Хүний наймаа. Энэ үг өнөөдөр Монголчуудад төдийлөн гайхширч хүлээж авах үг биш болжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо нуран унаснаар шилжилтийн гэх тодотголтой хүнд бэрх он жилүүд эрүүгийн нөхцөл байдалд “ташуур” өгсөн. Тэр дундаа, хүн худалдаалах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн золиос болгох нь өсөх хандлагатай байгаа юм. Албан ёсны статистик судалгааны дүнгээс үзэхэд 2001 онд хүн худалдаалах гэмт хэрэг нэг гарч байсан бол 2008 он гэхэд 300 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт гэсэн гурван хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгддэг байна.
Бэлгийн мөлжлөгт автсан хохирогчийн тоо өссөөр…
Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн залуу эмэгтэйчүүд өртдөг. Судлагдсан эрүүгийн хэргүүдээс үзэхэд, 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна. “Гадаадад өндөр цалинтай ажилд ажиллуулна, тэтгэлэгт сургалтад хамруулна” гэх мэт хуурамч зар сурталчилгааг ашиглах, амьдралын хүнд нөхцөл дээр нь дөрөөлөн ятгах, хүч хэрэглэх замаар охид, бүсгүйчүүдийг аргагүй байдалд оруулан гэмт этгээдүүд дотоодод болон Хятад, Малайз, Макао, Хонконг зэрэг оронд тэдний биеийг нь үнэлүүлж ашиг олдог байна. “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн мэдээлснээр, 2003 онд нэг, 2004 онд дөрөв, 2005 онд гурав, 2006 онд 11, 2007 онд 42, 2008 онд 27, 2009 онд 51 буюу нийт 139 хүн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авчээ.
Манай улс 2002 онд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд “Хүн худалдах, худалдан авах” гэсэн томьёоллыг оруулж, 2008 онд уг заалтыг өөрчлөн найруулж, мөн оны 3 дугаар сард Улсын Дээд шүүхээс тайлбар хийсэн нь хүн худалдаалах гэмт хэргийг олон улсын гэрээ, конвенцийн зарим хэм хэмжээний дагуу хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой юм. Гэхдээ өнөөдөр шүүхийн практикт гэмт хэрэгтнийг онц хүнд гэмт хэргийн зүйл ангиар бус хөнгөн зүйл ангиар шийтгэх нь олонтаа. Мөн прокурорын шатанд ирсэн хэргийг “биеийг нь үнэлүүлсэн, бусдад худалдаалагдсан гэдэг нь хангалттай баримт нотолгоогүй”, “хохирогч дуулах, бүжиглэх гэх мэт үйлчилгээний ажил хийхийн хамт хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл бэлгийн харьцаанд орно гэдгээ мэдэж байсан учир хүчинд автагдсан, хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх зэрэг шалтаг шалтгаанаар 85-90 хувийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр манай улсад байхгүйтэй адил. Хохирогчийг хамгаалахаас гадна туслалцаа үзүүлэх, нөхөн төлбөр олгох, нэр хүндийг нь сэргээх, эргэн нийгэмшихэд зориулж хийж буй бодитой ажил мөн ховорт тооцогдож байгаа юм. Тухайлбал, Монголд хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хоёр хохирогч хэргийг хянах явцад эхэндээ хохирогч байснаа гэмт хэрэгтний ятгалаг, айлган сүрдүүлэлтэд орсноос болж мэдүүлгээсээ буцаж, улмаар өөрсдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаж байсан сургамж байдаг байна.
Эрчүүд хөдөлмөрийн мөлжлөгт өртөмтгий
Хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд их өртдөг байна. Иргэдийг хуурамч зар сурталчилгаанаас гадна ажиллах хүч зуучлах нэртэй компани болон хувь хүн иргэдийг хил давуулан бүлгээр нь хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор дотоодод болон гадаад улс орнууд руу худалдаалах хэрэг гарах болсныг баримт гэрчилнэ. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 92 хүн хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болж, туслалцаа авсан аж.
Өнөөдөр манай улс гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах асуудлыг Гадаадад ажиллах хүч гаргах болон гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар зохицуулж байгаа. Гадаадад ажиллах хүч зуучлах зөвшөөрөлтэй компаниуд ихэвчлэн залуу эрчүүдийг сонгон авдгаас эмэгтэйчүүд харьд гэрээгээр хөдөлмөр эрхлэх үүд хаалга бараг хаалттай байгаа юм. Ингэснээр гадагшаа гарч ямар ч хамаагүй ажил хийх гарцыг хайдаг төдийгүй хууль бус үйлдэл хийхэд хүргэдэг байна. Дотоодын нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж ажлын хүнд нөхцөлд, иргэдийг дөнгөж гол зогоох хэмжээнд ажлын хөлс олгон хөдөлмөрийн нь мөлжиж ашиг олох хандлага цөөнгүй давтагдаж буй. Бага цалин хөлс өгөхийн дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ажилчдыг гаднаас нь цоожилж, урт цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй нөхцөлд ажиллуулж байгаа тухай мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөн буй удаа яригдаж байсан. Гэтэл Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулинд “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж зааснаас гадна манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенци, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар конвенцид тус бүр 2005 онд нэгдсэн орсон орны хувьд энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь хэдийнэ болсон гэсэн үг юм.
Зуучлалаар гадаад иргэдтэй гэр бүл болж байна
Сүүлийн жилүүдэд “Гэр бүл зуучлал” нэрийн дор охид бүсгүйчүүд гадаад иргэдтэй хуримлах нь ихэсчээ. 2003-2007 оны хооронд гадаадын иргэнтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54.1 хувиар өсч, тэдгээрийн 9095 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдгээр эмэгтэйн 70 хувь нь Солонгос иргэдтэй гэр бүл болжээ. Энэхүү гэрлэлтийн үр дүнд зуучлуулсан иргэд бусдын нутагт хүчирхийлэл дарамтад өртөж, байнгын боолчлолын байдалд орон, эрх ашиг нь зөрчигдөх нь түгээмэл байгаа юм. “Хүйсийн тэгш эрхийн төв”-д 45, “Хүний эрх хөгжил төв”-д хоёр иргэн зуучлалын захиалгат гэрлэлт хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн гэж хандсан байна.
Гэрлэлт гэдэг хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэдэг бол захиалгат гэрлэлт зөвхөн нэг талыг барьдаг. Тухайлбал, зуучлагчаар дамжуулан гэрлэж байгаа хүмүүс нэг талын гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрдэг. Тухайн гэрээнд сүй тавих ёслол хийсний дараа гэр бүл болохоос татгалзвал мөнгө төлнө, очсон хойноо зугтаж орговол эцэг эх нь зуучлах товчоонд төлбөр өгнө гэх мэт заалтыг тусгасан байдаг байна. Манай улсын иргэдийг гэр бүл болоход зуучлах асуудлыг зохицуулсан хуулийн заалт одоогоор байхгүй байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд ч мөн ялгаагүй гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах үйлчилгээг ямар нэгэн байгууллагад олгохоор заагаагүй. Тиймээс хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар тарааж, тэр нь өнөөгийн нийгэмд байх ёстой үзэгдэл мэтээр энгийн иргэдэд харагдах болжээ.
Монцамэ
1 Comment
аймар урт юмаа яаж уншнаа