ханилан амьдарч байгаа хосуудын хооронд ямар ч нууц байх учиргүй. Нууц байлаа ч тэр нь айхтар ноцтой учир шалтгаан багатай байх ёстой. Олон хос нэг нэгэндээ дэлгээтэй ном шиг, хэзээ ч хаанаас нь ч сөхөж үзэж болохоор байхыг хүсдэг. Гэвч хүний амьдралд сэтгэлд сэвтэй, эсвэл аль хэдий нь мартагдсан, дахин санахыг үл хүсэх, ичиж үхмээр дурсамж олон байдаг. Тэгэхээр Хулангийн нууц хэвээрээ үлдсэн нь зөв үү, эсвэл…
Хүн амьдралдаа өө сэв гаргадаггүй бол нууц гэж байхгүй биз ээ. Хос хоёр нэгдэн гэр бүл болохдоо эхлээд тус тусдаа, өөр өөр бие хүн байсан бол яваандаа нэгдэн “Бид” гэдэг нэг цогц болж хувирдаг. Гэхдээ насаараа “Бид” болж чаддаггүй, тус тусдаа бие хүнээрээ дуусдаг хос ч бий. “Бид” болох уу, бие хүн чигээрээ үлдэх үү гэх шийдвэр ихэнхдээ хамтын амьдрал эхлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа л тодорхой болдог. Бие биеэсээ ичиж зовохгүй, нээлттэй байна гэдэг итгэл найдварыг хэн хэндээ төдий чинээ төрүүлнэ гэсэн үг. Хэрэв гэр бүлийн хоёрын хэн нэгэнд ямар нэгэн нууцлаг холбоо сүлбээ байгаа л бол тэр түүнийгээ тойруулан хил хязгаар татаж, өөрөөс нь өөр хэн ч очиж чадахааргүй арал бий болгодог. Ийнхүү тэр өөрийн байгуулсан нууцын арлаа мөрөөдөж, инээд нь хүрэхийн зэрэгцээ бас ичиж, айдаг.
Нууц аз жаргалыг боомилж мэднэ
“Нууцын арал” томрох тусам асуудал ихэсч, хурцадна. Нууцлаг амьдралтай хүн бусдаас зай барьж, хүнд итгэх итгэл найдвар нь улам бүр саад бэрхшээлтэй учирдаг. Ийм нууцлаг байдлаас хуурамч явдал, худал яриа үүснэ. Хань ижлийнхээ өмнө худал, хуурмаг дүр үзүүлснээр цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн амьдралд улам бүр бэрхшээл нэмэгддэг. Том нууц бол аз жаргалыг сүйтгэгчийн төрсөн дүү нь юм. Тодруулахын тулд жишээ дурдъя: Саруул Баяраатай амьдраад 12 жил өнгөрч байна. Тэр хоёр нэг охинтой. Саяхнаас Баяраа охиноо нэг л жигтэйгээр хараад байх болжээ. Нэг удаа охиныхоо гарыг барьснаа “Ийм гартай хүн манай гэр бүлд байхгүй дээ” гэж хэлж үзсэн. Бас нэг удаа охиныг гадаа тоглож байхад нь ирээд “Ийм гоё нүд бид хоёрын охинд хаанаас заяадаг байнаа” гэлээ. Охины үсний өнгө бас хэнийг дуурайсан юм бол гэж хэлэхээр. Сүүлийн үед нөхрийнхөө энэ мэт зан гаргаж байгааг мэдсэн Саруул өөрөөсөө хүртэл нуух нь холгүй явсан тэр нууц мэдэгдэх вий гэхээс үхтлээ айдаг болов. Тэр найман жилийн өмнө шинэ жилийн үеэр ажлынхаа нэг эртэй сексдсэн юм байж. Тэр эр түүнийг маш их таалж, богинохон хугацаанд нэг тийм гайхамшигтай секс болоод өнгөрсөн. Тэр явдлын өмнө ч, хойно ч мэдээж эхнэр нөхрийн хооронд эр, эмийн явдал болсон. Харин дараа нь Саруул охиноо төрмөгц анх хараад л Баяраагийнх биш гэдгийг нь шууд мэдсэн. Одоо яах болж байнаа. Ганцхан удаа жаргал өгсөн тэр эр гэр бүлийнх нь дэргэд хэн ч биш. Баяраад үнэнийг хэлэх л юм бол охин тэр хоёр хаягдана гэдэг нь тов тодорхой байлаа. Харин одоо аав охин хоёр бие биедээ жигтэйхэн хайртай. (Яг л өөрийнхөө охинд хайртай юм шиг гэж Саруул дотроо бодож уруулаа хаздаг). Саруул сүүлийн үед орой бүр нойр нь хулжиж, нөхрийнхөө унтах тайван амьсгааг сонсож хэвтэхдээ өөрийгөө нойрондоо ямар нэгэн юм хэлчих вий гэх айдаст автана. Мэдээжийн хэрэг тэр дор нь хэлчихсэн бол долоон жил өнгөрсний хойно үүнийг хэлэх гэж тарчилж байснаас амар байсан байх гэж бодно. Баяраа одоо энэ бүхнийг мэдвэл тэдний хооронд ямар байдал үүсэх бол? Гэр бүлийн тайван амьдрал Нууц гэдэг цаг хугацаа цаашдаа хэвийн үргэлжилж чадах болов уу? өнгөрөх тутам улам том, хурц болж, гэр бүлийн амьдралыг сүйтгэх чадалтай болдог гэдгийг Саруул одоо л ойлгож байв. Тэрээр өдөр ирэх бүр байгаагаараа байж чадахаа больж, “Баяраа намайг хэзээ ч уучлахгүй” гэсэн айдаст байнга автах боллоо. Даравч дардайна гэгчээр нууц гэдэг хэзээд ил гарч ирэх гээд зовоогоод байдаг юм байна гэж тэр боддог болсон.
Бас нэгэн жишээ: Нацаг нэгэн банкны удирдах албанд ажилладаг. Түүний эхнэр Цэцэгээ гэр бүлийнхээ аз жаргалтай амьдралыг үргэлж байсан, бас байх юм шиг ойлгодог нэгэн. Нацаг эхнэрийнхээ бүхий л хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг чармайдаг. Хувцас хунар, орон байрны асуудлыг зээл авах гэх мэтээр бүгдийг эхнэрийнхээ хүссэнээр зохицуулсан. Цэцэгээ найз нөхдөө байн байн урьж хамт баярлан цэнгэх дуртай. Нөхөрт нь харин энэ бүхнийг зохицуулна гэдэг амаргүй ажил байдгийг тэр ойлгодог ч үгүй. Сүүлийн үед Нацаг покер тоглодог болж. Хоёр жилийн дараа тэр байгаа хэдэн төгрөгөн дээрээ нэмээд зээл авсан ч түүнийгээ тоглоомд зарсаар барчихжээ. Тэр банкны хүн болохоор тэднийх картанд цалингаа шууд хийчихдэг, хоёулаа тэндээс мөнгө авах эрхтэй. Цэцгээг юм мэдэхгүйгээр нь далимдуулаад Нацаг картныхаа үлдэгдлийг хуурамчаар үйлдэж эхнэрээ хуурдаг байж л дээ. Нэг өдөр эхнэр нь дэлгүүр хэсэж, өмсөж зүүх юм цуглуулаад картнаасаа мөнгө авах гэтэл машин картыг нь гаргаж шидээд байж. Ингээд хэрэг мандах нь тэр. Нацагт эхнэртээ нууцаа дэлгэх зориг зүрх байсангүй. Тэр мэдээж эхнэрээ яаж ийж байгаа хуурчихна. Хайр сэтгэлийн биш, зөвхөн мөнгөний асуудал учраас эхнэр нь энэ бүхнийг тийм ч айхтар хүлээж авахгүй. Хажуунаас нь харах юм бол төрөлхийн худал хуурмаг зүйл энд явагдаад байгаа юм биш биз. Гэхдээ эхнэр нөхөр хоёр асуудлыг хамт шийдвэрлэх боломж энд бас байна шүү дээ. Магадгүй, ихэнх нууц болж хувирсан зүйлс хүмүүсийн өөрсдийн санаж зорьсон зүйлдээ тэмүүлэх тэмүүллээс үүсдэг байх. Бусдаас дутахгүй байх, эсвэл хүн намайг юу гэж бодох юм бэ гэсэн айдас эцсийн дүнд ийн томоохон нууц үүсэх шалтгаан болдог байж ч болох. Дээрх жишээнүүдэд л гэхэд эр хүний нэрэлхүү зан, харин эмэгтэйн хүсээгүй жирэмсэлт, үр хөндөлтөөс үүсэх айдас бүгд нууц болж, тэдний насан туршийн түгшүүр болон хувирсан байна. Нууц дэлгэгдэнэ гэдэг аймшигтай ч…
“Нууц” сэдвээр сэтгэл судлаач Ж. Энх-Одтой ярилцлаа.
