Хүний амьдралын нэгэн баяр баясгалан, утга учир нь аз жаргалтай гэр бүл. Магадгүй сайн ээж, аав болж хамтдаа жаргахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ дурлаж хайрладаг байх. Гэхдээ сайн сайхантай, муу зүйл ч зэрэгцэн оршсоор… Энэ бол гэр бүл салалт. “Би, чи, та” энэ удаа гэр бүлийн салалтад нөлөөлж буй зарим асуудалд хариу өгөхийг зорилоо.
“Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу? Сүүлийн 10 гаруй жил ар гэрээ тэжээх, хөл залгах унаа авах мөнгө цуглуулах гэсэн эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйн цуваа харийн улс орны зүг хөвөрсөн. Хайр агуу ч цагийн аяст мөн л гунддаг бололтой. Харин хамтдаа байж эмзэгхэн хайраа арчилбал тэр улам л агуу болж аз жаргалд хөтөлнө.
Итгэдэг, гэхдээ л…
Би найз залуудаа итгэдэг. Тэр надад байнга анхаарал тавьж халамжилдаг. Хайртай залуу маань зургаа дахь жилдээ АНУ-д сурч байгаа юм. Харамсалтай нь сүүлийн үед яагаад ч юм нэгэн адын бодол намайг тайван байлгахаа болилоо. Эр хүн зургаан жил найз бүсгүйгээсээ хол байхдаа “зүгээр” байна гэж байхгүй дээ. Үгүй, гэхэд физиологийн хэрэгцээ гэж бий. Тэр маань зуны амралтаараа Монголд ирж, бид хамт байдаг. Гэхдээ бусад үед нь би түүнийг энэ асуудлаа яаж зохицуулдаг гэж бодох вэ?
26 настай эмэгтэй Г.С
Би муу хүн
Би ирээдүйн ханиа хэдийнэ сонгосон. Гэхдээ яг одоохондоо бид хамтдаа байх боломжгүй байгаа. Найз бүсгүй маань хөл хүндтэй болсноор би өөртөө өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгээ мэдсэн. Тиймээс Чех явж ажиллахаар шийдсэн. Тэнд гурван жил болохдоо би хайртыгаа мэхэлсэн. Эхнэртээ хайртай, тэрнийхээ төлөө л энд ирсэн гэдгээ мэдэж байгаа ч гэсэн эр хүн учраас яаж ч чадсангүй. Найз нар маань “Чи л хэлэхгүй бол эхнэр чинь үүнийг хэзээ ч мэдэхгүй” гэж тайвшруулсан ч би ханийнхаа биед хүрэхээс ч ичиж байна. Тэр маань ч бас гадарлаад байх шиг.
30 настай, эрэгтэй Б.Н
Энэ байх л зүйл
Би Солонгост ажилладаг. Энд удаан ажиллаж байгаа монгол эрчүүдийн ихэнх нь хамтран амьдрагчтай. Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгаа ч гэсэн бид техник биш, хүн. Ажилд зориулагдсан мэт нүдээ аниад, шүд зуугаад 5-6 жил өөрийгөө зовооно гэдэг утгагүй. Би ажлаа хийгээд гэр бүлдээ хэрэгцээтэй мөнгийг нь хангалттай явуулдаг. Энд ч бас хэдэн төгрөг хадгалж байгаа. Надтай хамтран амьдардаг бүсгүй мөн гэр бүлтэй. Бид Монголд очоод хэн хэнийхээ амьдралд оролцохгүй гэсэн тохиролцоотой.
35 настай, эрэгтэй З.Г
Дээрх захидлын эздийнхтэй адил асуудал өнөөгийн нийгэмд олон хүнд тохиож буй. Амьдралаа дээшлүүлэх мөнгө хуримтлуулахаар, эсвэл мэдлэг боловсролтой болохоор алсыг зорьсон амрагаа буруутгах хэцүү. Эдгээр асуултад “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн хариулж байна.
Хүний хэрэгцээ
Биеэрээ хол байгаагүй ч хосууд бие биенээ хуурах тохиолдол гардаг. Хэн нэгнээ хуурахгүй байна гэдэг бол хариуцлага, ухамсар, тэвчээрийн асуудал. Нууц амраг гэх зүйл амьдралд байдаг л юм хэмээн үзэж, буруу зүг алхаж болохгүй. Хүний хэрэгцээг дараах байдлаар ангилан, жагсааж болно.
