Болзооны үеийн хүчин
Судлаач Мэри Косс (Mary Koss) коллежийн эмэгтэй оюутны дунд судалгаа хийхэд хүчиндүүлсэн гэсэн оюутны 57 хувь нь болзоонд явах үедээ хүчинд өртсөн гэжээ. Гэтэл тэдний ихэнх нь байнга болздог найздаа хүчиндүүлсэн байжээ. Болзооны хүчин нь хүчингийн хэргүүдээс хамгийн түгээмэл нь бөгөөд их дээд сургууль, коллежийн оюутны дотуур байранд нэлээд тохиолддог байна.
Зарим тохиолдолд болзооны хүчин гарахад эмэгтэй, эрэгтэй хүмүүс бие биеэ буруу ойлголцсоноос үүддэг байна. Болзооны үед ихэнх эрчүүд эмэгтэй хүний “үгүй” гэж хэлж байгааг “тийм” хэмээн зөвшөөрсний тэмдэг гэж буруу ойлгох хандлага түгээмэл байдаг. Иймээс эмэгтэй хүний “үгүй” гэсэн нь “үгүй” л гэсэн үг гэдгийг ойлгож сурах хэрэгтэй байна. Дараах жишээгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны үл ойлголцол, ойлголтын ялгааг болзооны хүчинд хүргэдгийг харна уу.
Галаа:
“Цацрал бид хоёр нэг ангид сурдаг байв. Англи хэлний хичээл дээр тэр голдуу миний ойролцоо суух бөгөөд надтай их найрсаг ханддаг байв. Тэр надад таалагддаг, түүнд ч би таалагддаг байсан байх. Өнгөрсөн дөрөвдэх өдөр би үүнийг сайн тодруулахаар шийдээд хичээлийн дараа түүнийг манайд ирж хичээлээ хамтдаа давтъя гэв. Тэр шууд л зөвшөөрсөн тул үүнийг би сайны шинж гэж үзсэн. Тэр орой бүх зүйл сайхан болж байв. Бид хичээлээ хамтдаа давтаад хэсэг зуур завсарлав Түүнд өөрийгөө таалагдаж байна гэдгийг би мэдэрч, би ч түүнд татагдаж байв. Надад сайхан санагдаж, түүнийг үнссэн. Энэ нь ч түүнд таалагдсан гэж би итгэлтэй байна. Тэгээд бие биеэ илж таалж эхэлсэн бөгөөд энэ нь маш таатай байлаа. Гэтэл гэнэт Цацрал намайг түлхээд “Болиоч” гэсэн. Тэр өөрийгөө “амархан хүүхэн”, “сул” гэж хэлүүлэхгүй гэсэндээ ингэлээ гэж би бодсон. Ихэнх охин эхэндээ “үгүй” гэж хэлэх ёстой гэж боддог. Түүнд сайхан байхыг үзүүлээд, өглөө нь түүнд сайхан хандахаар бүх зүйл болно гэж би бодсон. Тэгээд би түүний эсэргүүцлийг үл тоосон бөгөөд тэр ч аажимдаа эсэргүүцэхээ больсон. Түүнд унтах нь таалагдсан гэж би бодтол дараа нь тэр хөндий хүйтэн байсан. Тэр яачхаад байгааг бүү мэд” гэжээ.
Цацрал:
“Би Галааг нэг ангид цуг сурдаг болсноос хойш таньдаг байв. Тэр царайлаг. Бид хоёр хоёулаа англи хэлэнд муугүй байсан. Шалгалт ойртсон байсан тул нэг удаа түүнийг хамтдаа хичээлээ давтъя гэхээр нь би дуртай хүлээж авсан. Үүнийг хичээл давтах уулзалт гэдгээс өөр зүйл миний санаанд ороогүй. Тэр орой эхэндээ бүх зүйл сайхан байлаа. Бага хугацаанд их зүйлийг бид хамтдаа давтаж чадсан ба түүнийг завсарлая гэхээр би дуртай зөвшөөрсөн. Гэтэл гэнэт тэр намайг үнсэж эхэлсэн бөгөөд энэ нь надад таалагдсан. Дараа нь тэр бүсэлхийнээс доош илж таалж эхлэхэд би түүнийг түлхэж зогсоохыг оролдсон. Харин тэр намайг сонсоогүй. Хэсэг хугацааны дараа би эсэргүүцэж чадахаа больсон. Тэр надаас биеэр том, хүчээр илүү байлаа. Сүүлдээ би түүнээс айсан, их ч өвдсөн. Ийм юм болж байгаад би итгэж чадахгүй, яахаа мэдэхгүй байв. Тэр намайг өөртэй нь бэлгийн хавьталд орохыг албадсан. Одоо бодоход би хашгирч болиоч гэж ойлгуулахыг оролдохын оронд ямар нэг зүйл хиймээр байсан юм шиг санагдаж байна. Би одоо хүртэл ийм зүйл болсон гэдэгт би итгэж чадахгүй хэвээр байна” гэж өгүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн харилцааг бэлгийн хувьд түрэмгий эрчүүд хэрхэн буруу зөрүү ойлгодгийн шалтгааныг янз бүрээр тайлбарласан байдаг.
