Судалгаанаас үзэхэд гүнзгий дотно үерхэх хэрэгцээ охидод нэг эсвэл хоёр жилийн өмнө бий болдог бөгөөд охидын үерхэл нь сэтгэл хөдлөлөөр илүү баян байдаг. Өөрөөр хэлбэл охидууд хөвгүүдийг бодвол сэтгэл хөдлөл ихтэй, өөрийгөө нээн илэрхийлэх хандлага хамаагүй илүү байдаг учраас хэн нэгэнтэй дотно үерхэх хэрэгцээ шаардлага нь эрт илэрдэг гэсэн үг юм.
Гэвч охидын хувьд үерхэлд хандах хандлага, тавих шаардлага, шалгуур нь илүү нарийн байх ба сэтгэл зүйн хувьд хөвгүүдийн үерхлийг бодвол илүү үндэслэлтэй бодитой байдаг. Мөн охидын үерхлийг тодорхойлж ойлгох сэтгэлгээ нь хөвгүүдийнхээс хамаагүй илүү. Ер нь өсвөр насанд харилцааны шинж чанартай бэрхшээлтэй асуудлууд гарч ирдэг бөгөөд энэ нь бие хүний цаашдын хөгжилд гүнзгий ул мөр үлдээдэг.
Түүнчлэн өсвөр насанд өөрөө өөртэйгээ нийцэх хэрэгцээ, шаардлага, буцалтгүй байх, өөрийгөө бүрэн дүүрэн нээх хүсэл тэмүүлэл юу юунаас илүү их байдаг. Гэвч өөрийнхөө “бие”-ийн тухай төсөөлөл нь тодорхой бус, бас тогтворгүй тул өөртөө зохиогүй ахадсан ямар нэгэн ёр бусын рольд тоглох замаар өөрийгөө үгүйсгэхэд хүргэдэг.
Тэд өөрийнхөө дотоод ертөнцийг нээн илэрхийлэх хэрэгсэл, боломж түүнд дутмаг байгаагаас ямагт шаналж байдаг. Учир нь тэдний бие нь гүйцэд бүрэлдэн хөгжөөгүйд гол учир шалтгаан байгаа хэрэг юм. Ер нь өсвөр насны үерхэлд энэ насны бүхий л зөрчил илүү тод харагддаг. Мөн тэдний сэтгэл санааны илэн далангүй дотно байх хэрэгцээ ерөнхийдөө туйлын хүчтэй байдаг.
Өсвөр насыг үерхлийн гоц нас гэж үздэг боловч энэ насныхан жинхэнэ үерхэл ховор байдаг гэдэгт итгэдэг. Үерхэл нь тэдний хувьд өөрийгөө нээх сургууль мөн хэн нэгнийг ойлгох сургууль болж өгдөг ач холбогдолтой юм. Иймд эцэг эхчүүд маань эдгээр бэрхшээлүүдийг тухайн үед нь ажиглаж, даван туулж гарах тал дээр нь анхаарч, хүүхдийнхээ хувийн сэтгэл зүйн онцлогт нь тохирсон харилцааны зохих арга барилыг эзэмшүүлж хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Үүнд эцэг эхчүүдийн зүгээс эв дүй, тэвчээр, чин сэтгэлийн халуун яриа, илэн далангүй нээлттэй байдал чухал үүрэг гүйцэтгэх болно.
/Хань/