1.Физиологийн хэрэгцээ /хоол, хувцас, тав тухтай орон байр, секс гэх мэт/
2.Аюулгүй байдлын хэрэгцээ /ажил, найз нөхөд, хамт олон гэх мэт/
3.Хүнийг хайрлах хэрэгцээ
/дээрх хоёр хэрэгцээгээ хангасан үедээ хүн хэн нэгнийг хайрлах тухай боддог/
4.Хүнээр хайрлуулах, хүндлүүлэх хэрэгцээ / хэн нэгнийг хайрладаг хүн бусдаас хайр хүсэх нь ойлгомжтой/
5.Өөрийгөө бүрэн илэрхийлэх хэрэгцээ /Хүнийг хайрлаж, хайрлуулж физиологийн хэрэгцээ, аюулгүй байдлаа хангасан хүн өөрийгөө нийгэмдээ илэрхийлж, хүсэл мөрөөдөл ажил үйлстээ зөв байр суурь баримталдаг/
Мэхлэлт
Бие биенээ бүрэн ойлгоогүй, хайрлаж чадаагүй хүмүүс л мэхлэлтэд өртдөг. Хуурна, мэхэлнэ гэдэг бол нөгөө хүнээ хүндлэхгүй, сэтгэл санааг нь үл ойшоож байгаа хэрэг. Мэхлэгдсэн ч гэсэн эхнэр тань уучилж болох л юм. Гэхдээ л сэтгэлийн шархтай үлдэнэ. Эсвэл гэр бүлээ цуцлуулахад хүрнэ. Ингэлээ гээд бүх асуудал дуусахгүй. Танд мэхлэгдсэн тэр бүсгүй дараа нь өөр эр хүнд итгэхээ больж, хардамхай болно. Шалтгаангүй хардалт гэдэг бол хүсэх зүйл биш.
Сэтгэлийн дарамт
Ямар нэгэн шалтгаанаар хайртай хүнээ мэхлэн өөр хэн нэгэнтэй холбогдсон зарим хүн маш их харамсаж сэтгэлийн дарамтанд орох нь бий. Сэтгэлийн зөрчил бий болж өөрийгөө жигшдэг. Ихэвчлэн бүсгүйчүүд л ийм асуудалд өртдөг. Олонх эрчүүд нуугаад өнгөрөх нь зөв гэж боддог. Хосууд нэг нэгнээ ойлгох уужим сэтгэлтэй байх хэрэгтэй. Хайртынхаа алдааг уучилж, сэтгэлээсээ харамсаж байгаа түүнийгээ ойлгох нь зөв.
Хол амьдарна гэдэг шалгуур
Хосууд бие биенээсээ хэсэг хугацаагаар хол амьдарна гэдэг нь нэг талаараа амьдралын шалгуур болдог. Хол байх хугацаандаа бие, биедээ итгэж, үнэнчээр хүлээж, халамж, анхаарал тавьж, ойлгож байх юм бол хайр улам л батжина. Хэврэгхэн хуурамч хайр л энэ шалгуурт бүдэрдэг.
5 Comments
Олон жил хол байгаа бол хүн л юм чин физиологийн асуудал гарна биздээ тэгээд тэр асуудлаа зохицуулах л хэрэгтэй болно. хуурсан ч гэсэн сэтгэлээ хадгалж байвал одоо болоо л гэж үзэх хэрэгтэй бол уу
миний хайрт японд бгаа яваад 2 сар болж бгаа.тэнд 4 жил болноо. би хайртдаа итгэж бнаа маш их итгэж бн .насан туршийн амидарлаа ингэж шалгаж бна даа хайрт ханидаа хайртай би итгэлтэй бнаа
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, 27-64 ***( энэ “сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн байршил)***
сэтгэлийн толи сэтгэл зуйн тов хаана бдаг вэ?
Хэврэгхэн хуурамч хайр л энэ шалгуурт бүдэрдэг. яг үнэн хэлжээ. хайрыг шалгах мянга түмэн шалгуур урдаас ундраад л байдгиймдаа.