Хүний наймааны үүдтэй Монгол

3446042723_78f725dc9f

Нэг. Охидоо ариун байлгахгүй “олз”-ны хүүдий рүү чихэх гэж үү?

…Нуурын зэгс шиг охид бардам байдаг
Нулимсанд нь хүртэл гоо сайхан нуугддаг
Өөрсдөөр чинь бахархаж дэлхий оршдог
Өлмийг нь угаах гэж цэцгийн шүүдэр унадаг… хэмээн найрагчийн уяран хайлсан шүлгийг үл тоож болно гэж үү?

Монголчууд бид өвөг дээдсийн үеэс, Хүннү гүрэн, Чингис хааны үеэс гоо үзэсгэлэн төгс, эелдэг зөөлөн, ухаалаг бүсгүйчүүдээрээ бахархан хайрлан, хүндэлж ирсэн агуу түүхтэй ард түмэн билээ. Алунгуа эх, Мандухай сэцэн хатан, Бөртэ Үжин зэрэг үе, үеэрээ Монгол Улсын түүхэнд эрэлхэг зориг, ухаан билгээрээ гайхагдсан хатдын түүхтэй.

Даяарчлагдан хурдацтай хөгжиж буй өнөө нийгэмд бид Монгол зан заншил, өв уламжлал, соёлоо аажмаар гээсээр байна. Ялангуяа охид бүсгүйчүүд хэдхэн бор төгрөгний төлөө нэр төр, ариун нандин чанараа уландаа гишгэн харийн эрийн нүдийг хужирлан, өврийг дулаацуулан амьдрах нь улам ихэсчээ. Үүний цаана Монгол үндэстэн хэдхэн жилийн дараа гэхэд “Цэвэр цусны Монгол хүн” байхаа болих аюул бидний өмнө харанга дэлдэн айсуй. Үүний нэг бодит жишээг та бүхэнд дурдъя.

Миний нэг танил охин хичээлийн цаг давхцахгүй, цалин боломжийн япон караокед барменаар ажилд орсноо ярив. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь тэнд охидууд архи уун, эрчүүдийг зугаацуулах үүрэгтэй “ширээний охин” хэмээх ажил хийдэг болохыг хэллээ. Би үүнийг сонсоод очиж үзмээр санагдан менежер нь амарсан өдөр очиж ажилд нь туслахаар болов. Маргааш орой нь зургаан цагийн үед Сансар дээр уулзан ажил руу нь хамт орлоо. Гаднаа “Япон хоолны ресторан” гэсэн хаягтай байсан боловч доош нь шатаар хонгил руу буун ороход надад нэг л жихүүн санагдаад явчихлаа. Нилээн том хоёр өрөө, үүдний ойролцоо хоёр ширээ, тэнд нь архи, дарс өнгө өнгөөр нь өрөөстэй харагдав. Би нойтон цэвэрлэгээ хийж, стакануудыг угаахад нь нөгөө охиндоо туслав. Удалгүй долоон цагаас эхлэн өндөр, царайлаг охид нэг, нэгээрээ инээлдэн орж ирцгээлээ. Охид ойролцоогоор 21, 22 настай бололтой, хэн ч хаанаас нь ч харсан энгийн, хөөрхөн охидууд байлаа. Тэд хувцсаа тайлан бие нь бараг нүцгэн шахуу, гялгар тод өнгийн палаж, өндөр өсгийтэй гутал өмсөн, нүүрээ будан янзалцгааж дуусав. Удалгүй хаалганы хонх дуугаран дунд эргэм насны зургаан япон хүн орж ирэв. Тэд үүдний ойролцоо жагсан зогсоод хүмүүсийг тосон “Ирашимасэн” /монголоор тавтай морилоорой/ хэмээн бүгд тонгойн мэндлэв. Зочид охидыг нүд хужирлан харж, жигтэй гэгч нь хоорондоо инээлдэн, өрөөнд орж суун захиалгаа өглөө. Архи, пиво, дарсны үнэ нь нилээд үнэтэй, доод тал нь 20000 төгрөгөөс дээш. Уух зүйлсэд охидын үнэ ч мөн шингэсэн бололтой. Удалгүй охидыг дуудахад, тэд зочдын урд жирийн зогслоо. Япончууд яг л бараа сонгож байгаа мэт, охидыг дээрээс доош нь шүлсээ гоожуулан харан, бүгд нэг нэг охин сонгон хажуудаа суулгах нь тэр. Охид инээлдэн, дуу дуулан бүжицгээж тэднийг баясгав.