1. Түрэмгийлэгч эрэгтэй нь эмэгтэй хүний сөрөг сэтгэл хөдлөлийг ойлгох чадваргүй, тэдний “хөндий хүйтэн байдлыг” ойлгодоггүй.
2. Түрэмгийлэгч эрчүүд эмэгтэй хүний эелдэг ялдам зан шалиг наалинхай зан хоёрыг ялгадаггүй. 3. Зарим эрэгтэй эмэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ харилцаж байна гэдэгт эргэлзэж “сэжиглэдэг”. Эдгээрийн аль нь илүү бодитой болохыг судлан үзэхэд гуравдахь нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, бэлгийн түрэмгий зантай эрчүүд эмэгтэй хүнтэй үнэн сэтгэлээсээ харилцаж чаддаггүй, эмэгтэй хүний татгалзаж “Үгүй” гэж хэлэхийг нь худлаа гэж үздэг болох нь тогтоогджээ.
Судалгаагаар ингэж тогтоосон нь бэлгийн түрэмгийлэгчдийг эмчлэх, тэднээс сэргийлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ энэ асуудлыг анхаарах нь чухал гэдгийг харуулж байна. Эндээс харахад эмэгтэйчүүдийн сэтгэл санааны байдлыг ойлгох, эмэгтэй хүний эелдэг наалинхай занг ялгаж сурах зэрэг энгийн чадвар олгох сургалт төдийлэн үр дүнтэй биш байдаг ажээ. Харин танин мэдэхүйн зөвлөгөө өгөх арга нэлээд үр дүнтэй бөгөөд энэ арга нь эрэгтэй хүний “сэжиглэмтгий” зан байдлыг өөрчлөхөд голлон чиглэдэг. Иймэрхүү сургалтыг хүчингийн хэргээр шоронд хоригдож байгаа юмуу хүчин хийж болзошгүй эрчүүдийн дунд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж болох юм.
Канин (Kanin) 1985 онд коллежийн оюутнуудаас болзооны хүчин хийсэн гэдгээ хүлээсэн 71 гэрлээгүй эрэгтэй оюутныг ийм үйлдэл хийгээгүй, гэрлээг үй эрчүүдтэй харьцуулан судалгаа хийхэд болзооны хүчин хийсэн оюутнууд нь нэлээд бэлгийн түрэмгий зан авиртай нь тогтоогдсон байна. Жишээ нь, охидтой болзохдоо тэднийг өөртөө татах гэж сээтэгнэх оролдлого хэр их хийдгийг нь асуухад тэдний 62 хувь нь “ихэнхдээ” гэсэн бол хяналтын бүлгийн 19 хувь ч бас ингэж хариулжээ. Хүчин хийсэн оюутнууд болзооны үедээ охидыг өөртөө татах гэж архи уулгаж согтоох, мансууруулах, хуурамчаар “хайр зарлах”, хуурамчаар сүй тавих, гэрлэхээр амлах гэх мэт арга заль илүү хэрэглэдэг байна.
Орчин үед хүний нойр хүргэх, унтуулах үйлчилгээтэй “болзооны хүчингийн эм” гэж нэрлэж болох эм ашиглах тохиолдол гардаг болсон нь хамгийн их сэтгэл эмзэглүүлж буй асуудал юм. Эрчүүд энэ эмийг болзоонд ирсэн эмэгтэйн ууж буй зүйлд хийж, хүчиндсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Энэ эмний өөр нэг үйлчилгээ нь болсон явдлыг хэсэг хугацаанд санахгүй байх явдал ажээ.
Ийм учраас эмэгтэйчүүд танихгүй хүн ямар нэг зүйл уухыг санал болгоход хүлээж авахгүй байх нь ийм нөхцөл байдалд орохоос зайлсхийх нэг чухал арга зам гэдгийг анхааруулж байна.
1 Comment
сурмаар юм байна гэсэн хэхэ… нөгөө талд нь эмэгтэйчүүд мэдмээр юм байна.