– Сайн, муу нууц гэж байдаг байна. Ялгааг тодорхой хэлж өгөөч?
– Залуу хүн эх эцгээсээ нуугаад порно сэтгүүл үзэж байгаа нь хүнд хэлбэрийн нууц биш. Тэр сэтгүүлээс сэтгэлийн ямар нэгэн ханамж авч байна. Харин муу нууц бол хор хөнөөл дагуулдаг. Эхлээд өөртөө, дараа нь орчин тойрныхондоо, эцэс сүүлдээ тухайн хүн бусдад итгэж чадахаа байж, янз бүрийн ааш араншин гаргах байдлаар муу нууцын сөрөг үр дагавар илэрдэг.
– Хүүхдэд ийм нууц бий юу?
– Эцэг эхийн хайр элбэрлийг хүлээн авч чадахгүй байгаа хүүхэд өөрийгөө хайр сэтгэлийн үрээр бий болоогүй гэж боддог. Ийм орчинд ихэнхдээ хайр сэтгэлийн тухай сэдэв хаалттай, нууц сэдэв байдаг. Ингэж өссөн хүүхдүүд амьдралаа тийм ч зөвөөр эхлүүлж чаддаггүй. Сайн нууцын эзэн түүнийдээр гардаг бол, муу нууц эзнийхээ дээр гардаг.
– Хүмүүс ямар нэгэн зүйлийг нууцална гэдэг сэтгэлээ цоожлохтой л адил санагдаж байна?
– Хамгийн гол нь хүмүүст нууц гэдэг ямар нэгэн байдлаар амьдралыг хорлох уршигтай гэдгийг ойлгуулах ёстой. Харамсалтай нь үнэнийг хэлсэн хүн хэлмэгддэг. Үнэн бодит зүйлийг хэчнээн гашуун ч гэсэн хүлээж авч чаддаг байх нь чухал. Нэгэнт бий болсон нууцыг аль болох анх эхэлсэн нөхцөл байдал руу нь эргүүлэн чиглүүлэхээс гадна, энэ талаар илэн далангүй ярилцах явдал чухал. Үүнийг л хүмүүс ойлгох ёстой.
– Ямар нэг нууцыг хадгалж байгаа хүнд өөрт нь мэдээж хэцүү байдаг байх?
– Тэгэлгүй яахав. Хамгийн муугаар бодоход насан туршдаа сэтгэлдээ шаналж, эргэлзэж, айдас тээхэд хүрдэг. Эцэг, эхийн нууцлаг байдал хүүхдэд ч мөн сөргөөр нөлөөлж, зохиомол яриа гаргах, эх эцгээ төдийгүй найз нөхдөө хуурч, том болсон хойноо өөрөө нууцлаг байдлыг бий болгодог.
Үнэн гэдэг дандаа тийм ч сэтгэл тэнийлгэсэн байдаггүй бас өвтгөдөг. Гэхдээ бидэнд нууцаа хүнтэй хуваалцах чадвар байх ёстой. Нууц дэлгэгдэнэ гэдэг хэдий аймшигтай, хэцүү ч цаашдын амьдралд хэрэгтэй гэдгийг бид ойлгох ёстой.