Тэд бүгд япон хэлээр чөлөөтэй ярьцгаахыг сонсоод би их гайхав. Охид Япон хэлний ангийн оюутан гэдгийг сонсоод сэтгэл нэг л бачимдаад явчихлаа. Дээд боловсрол эзэмшиж, эх орноо хөгжүүлэх үүрэгтэй оюутнууд ийм аргаар өдөр хоногийг өнгөрөөдөг гэхийг хараад, өөрийн эрхгүй сэтгэл шимшрэв. Удалгүй тарах цаг нь дөхөв бололтой. Охидууд нэг, нэг япон хүнтэй хэзээний хосууд шиг л их дотно тэврэлдэн гарч ирлээ. Согтсон янзтай царай нь улаа бутран, дуу нь өндөрссөн нь ажиглагдав. Охид эгнэн зогч тэднийг угтсан шигээ үдэн “Домо аригату гозаймасү” /их баярлалаа/ хэмээн хэлэн, залуус нэрийн хуудсаа өгөн, охидоос дугаарыг нь авч үлдэв. Удалгүй 60 орчим насны гурван хөгшин хятад орж ирэн урьдын адил гурван охиныг сонгон авч, 12 цаг хүртэл цэнгэлдэн сууцгаав…

Энэ мэтээр гадаад нэртэй ресторан, баар, пааб, клуб хэмээн нэрлэсэн хичнээн газар, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа тоог тогтооход бэрх. Мэргэжлийн байгууллагаас үүнд авдаг арга хэмжээ, хариуцлага хомс байгааг уг жишээ харуулж байна. Дээрх жишээ бол нэлээд боловсон маягийн охидын далд наймааны нэгэн “суваг” нь шүү дээ.

Хоёр. Бохир наймааны суваг буюу “Гудамжнаас охид гогдох” арга

“Охидууд гудамжнаас алга боллоо”, “Хичээлдээ, гэртээ ирэхээ болилоо” гэсэн түгшүүрт зар, мэдээ зурагт болон радиогийн сувгаар үе үе цацагдаж, хэвлэлийн хуудаснаа нэг бус үзэгдэх болсныг анзаардаг уу? Энэ бол тоглоом тохуу хийсэн, нэг нэгнээрээ шоглоом хийсэн “хууралт” биш юм шүү. Гудамжинд биеэ үнэлэгчдийн арга нарийсч, манай цагдаа нарын биеэ үнэлэгчидтэй хийх тэмцэл хоцрогджээ. Охид, бүсгүйчүүдийг гудамжнаас “Загас шүүрэх” шиг гогдон авдаг , тэднийг тусгай газар аваачин дарамтанд оруулж бусдад биеийг үнэлүүлэн ашиг хонжоо олдог байсан нууц сүлжээг илрүүлэн зохих шийтгэлийг хүлээлгэснээс хойш гудамжнаас алга бологчид цөөрсөн мэт. Цагдаагийн газарт тиймэрхүү зар мэдээлэл ч бараг очихоо байж. Гэхдээ энэ бол тайвшрах юм биш. Харин ч охидын наймаа нарийсч, улам далд хэлбэр рүүгээ орсныг зарим эх сурвалж ярьж байна. Телевизийн чатаар дамжуулж, гар утасны мессежээр холбож охидыг буруу зам руу уруу татах болсон нь нууц биш. Хаа хол АНУ-ын Төрийн департаментаас гаргадаг “Хүний наймаа 2009” илтгэлд Монголд хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулагчид телезизийн чатыг ашиглан хүн элсүүлж байж магадгүй талаар дурджээ. Энэ мэдээлэл үнэний ортой, баримттай зүйл. “Экпат Монгол сүлжээ” ТББ-ын судалгаагаар зөвхөн хоёр телевизийн чатаар урсдаг мессежийн 90 гаруй хувь нь садар самууны агуулгатай зар байв. Зөвхөн чатаар /шөнийн цагаар/ ашиг хайдаг телевиз Улаанбаатарт арав гаруй байна. Гудамжинд баар, цэнгээний газруудын үүдэнд охид олноороо зогсох болжээ. Цаг хэтрүүлэн ажилладаг шөнийн цэнгээний газруудад охид олноор ирж, эрчүүд, харчуудыг хууран мэхлэх нь ч олширсон тухай цагдаагийнхан ярьдаг.

