ДОХ-ын цаана…

Сүүлийн өдрүүдэд манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол хэд хэдээрээ бүртгэгдэж, нийт 78 хүн энэ өвчний вирусыг тээж яваа нь тодорхой боллоо. ХДХВ/ ДОХ-ын илрэл бүрийг харахад нийслэлээс хэдийнээ хальж, хөдөө орон нутагт эрчимтэй тархаж буй нь эрхгүй айдас зовнил төрүүлэх аж. Гэтэл хүн бүрт ийн санагддаггүй бололтой. Манайхан чинь угаасаа сонин дээрээ соохолзоод сониноо буухаар гоохолздог зантай хүмүүс юм болохоороо нэгэн үе амтай болгон ярьж айхтар сэрэмжлэнгүй байснаа сүүлдээ хамрын ханиадны чинээ тоож үзэхээ больжээ. Хааяахан сонин хэвлэлийн хуудасны эхний нүүрт ДОХ-ын төд дэх тохиолдол илэрлээ, тийм насны, ийм хүйсийн хүн байжээ гэж гардаг мэдээлэлд ч хэн хүнгүй цочирдохоо байж, мэргэжилтнүүд ч дэвэргэхээ байсан. Харин Монгол маань даанч цөөхөн хүн амтай.

Өдгөө илрээд буй 78 тохиолдын цаана багаар бодоход 500 хүн бий. Тэгэхээр хэзээний хяналтаас гарч, Монгол Улс ХДХВ-ын халдвар хурдацтай тархаж байгаа улсын тоонд оржээ гэсэн үг. Халдвар авсан хүмүүсийг харахад 18-55 насныхан байна. Нэгэнт илэрсэн тэднийг хэн гэдэг, хэдэн настай, ямар ажилтай, хэдэн хүүхэдтэй нь одоо бол сонин биш. Гэтэл монголчууд маань хүний мууд дуртай юм болохоороо халдвар авсан хүнийг л мэдэхсэн гэж сонирхоод байхаас өөрийгөө, хань ижлээ, үр хүүхдээ энэ өвчнөөс сэргийлэх тухайд юм санахгүй байна уу гэлтэй.

ДОХ өвчин болохоор хэн ч, хэзээ ч тусч болно. Ялангуяа манайх шиг хүн ам цөөтэй, архидалт ужгирсан оронд маш хурдацтай тархаж байна. Одоогоор илэрсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар халдварласан байгаа ч энэ янзаараа бол эмнэлгийн орчинд, цусаар дамжихгүй гэх баталгаагүй. Яагаад гэвэл манай эмнэлгийн үйлчилгээ тийм ч найдвартай биш. Тэгээд ч замбараагаа алдсан энэ олон шивээсний үйлчилгээ гээд ХДХВ/ДОХ-ын халдвар бусад тохиолдлоор тархах суурь хангалттай байгаа. Хамгийн гол нь бэлгийн замаар асар хурдацтай тархаж буй тархалтыг хазаарлахгүй бол монголчууд мөхөхөд ойрхон байна.

Амь биеэрээ ч, эдийн засгийн байдлаараа ч тэр. Халдвартай хүмүүсээс 10 хүн нас барж, 16 хүн сүүлчийн шатандаа ороод бай-гаа. Эрүүл мэндийн хуулийн дагуу ДОХ-той хүнд сард 1000 ам.долларын эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хийдэг. Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй ч тархалт нэмэгдээд байвал яваандаа улс орон эдийн засгийн хувьд доройтно. Аливаа өвчин өрх гэр, улс орны амьдралд ядуурал авчирдаг. Олноороо өвчилбөл үнэ төлбөргүй эмчилгээний чанар доошилж болно. Тэр хэрээр өвчилсөн хүмүүс эрсдэлд орно. Тэгээд ч бид өнөөдөр мөнгөний нийгэмд амьдарч байгаа.

