Үргүйдэлд олон шалтгаан бий

Хүүхэд гэр бүлд аз жаргал, баяр баясгалан бэлэглэдэг. Тиймээс ч хүүхэдгүй айл нам гүм, хосууд баяр хөөргүй байдаг. Хэн нь үргүй юм бол гэсэн эргэлзээ эмнэлэг зориход хүргэж, эцэстээ гэрлэлт салалтаар төгсөх нь ч бий. Ингэхэд үргүйдэл гэж юу юм бол. Анагаах ухааны тодорхойлолтоор нэг жилийн хугацаанд байнгын бэлгийн харьцаанд байж, жирэмслэлтээс хамгаалах эм тан, ямар нэг арга хэрэглээгүй тохиолдолд хүүхэд олохгүй бол үргүйдэл гэдэг аж. Олон жилийн судалгаа, амьдралын туршлагаас харахад үргүйдлийн 60 хувь нь эмэгтэйгээс, 25 хувь нь эрэгтэйгээс хамаарсан шалтгаантай байдаг гэнэ.

Мөн үлдэх 15 хувь нь бусад шалтгаантай. Зарим хос дөрөв, таван сар болсон хэрнээ хүүхэд олохгүй байна гэж эмзэглэж, айж түгших нь цөөнгүй. Тэгвэл дээрх дүгнэлтээс харахад гэрлээд нэг жил болсны дараа үр заяахгүй бол “асуудалтай” гэж үзэх хэрэгтэй аж. Энэчлэн үргүйдэлд хүргэдэг ямар хүчин зүйл байна вэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Үргүйдэл удамшдаг, олуулаа эгч, дүүсийн аль нэг нь хүүхэдгүй байх магадлалтай гэхчилэн түмэн таамаг эргэлзээг бий болгодог. Уг асуудлын тухайд эмч нар ийн хариулж байна. Тодруулбал, үргүйдлийг анхдагч болон хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч нь өнөөх удамшилтай ч холбоотой юм уу ямар нэг шалтгаанаар огт жирэмслэхгүй байхыг хэлдэг гэнэ. Хоёрдогч гэдэг нь мэдээж олдмол. Товчхондоо өмнө нь олон удаа үр хөндүүлсэн, умайн гадуур жирэм-сэлсэн зэргээс үүдэлтэй.

Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох, хоол хүнс, биеийн жин, эмийн хэрэглээ, архаг өвчин, бамбай булчирхайн эмгэг, даралт ихсэх, чихрийн шижин гэхчилэн эрүүл мэндийн байдал ч нөлөөлнө. Нэг үгээр эмэгтэйчүүдийн үргүйдэл нь умай, үрийн хоолой, дотоод шүүрлийн эрхтний хэвийн үйл ажиллагаанаас хамаардаг аж. Хүн хэт таргалах эсвэл турах нь үргүйдэлд хүргэх тохиолдол байдаг тул биеийн жингээ зохистой хэмжээнд барихыг эмч нар зөвлөдөг. Эрчүүдийн үргүйдлийн хувьд эр бэлгийн эсийн боловсролт, ялгаралттай холбоотой. Иймээс хамгийн түрүүнд эр бэлгийн эсийг шинжлэх шаардлагатай гэнэ. Учир нь эр бэлгийн эсийн боловсролт, ялгаралт бэлгийн дааврын архаг өвчин, өмнө нь мэс засал хийл-гэсэн, багадаа өвдсөн зэрэг шалтгаанаас болж янз бүр байдаг аж.

Тамхи, архи хэтрүүлэн хэрэглэх, эрхтэн тогтолцооны эмгэг, даралт ихсэх, чихрийн шижин, төмсөг буугаагүй, үрийн сувгийн судас өргөсөх болон бариу дотуур хувцас өмсөх, дугуй унах, халуун устай ваннанд удаан суух зэрэг нь мөн нөлөөлдөг байна. Хүүхэдтэй болж чадаагүй хосууд салж өөр хүмүүстэй гэрлээд үрийн зулай үнэрлэх нь бий. Үүний цаад учир тухайн хосуудын эс тохироогүйд байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эм бэлгийн эс гадагшлах үед умайн хүзүүний сувгаас ялгарах салиа эр бэлгийн эсийн эсрэг бие үүсгэж үр тогтоход саад учруулдаг аж. Зарим тохиолдолд эр бэлгийн эс өөрийнхөө эсрэг бие үүсгэх нь мөн үр тогтоход саад болдог юм байна.

Нөгөөтэйгүүр бэлгийн замын халдварт өвчин үргүйдлийн том шалтгаан болдог. Тухайлбал, бэлгийн замаар дамжин халдварладаг зарим үүсгэгч эмэгтэйн үрийн хоолойг битүүрүүлж, бүтцийг өөрчилснөөр умайн гадуур жирэмслэх магадлал ихэсдэг аж. Ийнхүү нэг үрийн хоолойд жирэмслэлт бий болж шимэгдүүлэх эмчилгээ, авахуулах мэс засал хийлгэсний дараа үр тогтох магадлал 50 хувиар буурах сөрөг үр дагавартай. Тэгэхээр үргүйдлээс сэргийлэхийн тулд хосууд хамтран амьдраад нэг жил болсны дараа жирэмслэхгүй бол эмчид хандаж шинжлүүлэх, зөвлөгөө авах, бэл-гийн болон биеийн эрүүл мэнддээ анхаарах, жингээ барихыг зөвлөж байна.

Д.Энэрэл

2 Comments

  1. bagsh says:

    өнөөдөр монголын төрийн эрхэм түшээд нар худлаа монголын үр сад олон болтугай гэж ярихаас цаашгүй амьтад. Судалгаанаас үзэхэд бүх эрчүүдийн 40% үр тогтоох боломжгүй, эмэгтэйчүүдийн 60% савны асуудлаас болж жирэмслэх боломжгүй, бусад шалтгаанаас эм, эр хоёулаа 25% нь үр тогтоох боломжгүй байна. Төрөөс ийм асуудалтай хүмүүсийг үнэгүй эмчлээд өгвөл монголчууд маань олон болоход нэг ч гэсэн тус болох байхдаа. ай хөөрхий.

  2. bataa says:

    хайраа гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.