Дахин гэрлэлт: Аврал ба урвал

Хоёр дахь гэрлэлтэд аз дайрах магадлал өндөр гэж бид итгэдэг. Хэзээ ч засах боломжгүй болсон үедээ л харамсдаг нөгөө л тэнэг алдаануудаа давтахгүй байх гашуун туршлага хоолойгоор маань татаж байгаа болохоор, тэгээд ч жил ирэх бүр л настай зэрэгцэн зузаарсаар буй тэвчээр, алсын хараагаа бодсон ч тэр. Гэвч, харамсалтай нь, судалгааны дүн энэ найдварыг маань огтхон ч нотлохгүй байна. Хоёрдах гэрлэлт яг л анхныхтай адил, талаас дээш хувьд нь салалтаар өндөрлөдөг.

Биднийг амьдрал юунд ч сургадаггүй гэж үү? Эсвэл гэрлэлтээ цуцлуулсан гэр бүлийн амьдралд зориулагдаагүй тийм нэг “онцгой” төрөл зүйлд харьяалагддаг юм болов уу? Хэдийгээр ихэнх хосууд “гэр бүлийн хөлөг онгоц”-оо мөнгөн хуримын зүг залж, олон хүн салалт, тусгаарлалт гэх мэтдээ тултал асуудалд орооцолддоггүй боловч чухамхүү яагаад хоёр дахь удаа нь эхнийхээсээ илүү хүнд байдгийн учрыг л олмоор санагдана. “Анхны гэрлэлтэд байгаагүй асуудлууд хоёрдах гэрлэлтэд бий болдог” гэж зарим эрдэмтэд үзэж байхад ямар ч зүйлд дасал болох чадвартай хүн гэдэг амьтан алдаандаа ч дасч, анхныхаасаа хурдан салах шийдвэр гаргах зуршлыг олж авдаг гэж батлах онолзүйчид ч байна.

Өнгөрсөн үеийн сүүдэр
Гэр бүл салалттай холбоотой сэтгэлийн хөдөлгөөнүүд хэзээ ч ул мөргүй арилан одохгүй, ялагдал харууслын гашуу цээж зуран хорсгож байдаг. Гэрлэлт хэмээх олон ааштай гоё амьтны аманд толгойгоо дахин нэг шургуулаад үзэхээр зориглогсод энэ удаа бүх зүйл сайн сайхан болно гэж горьддог бололтой. Сэтгэлийн ангайсан шархаа умайтал нь оёж, гөлийтөл нь индүүдчихээр өнгөрсөн үеэ тэр чигээр нь засварлачихсан болно гэж бидний олонх боддог. Гэтэл чухамхүү тэр өнгөрсөн үе л хоёрдах гэрлэлтийг бусниулдаг үймээнч нь болдог. Анхны хань, урьдын харьцаа, хамтдаа туулсан он жилүүд, хувааж залгилсан зовлон жаргал, тэгээд одоо ч байгаа дундын найзууд… “Түүнээс өмнө надад ямар нэгэн амьдрал байсан гэдгийг Төмөрөө сонсохыг ч хүсдэггүй. Үнэхээр байсан хүнийг, үзсэн амьдралыг огт байгаагүй мэт царайлж би яагаад ч чадахгүй юм” гэж 43 настай Гэрэлмаа ярьж байна.

Гэр бүлийн завийг тань хөмөргөчих усан доогуурх бас нэг үл үзэгдэгч дайсан бол сексийн амьдрал юм. Бэлгийн харьцааны туршлага, ялангуяа, эмэгтэйчүүдэд маш чухал байдаг. Чухам үүгээр л дамжуулж, бид өөрсдийн мэдрэмжийг нягталж, эсрэг хүйстнээ хүлээн авдаг. Нэг хүнтэй удаан амьдрах үед сексийн тодорхой загвар бий болж, бидний далд ухамсарт бүрэлдэж тогтох нэгэн хэвийн хүлээлт дараагийн холбоон дахь бэлгийн амьдралд нөлөөлж эхэлдэг байна.