Зөвхөн гудамжинд нууцаар зогсдог охидын сүлжээ ч бий болсон байх юм. Тэд утсаараа холбогдоно. “Тэр гудамжны энэ буланд”, “Энэ баарны тэддүгээр ширээнд”, “Таны байгаа газарт очъё” гэхчилэн мессеж нисгэнэ. Уг мессежийн дагуу очиход 15-18 насны дэрсхэн охид яах аргагүй зогсож байх. Тэдний үнэ ханш хамгийн бага бололтой. Цагийн 10,15 мянган төгрөг. Уртасгасан цагаар юм уу хоногоор авбал үнэ нь 50-100 мянга, бүр бүтэн өдрөөр, хэд гурван хоногоор авах юм бол 300-500 мянгад хүрдэг гэнэ. Зарим охид, эмэгтэйчүүд өөрийн нууц сүлжээтэй болж, түүгээрээ дамжуулан долоо хоногийн болон 14 хоногийн, сарын тохиролцоотой, 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн “барьцаа” цалинтай болсон дуулдана. Тэр байтугай гудамжинд цадигаа алдсан явдлууд ч гарах болжээ. Хувийн машинаар мөнгө хийдэг улсууд ярьж байна. Улаанбаатарын хэд хэдэн зам, гудамж, талбайд охид тэднийг зүгээр явуулахаа больсон гэнэ. Шууд л хүрч ирээд “Ах аа, ганц цагийн үйлчилгээнд 5000 төгрөг өгчих. Наад кабинд чинь амжуулчихъя” гэдэг болсон аж. “Түй, ингэж ах шигээ, аав шигээ насны хүнээр оролдож, тоглох гэж байх уу даа? Муусайн чулчнуудыг босож ирэхгүй болтол нь алгадаад хаячихмаар байх юм. Даанч хууль хатуу болохоор яаж ч чадахгүй юм” гэж нэгэн ахимаг эр ундууцан ярилаа. Нас намба нь тогтсон наад цаадхыг мэддэг эрчүүд ингэж ярьж байгаа нь их юм. Гэвч залуухан эрчүүд бол гудамжны охидтой яаж харьцаж байгаа бол? Бэлэн өгөөш, гох дэгээнд нь орж ирж байгаа “загас”-нуудыг зүгээр л явуулчихаж байв гэж.

Нас ахисан эмэгтэй жолооч нар ч ярьж байна. Залуучууд, эрчүүд тэд нарыг бас зүгээр явуулдаггүй гэнэ. Ер нь л хоёулаа тохиролцчихвол яасан юм бэ гэлцдэг болсон гэнэ.

Гурав. Гоё зараар хол зуучлагчид

Гадаад руу сургуульд явах, хөдөлмөр хийх гэсэн охид бүсгүйчүүд гоё заранд хууртах нь элбэг. Гадаадын чинээлэг эртэй гэрлэхийг хүсэгчид ч үүний гол хууртагсад болдог. Хөрш зэргэлдээ орнуудаар дамжин бусад улс орнууд руу зохион байгуулалттай худалдаалагдаж буй гэмт хэргийн золиосонд дунджаар 5-10 хүн хохирдог болсныг цагдаагийнхан мэдээлж байна. Саяхныг хүртэл энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн Эрээнд л байгаа мэт яригддаг нь худал болжээ. Уг нь нэг боомтоор дамжин гэмт хэрэг үйлдэгддэг байсан бол одоо олон боомт дамжин улс гүрнүүд алгасан хийгдэх болжээ. БНХАУ-ын Хонгонг, Макаод бэлгийн мөлжлөгийн зорилгоор, БНСУ, Казахстан, Турк, Малайз, Чех, Япон улсаар дамжин гуравдагч, дөрөвдөгч улс руу худалдаалах сүлжээ тодорхой болжээ. Манай улс гадаадын Олон улсын цагаачлалын байгууллагын тусламжтайгаар 41 хохирогчийг эх орондоо буцаан авчруулаад байна.