Мөнгөгүй хүн үхэж л байгаа нийгэм. Тэгэхээр ДОХ-ыг азгүй нэг нь тусдаг өвчин мэтээр ойлгохоос илүүтэйгүүр өөрийгөө золиод зогсохгүй эрүүл нэгнээ ч чирдэг урхагтай өвчин гэдгийг нь хүүхэд, залууст ойлгуулмаар байна. Халдвар авсан хүн яваандаа хөдөлмөрийн чадвараа алдаж эмнэлэг бараадахаас аргагүй болно. үүний цаана тухайн өвчтөний үр хүүхэд, гэр бүлийн амьдрал доошилж, эдийн засгийн уналтад орно. Манайхны ихэнх нь ДОХ-той хүнийг хүлээн авч хамт ажиллах, нийгэмшүүлэх ухамсар дутмаг байгаа болохоор өвчтэй нэгнээ ялгаварлан гадуурхах үзэл ихэснэ.

Энэчлэн ДОХ-ын цаадах үр дагавар их. Монгол хүний зан араншингийн нэг онцлог бол байнга хэлүүлж, сануулах дуртай. Басхүү ниргэсэн хойноо чангаас чанга хашгирч, ухаарцгаадаг билээ. Ингээд бодсон ч ДОХ-ын аюулыг үргэлж сануулж сурталдаж байхгүй бол дөжирсөн ард дөжрөөд л дуусах гээд байна. Хэдийгээр өнөөдөр мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа боловч сонин уншдаггүй, интернэтэд ордоггүй хүмүүс олон бий. Тэдэнд ДОХ-ын талаархи мэдлэг хангалттай бий гэж үү? үгүй л болов уу.

Эл өвчин өнөөдөр өсвөр үеийнхэн, залуучуудын дунд хурдацтай тархаж буй нь аюулын харанга дэлдэж байна. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ анхаарал хандуулж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүй, ДОХ-оос сэргийлэх хичээлийг өдөр бүр оруулж, эмч нар сургалт зөвлөгөөгөө тэдэн рүү чиглүүлмээр байна. Тэгэхдээ гэр бүлийн амьдралын үнэ цэнэ, хайр сэтгэл, хосдоо үнэнч байх өс суртахууны хичээлийг заах нь оновчтой болохоос “бэлгэвч хэрэглэ” хэмээн үргэлж ухуулах нь харин ч тэднийг замбараагүй бэлгийн харьцаанд уруу татахаас наашгүй. Ирээдүй маань ДОХ-той нийгэмд амьдрах нь гарцаагүй болсон энэ эмгэнэлт цаг үед үр хүүхдийг маань ёс суртахуун л аврахаас бэлгэвч аварч чадахгүй биз.

Л.Эрдэнэ

4 Comments

  1. T says:

    наад 78 гээд байгаа чинь мэдэгдэж байгаа л тоо шүү дээ. Цаана нь хэд ч байгаа юм билээ, наад 78ийг чинь хичнээн хянлаа ч цаан нь байгаа мэдэгдэхгүй гарууд чинь тараагаад яваа гэдгийг ойлго, тэрнээс биш наад 68 хүн чин тарагад явсан юм байхгуй

  2. DOX says:

    Би хаалгийг чини тогшиж байна онгойлгоорой. Би айсуу ирж байна шуу. Xусвэл намайг авдаа.

  3. DOH toi 78 tohioldliin 10 hun n uhsen getel uldsen humuusee tsaashn taraahgui arga hemjee avah heregtei bnashdee uheegui 68 hun negeny uheh ym chin geed taraagaad yvaad baigaa ym bishuu!!! DOH hun gondomtoi baisan ooriinhoo tsusaa shalbarhai gazar hurgejl baigaashd.

  4. 111 says:

    яг үнэн, хүмүүсээ бусдын амьдрал руу хошуу дүрэхээсээ өмнө урдаа байгаа аюулыг хараач!!!
    хэдхэн минутын жаргалаас болж үлдсэн амьдралдаа золиослох үнэхээр харамсалтай.
    чи.
    чиний үр хүүхэд…
    ач гуч…
    ирээдүйд ирэх байсан 1000 1000н хүмүүс байхгүй……………..
    ……………………
    ……………………
    эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ГОНДОМ хэрэглэж сурцгаая МОНГОЛ чуудаа!!!
    дэмжиж байгаа хүмүүс энд сэтгэгдэлээ бичнэ үү!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.