Өнгөрсөн үеийн хий үзэгдлүүд-нөхөр, эхнэр, амрагууд шинэ гэр бүлийн дагуул болох нь цөөнгүй. “15 жил хамт амьдарсан хүнээ ор тас мартаж болно гэдгийг би ойлгохгүй байна. Миний одоогийн эхнэр дандаа л энэ тухай бодож, одоо би түүнтэй ямар байгаа, өмнө нь эхнэртэйгээ ямар байсныг минь харьцуулж байдаг. Би юуг ч юутай ч зүйрлүүлж, эсэргүүцэхийг хүсээгүй, харин өөрийн эрхгүй харагдаад байдаг өнгөрсөн үеийн дүр зургуудыг хааш нь хийхээ мэдэхгүй байна” гэж гурван хүүхдийн эцэг, 12 жилийн өмнө бэлэвсэрсэн ч тун удалгүй гэрлэсэн Дүгэр өгүүлсэн юм.

Хүүхдүүд “санаатайгаар” салгадаг уу?
Зориуд зохион байгуулалттайгаар бослого дэгдээгчийн дүрд маш амжилттай тоглодог хүүхдүүд хоёрдах гэрлэлтэд жинхэнэ төвөг удах нь олонтаа. Газар дээрх хамгийн дотны хүмүүс-ээж, аавыгаа дахин хамт амьдрахгүйгээр хоёр тийш болоход хүнд цохилт авч, сэтгэлзүйн цочролд орсон хүүхдүүд ээж, ааваараа өрөвдүүлэх замаар, гэр бүлийн шинэ гишүүн болох хойд эцэг эхээ хавчин хяхахаар оролдож эхэлдэг. Шинэхэн цогцлох амьдралын хамгийн хэврэг үе болох эхний өдрүүдэд насанд хүрэгчдээс дээд зэргийн уян хатан байдал, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” дипломат соёлыг шаарддаг.

Хүүхдүүд ээж, аавынхаа шинэхэн “найз нар”-т албаар асуудал үүсгэж, гэрээсээ шахан зайлуулснаар хуучин гэр бүлээ дахин эвлүүлэн босгох зорилготой байдгийг томчууд тэр бүр ойлгодоггүй. Хойд эцэг, эхдээ хандан нэрлэх үг монгол хэлэнд ч, бусад олон хэлэнд ч байдаггүй нь нэмэр дээр нэрмээс болж харь хөндлөнгийн хүнийг халуун зүрхэнд нь дотно “ээж”, “аав” гэж дуудахыг тулгасан насанд хүрэгсдийн муйхар шаардлагаар хүндэрч байдаг.

Туршлага юунд ч сургадаггүй
Хэрвээ бид өөрсдийгөө өөрчлөхөөр эрс шийдэмгий ажиллаж эхлэхгүй бол нөхцөл байдал, нөхөр эхнэрээ буруутган үзэн ядсаар, эхний гэрлэлт нуран унасанд ханцуй шамлан оруулсан “хувь нэмэр” маань юу байсныг хэзээ ч ойлгож чадахгүй байсаар өмнө бүдэрсэн газраа хоёр дахин унахгүй гэхийн баталгаагүй болно. Хамгийн аядуу, уужуу хүмүүсийн хооронд ч гэсэн хэзээ нэгэн цагт заавал тохиолдох жамтай маргаанд урьдын хэмнэлээрээ хүч түрэн оролцох юм бол дараагийн хамтрагч бүртэйгээ гарцгүй мухар хонгилын ханыг мөргөх болно л гэсэн үг. Дандаа ялах нь чухал биш гэдгийг амны уншлага болгож заншвал хамгийн түрүүнд өөрсдийн маань сэтгэл хэчнээн амар болно гээ.