2009 онд ийм хэрэгт өртсөн 16 эмэгтэйг авчирснаас үзэхүл, Турк улсаас 3, БНХАУ-аас 12, Малайзаас нэг эмэгтэйг авчирсан байх жишээтэй. Зөвхөн гадаад иргэдтэй гэрлээд гудамжинд хаягдсан монгол бүсгүйчүүд эх орондоо ирж чадахгүй байх тохиолдол ч байна. БНСУ-аас саяхан 30 гаруй эмэгтэй нөхрөөсөө салж эх орондоо ирсэн баримт ч байна. Малайзид нэгэн эмэгтэй торон хашаанд хоригдож, зэрлэг амьтан шиг болсон байхыг харсан хүн ч байх юм. Ийм баримтыг Энэтхэгт ч харсан хүн нэг биш. Европын орнуудад далдуур хүний эрхэнд орсон хичнээн хүн байгааг мэдэх аргагүй. Сүүлийн үед Чехийн холбогдох байгууллагуудаас ма¬найд сэрэмжлүүлж байгаа. Тус улсыг Европын “Хүний наймааны гол цэг” болгож эхэлснийг тус улсаас анхааруулах болов. Чехийг “Европын боолын гүүр” улс гэж нэрлэх ч болжээ. Манайхан Чех рүү хичнээнээрээ явахыг хүсч, явсаар байгаа билээ.

Сүүлийн арваад жил яригдаж буй хүний наймаатай хийх тэмцлийн талаар бид төдийлөн туршлага хуримтлуулж амжаагүй байна. Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Манай улсын эдийн засгийн боломжоос шалтгаалж энэ хар хэрэг рүү хөрөнгө мөнгө гаргах чадвар ч муу байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн сан, Олон улсын шилжин суурьшлын байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сая гаруй долларын дэмжлэг үзүүлжээ. Манай улс дотроо 4000 гаруй ТББ-тай байгаагийн 30 шахам нь хүний наймаатай тэмцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тэр байгууллагуудын хөрөнгө мөнгө хомс байгаа нь хил дамжсан, улс гүрэн дамжсан хүний наймаатай тэмцэхэд хүрэлцэхгүй, хүчин чадал нь дутдаг аж.

Мөн хүний наймаатай тэмцэхэд Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт, нэмэлт заалт оруулан шийтгэлийг чангатгахгүй бол охидоо гадагш нь алдаж, авчирсан ч хохирлыг төлүүлэх боломжгүй болдог. Гадаадын иргэд хуулийн цоорхойг ашиглан охид, бүсгүйчүүдээр минь тоглох, шоглох нь ихэссээр байна. Тэдэнд хүлээлгэх ямар ч хатуу хариуцлага манайд алга. Хоёр хөршийн дэргэд үүд дэлгээтэй монгол гэр, бүс нь алдуурсан монгол охид инээвхийлэн зогсоо нь бөөн олз л гэсэн үг. Үүнийг ч гадныхан андахаа байж. Ийнхүү Монгол Улс маань дотроо ч хүний наймааны үүдтэй, гадагшаа ч хүний наймааны үүдтэй болжээ. Энэ үүдээр эхлээд хүн та өөрөө, охид өөрөө, бүсгүйчүүд нэг нэгнээ уруу татан, буруу хаалгаар оруулах болсныг нэн анхаарууштай. Үүд ,хаалгаа өөрсдөө хянаж эхэлье. Өөр яахсан ч билээ?

Ж.Батсайхан, Б.Ууганбаяр
МОНЦАМЭ

10 Comments

  1. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  2. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  3. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  4. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  5. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  6. ганаа says:

    гыисаугуйфдсажг,мфдслгжофспаажкгофдспакжгпфдс

  7. санал нэг хүн байна уу says:

    хууль сул байгаам бол хэсэг хүмүүс нэгдэж төрийн бус байгууллага ч гэсэн байгуулж болношдээ, ийм бодолтой хүмүүс байна уу байвал утасны дугааруудаа үлдээгээрэй

  8. Moron says:

    Монголд бас хэстүү байгаа ум бишуу ? Гудамжаар явхаар ни хужаа барилагчин акх нар туйпуу шидээд эсвэл хулгайлж хучирхийлээд барж байгаа байшиндаа хананд ни тсутгаад хаычаад байна . Эсвэл худооний хэнэгүй будуулэг зантай монгол залуус ни бакалдаж алчих гээд , монголийн хэдэн годгор окхидод нукхэр болчох хун ховор байгаа бололтой .

  9. USA says:

    Охидууд мини хуний нутагт зовсоноос оорийн эх орондоо жаргадаа. Эх орон шиг зоолон хоол зоолон шороо хаа ш байхгуй шуу.

  10. beautiful says:

    Охид бүсгүйчүүд минь сэрэмжтэй, ухаалаг байгаарай!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.