Техник технологийн хэт хөгжил дэвшил нь хүмүүс хоорондын “амьд” харьцааг хязгаарлах болсон нь залуус учрах, хайр сэтгэлийн харьцаа үүсэх, улмаар гэр бүл болоход сөргөөр нөлөөлж байна гэж судлаачид үздэг. Ажил гэр гэсэн маршрутаар яваад байвал хүүхнүүд маань хань ижлээ хэрхэн олох билээ. Юутай ч эрчүүдтэй танилцах боломжийн газруудыг судлах нь зөв.
1. Социолист сонголт
Социолизмын үед гол төлөв оюутны ширээнээс ирээдүйн хань ижлээ сонгох ажилд эрчимтэй ордог байсан. Харин оюутан охид их болсон өнөө үед ийм боломж хумигдсан бололтой. Уг нь энэ нь залуус бие биенээ таньж мэдэх, үерхэж дасах, гэр бүл зохиох маш таатай боломж юм.
2. Ажлын хамт олноос…
Хүүхнүүд олонтой ажилд орохгүй байвал зүгээр. Гэхдээ ийм хамт олон дунд орсон ч гутрах хэрэггүй. Харин эрчүүдийн хойноосоо хуйлруулдаг, ер нь цоглог бүсгүйтэй ойр дотно байхыг хичээ. Ийм эмэгтэйд атаархах нь тэнэглэл юм.
3. Тэмдэглэлт үйл явдлын үеэр…
Ийм үйл явдалд заавал оролцож бай. Зөвхөн ажлын хамт олон гэлгүй найз нөхөд, ойр дотно хүмүүсийн хурим найр, төрсөн өдөр зэрэг үйл явдалд оролцох нь сонирхолтой хүмүүстэй танилцах хүрээг тавьж өгнө.
4. Зоогийн газар хавиас…
Баар ресторан, зоогийн газраас ханиа сонгодоггүй гэдэг. Үнэндээ тийм биш. Баар, ресторан зөвхөн хөнгөн явдалтай хүүхнүүд ордоггүй шүү дээ. Эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн авч яваа зан байдлаар л дүгнүүлдэг. Аятайхан ресторан, зоогийн газар найз бүсгүйн хамт яагаад орж болохгүй гэж. Амьдрал баялаг тул аль тааварлашгүй зүйл тохиохыг тэр гэх вэ.
5. Үзвэр үзэх үедээ…
Шинэхэн кино, жүжиг зэрэг үзвэр уулзалтын нээлт, арга хэмжээнээс хойш бүү суу. Нэр хүндтэй хүмүүс, одууд цугларах нь бий. Нөгөө “ханхүү” маань ч таарч магадгүй шүү. “Цорын ганц” -аа олоогүй ч гэсэн аятайхан хүмүүстэй танилцах үүд хаалгыг нээнэ. Энэ нь өөрөө ханиа олоход чинь эерэг нөлөөтэй.
6. Номын сан ч гэсэн танилцахад аятайхан боломж
Номын санг сонго. Ер нь амралтын өдрүүдэд танд зав гарч байгаа биз. Ээлжит Солонгос сериал үзэж уймарч байснаас цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бас мэдлэгээ дээшлүүлээд авчих үүднээс номын санд суу. Ер нь номын сангаар ихэвчлэн тухтай, төлөв томоотой эрчүүд үйлчлүүлдэг гэсэн яриа бий.
7. Музей үзэх, аялал жуулчлалаар явах үедээ…
Алдаж болохгүй хором. Цэвэр агаар байгалийн сайхнаас гадна эсрэг хүйстнүүдтэй танилцах сайхан боломж нээгдэнэ. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс амархан танилцдаг шүү дээ.
8. Амралт сувиллын газар хамгийн тохиромжтой
Амралтын газар заавал тохиолдлын бэлгийн харьцаа үүсгэх орчин биш шүү дээ. Хүн өөрийгөө аль талаар хэрхэн “харуулж” байгаагаас л бүх зүйл шалтгаалдаг. Амралт, сувиллын газар танилцаад насныхаа ханийг олсон хүмүүс цөөнгүй бий.
/Хань/
1 Comment
хамгийн магадлал ондортэй ни 4 юм уу даа