Эхний гэрлэлтдээ өөрийн яагаад бүтэлгүйтсэн шалтгааныг задлан шинжилж, бодитой дүгнэлт хийснээр эерэг шийдвэр гаргах дотоодын хүчний хөдөлмөрийг бидний хэн маань ч хийх дургүй байдаг нь туйлын харамсалтай. Нөгөө хүн л ямагт буруутай гэж боддог учраас “гажигтай хэсэг”-ийг л сольчихвол л гэр бүл гэдэг хөдөлгүүр ямар ч согоггүй ажиллана гэж бид гэнэхнээр найддаг. Гэтэл чамгүй олон тохиолдолд тэр өвчний голомт нь тархинд маань оршиж байдгийг харах ухааны нүд маань харалган байх юм даа. Тийм учраас салалтын дараа хэсэг зуур ч болов ганцаар амьдарч, алдаандаа дүн шинжилгээ хийж, өөрийгөө таних нь дараагийн алдаанаас маань урьдчилан сэргийлэх хамгийн сайн тарилга байдаг байна.

“Би нөхөрт гарахаасаа өмнө олон ч хүнтэй үерхэж, салж нийлж үзсэн. Ямар ч шалтгаанаар бай хэн нэгнээс холдсоны дараах үеийг ганцаар давахаас илүү хэцүү сорилт гэж үгүй л болов уу. Өмнөх дурьдатгал, гомдол, талаар болсон хүлээлт, нөгөө хүндээ зориулсан сэтгэлийн харуусал нийлээд ёстой там болдог. Би аль болохоор хурдхан шиг л өөр хүнээр өмнөхөө будахыг хүсдэг учраас дандаа л яаран адган шинэ алдаа гаргачихдаг байсан. Ер нь нэгийг нөгөөгөөр солино гэдэг сайжруулна гэсэн үг биш юм. Сайн тал заавал мууг дагуулдаг болохоор хүссэн зүйлийнхээ дагаварт санаанд ч оромгүй аймшгийг гардан авах нь бий.

Одоо бол би харьцангуй тайвширсан. Би одооны нөхөртэйгээ арав гаруй жил амьдарч байна. Би түүндээ хичнээн хайртай ч гэлээ хэд хэдэн удаа хэрэг тариад амжсан. Заримд нь би бараг яахаас ч буцахгүй болтлоо дурлаж байсан ч хэрэг эцэстээ туллаа гэхэд тэдний хэн нь ч насан туршийн ханиа болгоод сонгочихоор хүн байгаагүй. Хэд хоногийн тансаг амралт, “1001 шөнийн үлгэр”, нөхрөөсөө хүлээхээ болиод удсан санамсаргүй романтик бэлгүүд намайг хэчнээн их баярлуулдаг ч “Чи энэ хүнтэй бүх насаараа, өдөр шөнөгүй амьдар” гэвэл би яавч чадахгүй” гэж 39 настай Урнаа ярьж байна. Ер нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр яаран хийсэн бүхэн эвдрэх нь түргэн байдаг бололтой дог.

Хувийн орон зайн хамгаалалт
Өмнөх гэрлэлтийн үргэлжилсэн хугацаа, хэзээ хэрхэн салсан, хэн хэдэн настай, хэчнээн хүүхэдтэйн аль нь ч хоёрдах гэрлэлтийн ирээдүйг урьдчилан хэлж чадахгүй. Хамгийн гол нь өнгөрснөөс хэн ямар юм сурч авч үлдсэн нь л чухал байдаг. Гэр бүлийн амжилтын нууц бол хос хоёрын хэлхээ холбоондоо өгдөг цорын ганц үгний ач холбогдолд л оршдог. Энэ бол “утга учир”. 50 настай ч гучтангуудыг хол хаясан гоо үзэсгэлэнтэй, багтаж ядсан эрч хүчтэй Хулан үүнийг өөрийн биеэр амсч мэдсэн байна. Анхны нөхөртэйгээ есөн жил амьдрахдаа ар араасаа гаргасан алдаагаа лавшруулсаар эцэст нь нэгэн дээвэр дор багтах аргагүй болсны хойно Хулан хэнийг ч буруутган зүхээгүйгээрээ өөрийгөө аварсан юм.