Цаг төр сэтгүүл
4 Comments
маш сайхан нийтлэл байна. энэ нийтлэлийг оруулсан хүнд талархахын ялдамд иймэрхүү материалуудыг түлхүү оруулж байхыг хүсье.
yamar ch ued nuutsaa shuud l anhnaasaa helsen n deerdee.ymr ch nuuts hezee 1n tsagt il boldog shd.bi hurtel nz ohinosoo zunduu nuutsiin medej avsan.tgher hdn jiliin umnuh nuuts hurtel heze 1n tsagt il boldog l yum bnlee.humuus ygad ch yum uuriiguu buruugaar oilguulchihvii bas oo sevgui met haragdah gsndee zarim zuiliig nuudag, hudlaa heldeg.gehdee uneher bolood ungursun zuiliig bur anhnaas n heleh l heregtei shude.yaj huleen avah n ter hunii l asuudal shde.1nt nuutsiig n medsen hun nuguu hundee itgej chadahku boldog bh, nadas nuudag bas dahiad 1n zuil bdag bolu geh met yum bodool…iimees hun anhnaas n unenee heltsen l bol yaj ch bsn sanaa amar taivan amidardag bh, hosuudin huvid nuguu hun n ch hurtel sanaa amar bnshude.hun nuutsiig martana gj heze ch bhku,harin tuuniigee helchuul tgel nuuts bhku bno.nuuts gj setgeliin zoviur shude.
ger bulee, sxn hariltsaagaa tasalah hemjeenii nuuts bsn ch gesen helj l bh heregtei.magadgui tsaad hun n uuchlaad oilgood irchuul unenee helsniig n unelsen gsn ug.nuutsaa hadgalj, martah gj hicheej nasan turshdaa uuriiguu huurch yavahaas hamaagui deer.
Tiimee ene bol gashuun vnen zvils yum daa.hvnd nuudag haadag durshiig ch hvsdeggvi olon zvils vrgeljilseer odor ireh tusam ter bolgon zuzaan honjil bolj ongordog bilee.Gevch ter bolgoniig odor bvr bodsoor amidrah hetsvv.hichneen hani nohor naiz nohod baigaad ooriin nuuts hend ch helj bolohgvi zvil bol setgel zvrhendee hadgalj vldeh estoi ene ni olon yanziin shalgaantai baihaa.Hervee bi negen tom nuuts hen negniig hvndeer sharhluulhaar yavdal nadad ongorood tvvniigee vrgelj bodoj teej yabdag baiy hezee negen tsagt hairtai gesen hvnteigee uchirch saihan amidarch ehelsen bolovch ter nuutsaasaa bolood setgel zvrh mine changaagaad baival ter nuutsaa hani ijildee heleed amidral saihan bolohuu gedegt baigaa yum.negent sev suusan oron zaig nohoj chadahuu vgvi yum daa.Nuuts bol nuuts odoo baigaa amidraldaa setgel hangaluun amidrach chadval l bi bayan hvn yum shig…
энэ их таалагдлаа. миний хувьд нууц их л дээ. хабгийн гол нь хэнд яриж болох уу гэдэгтээ байдаг юм болов уу. Би 20 настай. Гэсэн ч оройтсон ч, залуутай уулзсан ч ээж аавдаа ерөөсөө нээлттэй хэлж чаддаггүй. Уул нь миний 2 эгч их нээлттэй хүмүүс л дээ.Анхнаасаа худлаа яриад сурсан ч юм уу Одоо өмнөх нуусан юмаа, одооны байдлаа ч яръя ч гэж боддоггүй юм. Хамгийн хүндрэлтэй асуудал нь би багаасаа л эрт сургуулиа төгсөж өөрөөсөө ах эгч хүмүүстэй амьдарч хамт сурч өссөн. Тийм болохоор ч залуутай уулзсан үерхсэн дандаа 27-30 насны хүмүүс.. Бас гадаадад хамт амьдраад хүүхэдтэй болоод авхуулж байсан залуу 26 тай эхнэр хүүхэдтэй байсан. Хамгийн сүүлд үерхэж байсан залуу маань 30 тай эхнэрээсээ салсан хүүхэдтэй. Гэтэл миний төрсөн 2 эгч нэг нь 22 той нөгөөх нь 24 тэй .. Бид ъ багаасаал их хүмүүжил сайтай хүүхдүүд байсаг гэтэл би яагаад ийм өөр байдаг юм болдоо.. энэ бүхнийг ээж аавдаа эгч нартаа хэлэхээс ч айдагв Яагаад гэвэл тэд хэзээч ийм юм төсөөлөхгүй шүү дээ