-Хүүхдүүд гэмт халдлагад өртсөөр байна-
Идээ ундаа элбэгтэй айлд хүү сөөм өсөж, инээд хөөр элбэгтэй айлд тохой өсөж, эрдэм ажил хайр хослоход алд өсдөг гэж хэлэлцдэг. Гэтэл энхрий бяцхан үрс хайр энэрлээр дутаж томчуудын зовлонг хамт үүрэлцэн түүгээр ч зогсохгүй тэдний халдлагад эргээд өртөж амиа алдаж байгаа эмгэнэлтэй явдал ар араасаа гарах боллоо.
Амьдралын ээдрээт өдрүүдээс уйдан бяцхан зүрх нь шаналан аргагүйдэж амиа хорлох явдлаас нэг хэсэг нь хол байж чадсангүй.
Тухайлбал, саяхан нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг 15 настай О охин тагтнаас үсэрч амиа хорлосон байсан. Талийгаач ээждээ загнуулж, аавтайгаа маргалдсаны дараа ийнхүү амиа хорложээ. Түүнийг хэн ч сонсохыг хүсээгүй буруу зүйл хийсэн ч уучилж ойлгон ярилцаагүйгээс ийм харамсалтай хэрэг гарчээ.
Мөн бага насны хүүхдүүд халдлагад өртөн гэмт хэргийн золиос болсоор байна. Хойд эцэг нь гурван настай охиноо өмдөндөө бие зассаных нь төлөө түүнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг саяхан гарсан билээ. Хүний өөрийн гэлтгүй хүүхэд хайр татам, ямар хөөрхөн билээ. Гэтэл хүний мөсгүй, тэр бяцхан ертөнцийг дэлбээлж амжаагүй байхад нь амь насаар нь “нааддаг” цэвдэг сэтгэлтнүүд цөөнгүй байдаг бололтой.
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд гэмт этгээдийн халдлагад өртөж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан байна. Дээрх хэргүүдийг үйлдсэн эзэн холбогдогчдыг нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, эрэн сурвалжилсаны хүчинд илрүүлэн тогтоогоод байна.
Баянхонгор аймагт долдугаар сарын 19-нд таван настай охин алга болж, гурав хоногийн дараа нь хогийн цэг орчмоос нь цогцос нь олдсон билээ. Талийгаач охины цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй, аваар осолд өртсөн байж болзошгүй нь тодорхой болсон юм. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар энэ сарын 30-нд гэмт этгээдийг илрүүлэн тогтоосон байна. Хэргийн газрын үзлэг болон бусад баримтаар гэмт этгээдийг уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон ч охины амийг хөнөөсөн Бадамгарав гэгч өөрийгөө буудан егүүтгэсэн байжээ.
Мөн долдугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Бургасан тасархай гэдэг газар нутаглаж байсан иргэн Ц-гийн гурван настай охин Э-гийн хоолойг нь хэрчиж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажилласнаар гэмт этгээдийг илрүүлжээ. Гэмт этгээд нь талийгаач охины авга эгч 20 настай Ю гэгч байжээ. Тэрбээр сэтгэцийн өөрчлөлтэй нэгэн бөгөөд талийгаач охинтой чацуу охинтой байсан аж. Охин нь эндсэн мөн талийгаач охин түүний төрсөн охинтой дэндүү адилхан байсан нь түүний гарт харамсалтаигаар амиа алдах шалтгаан болсон байна. Гэмт этгээд Ю охины хоолойг нь хэрчиж хөнөөснийхөө дараа өөрийгөө мөн егүүтгэжээ. Тэрбээр гарын шуу, цээж зэрэгтээ нэжгээд хутгалж, мөн л хоолойгоо хэрчиж амиа хөнөөсөн байжээ.
Энэ мэтчилэн хүүхдүүд гэмт халдлагат өртсөөр байна. Харин эзэн холбогдогч нь нэг бол амиа хорлож аль эсвэл олдохгүй хэргээ хүлээхгүй байгаа нь олонтой юм.
Хөвсгөлд гарсан аймшигт хэргийн дуулиан намдаагүй байхад ахиад араас нь ийм харамсалтай хэргүүд гарсаар байна. Эдүгээ үеийнхэн нь ирээдүй хойч үеийнхээ өөдөөс мэс барин дайрдаг болсон нь Монголын маань бас нэгэн эмгэнэл болох вий.
Л.Алтанхишиг
1 Comment
ямар харамсалтай бас аймаар хэргүүд вэ. монголчууд бид ийм чухал сэдвүүдийг бараг хальт уншдаг мөртлөө сэx, гэр бүлийн маргаан хэрүүлийг их уншиж сэтгэгдэл бичиж байгаа нь үнэхээр бидний ухамсар хэр түвшинд байгааг илтгэж байна. монголчуудаа сэрэээчээээ….
бидэнд цаг бага үлдсэн шүү!!!!