“Хэзээ ч, хэнийг ч дорд үзэж, доромжилж болохгүй юм байна гэдгийг би яс махандаа тултал ойлгосон. Тэр ажил дээрээ бяцхан амрагийн учраатай болсныг би мэдээд түүнийг чивэлт хорвоогийн хамаг л бузар булайд буруутгаж, амьдралыг нь газрын там болгон хувиргасан. Харин одоо, олон жилийн хойно эргэн хараад үүнд тийм ч сүйдтэй юм байгаагүйг ойлгосон” гэж Хулан ярьж байна. Хоёрдах нөхөр нь анхны нөхрийнх нь яг эсрэг туйл. “Асар их хүчтэй, аугаа эрх мэдэлтэй, юу хүсч байгаагаа ямагт тов тодорхой мэддэг ийм хүнтэй байхад надад ямар амар амгалан байдаг гээч. Эхний нөхөртэйгээ байхад би өөрийгөө хотоор дүүрэн хог нэгээрээ байдаг “нийгмийн хонгор” гэж мэдэрдэг байсан бол хоёр дахь нөхөр минь давс хужир нь таарсан хараараа өөрийн эрхгүй өөрийгөө хайрлаж, өөрөөрөө бахархаж, улам л гоё болж, илүү хүчирхэг эмэгтэй байх итгэл, тэмүүллийг надад өгдөг.

Хүнийг өөд татаж, өөдрөг байлгаж чаддагт түүний амжилтын нууц оршдог байх гэж би боддог” хэмээн жаргал гийсэн нүдээрээ жавхаатай нь аргагүй инээмсэглэн өгүүлж буй Хулан хэрэв цагийг нь олж тоормосоо гишгээгүйсэн бол гэр бүлийг нь онхолдуулсан алдаагаа дахиад л давтах байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Урьд нь гэр бүлдээ давуу эрх эдэлж, зөвөө батлахын төлөө мэт зүтгэдэг байсан Хуланд одоо гэр бүлээ бат бэх хэвээр нь хадгалах, түүний тулд нэн түрүүнд хувийн орон зайгаа хамгаалах л хамгийн чухал болоод байна.

“Би Пүрэвээд хамгаа уудалж, байдгаа дэлгэдэг байсан. Харин зарим нэг зүйлийг мэдээгүй нь дээр байдгийг хожуу ч гэсэн ойлгосон би хүн бүр хувийн дархан цаазат цэцэрлэгтээ нуугдах эрхтэй гэдгийг эмэгтэй хүн бүрт хэлмээр байдаг юм” гэж намуухан дуугаар хэлж билээ. Өөрийгөө зөнд нь хаяагүй, гадаад үзэмж, дотоодын гоо үзэсгэлэнгээ зогсоо чөлөөгүй тордож, сээтэгнэлийн амтыг цагийн уртад хадгалж чаддаг хоёрдугаар дүрмийг ихэнх хүүхнүүд лав мэдэх биз. Харин нөгөө хүнээ хугалж нугалалгүйгээр, байгаагаар нь ойлгон хүлээн авч, өөрөө зохицон хөл нийлэх гуравдугаар дүрмийг л гомдмоор цөөхөн нь мөрддөг бололтой.

“Миний нөхөр төрөлхийн гутранги үзэлтэй ч би түүнийг буруутган, дайран дээр нь давс үрдэггүй, харин бараан бүгээн ертөнцийг нь өөрөөрөө гэрэлтүүлж, өдөр бүр баяр баясгалангийн цэцэгс дэлгэхсэн гэж мэрийж явдаг даа” гэх Хулан тарьсан үрийнхээ л жимсийг хурааж, жинхэнэ ханийн жаргал гэдгийг энэ л нөхөртэйгээ ханатал эдэлж яваа юм шүү.

Тамгагүй төр
Эмэгтэйчүүдийн 23 хувь, эрчүүдийн 43 хувь нь салалтын дараа шинэ гэр бүл зохиож байгаа ч батлуулахдаа хойрго хандах болж. Монголын иргэдийн талаас илүү хувь нь иргэний гэр бүл буюу хамтран амьдрахыг албан ёсны гэр бүлээс ялгаагүй гэж үзэх болсон гэх судалгааны дүн хэр их устайг хэлж би мэдэхгүй ч хүмүүс хувийн амьдралдаа төрийг аль болох оролцуулахгүй байхыг хичээх болсонтой санал нэг байна. Дахин гэрлэгсдийн ¼ нь л гэрлэлтээ хуульчлахаар зориглодог болчихсон өнөө цагт бид хүүхэд нь төрчихсөн ч ээж аавууд нь харьцаагаа баталгаажуулдаггүй швед маягийн гэр бүлийн загвар луу л дөхөж явах шиг байна даа. Гэрлэгсдийн баталгаа хэмээгч алга дарам хөх цаас аз жаргалын алтан түлхүүр биш боловч ертөнцөд мэндэлж буй шинэ хүнийг удам угсаа, эрт галав руу одох элэнц хуланцын түүх, гэр бүлийн ургийн хэлхээнээс салгаж байгаа хариуцлагаа бид ухамсарлах ёстой.

Монголд гэрлэлтийн дундаж нас 23, шинэ гэр бүлүүдийн оршин тогтнох хугацаа таван жил байна гээд бодвол ид залуу 30 хүрээгүй насандаа ханийн эрэлд давтан мордогсод улам л олширч байна гэсэн үг. Хэчнээн олон ээжийн үнсэлт хүүхдийн хацарнаас ондоо газар унаж, хэчнээн ч хүүхдийн толгойг ээж, ааваас нь ондоо хүний гар илбэж байна вэ? Тамга бол алив төрийн биет билэг тэмдэг төдий зүйл. Төрийн хүч чадал дотоод тогтолцооноос л шалтгаалдаг болохоор тамгатай эсэхээс үл хамааран төрүүд оршсоор л байх болно.

SOURCE: Гоодаль

3 Comments

  1. bg says:

    Huuliinhand anxaaruulahad ger buliin huulindaa uurchlult hiih tsag bolson shig bna,tsag ueiin baidald orchin nuhtsuluu dagaad ger bul ger bul bish hamtran amidralt,tgd ger bulees salsanch2dahi amidralaa zohiochihson zeregtsen bairlaltai bgaa unuu ued gerbuliin huuliig huuli shig huuli bolgood tgd gerbuliin huulindaa gerbulees gaduur yavaldalt burt hatuu zaalt,hyanalt tavij ugmuur sanagdana.tegehgui bol mgloor duuren salsan gerbuliin huuhduud xezee xoino tsus xolildolt uusch undesten muhuh,tgd deerni DOX uvchnii nemegdelt zergees ulbaalsan muu urshigt zuils garah nuhtsul buren burdseniig xarj bgaa bailguidee.Ternees gadna amidrald aldaagui hun gj bhguiee bie bienee uuchlan bie bienee hundlen amidarmaar yum,hiih hudulguun heleh ugee hurtel ayatai tsegtstei bailgamaar en gudamjaarl neg pizdaa gichii yanhan gdg ugs udur shunugui huvruh,gudamj duuren hogondoo daragdsan xotoo avrahsandaa ard irgedee,Tegeed bas nemehed ene eruugiin huulindaa hun huchirhiileh ter tusmaa baga nasnii oxid huuhduudiig gsn zaalt nemen oruulj ohiddoo setgel zuin bolood biyiin gashuun zovlong amsuulmaargui bna,iimerhuu uildel hiisen 1-2huniig olon niitiin umnu taigan bolgon shiitgel uzuulmeer bna gaduur arai dendej bna. ene bugdtei humuus sanal negdeh bhaa hehe araich zambaraagui bolchixvuu

  2. tuulai says:

    салж нийлэх ни их болсон гэдэг ch harin vnen shvv

  3. hh says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж
    үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.