Эмэгтэйчүүдийг ”экспортлох” товчоо

Аль ч улс орон үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэхийг эрмэлздэг. Бид ч мөн адил. Гэтэл сүүлийн жилүүдэд гадны зах зээлд манай улсын бараа бүтээгдэхүүнээс илүүтэй монгол охид бүсгүйчүүд «экспортлогдох» боллоо.

Энэ бол өнгөц харахад мөнгөнд дуртай хэсэг хүүхэн харийн эрийн цайг чанахаар одож буй мэт сэтгэгдэл төрүүлэм зуучлалын гэрлэлт. Манай улсад 10 гаруй жилийн өмнө далд хэлбэрээр хөрс нь боловсорсон зуучлалын гэрлэлтийн цаана чухам юу бугшиж байна вэ. Охид бүсгүйчүүдийг олноор нь хадамд гаргачихаад байсхийгээд л байршил, утас хаягаа өөрчилдөг тэднийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс аргагүй.

Ойрын үед энэ маягаар гэрлэгсдийн нас улам залуужиж буй аж. Манай улс гэр бүл зуучлалыг хуульчлаагүй байгаа. Энэ төрлийн албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллага байдаггүй. Иймээс зуучлалын гэрлэлтийн гэрээ нь Монгол Улсын хуулиар хүчин төгөлдөр биш. Хэрэв энэ аргаар гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн бол зуучлагч байгууллага, хувь хүнтэй гэрээ байгуулж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.

Учир нь зуучлалд багагүй хэмжээний мөнгө яригддаг. Тиймээс харьд бэр болж очсон эмэгтэй эргээд энэхүү мөнгийг биеэрээ барагдуулах хэрэг гардаг байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгөөр худалдаж авсан тул ямар нэгэн эрх эдлэх ёсгүй зөвхөн үүрэг хүлээх тавилан оногддог аж.

Түүнчлэн гэрлэж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 18-25 байдаг бол тэдний нөхөр болох хүн 35-60 настай буюу өөрөөсөө бараг хоёр дахин ах хүнтэй гэр бүл болдог ажээ.

Гадаадын иргэнтэй гэр бүлээ батлуулагсад нэмэгдэхийн зэрэгцээ цуцлуулсан тоо ч нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаас зуучлал хэмээх нэр дор явагдсан далд бизнес эрхэлдэг иргэд компаниудын ажлыг олонд дэлгэсэн хэрэг.

Судалгаанд гадаадын иргэнтэй гэрлэгсдийн 57.1 хувь нь зуучлах товчоогоор, 16.7 хувь нь өөрөө танилцаж суусан хэмээн дурдагджээ.

Жилд дунджаар манай улсын 1000 гаруй бүсгүй гадаадын иргэнтэй гэрлэдэг байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Солонгос, Хятад, Герман зэрэг 80 орчим улсын иргэнтэй монгол эмэгтэйчүүд албан ёсоор гэр бүлээ батлуулсан байна. үүнээс дийлэнх нь буюу 70 орчим хувь нь Солонгос хүнтэй гэрлэжээ.

Хүйсийн тэгш эрхийн төвд сард 20-30 эмэгтэй Солонгос хүнтэй гэрлэхээр явахаасаа өмнө өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдээлэлтэй болохоор ханддаг байна.

Солонгос эртэй ханилахаар сэтгэл шулуудсан эдгээр эмэгтэй харьцангуй боловсрол өндөртэй, дундаж нас нь 25-30 байдаг ажээ. Түүнчлэн тус төвд «Солонгос хүнтэй гэрлэж очсон ч азаар нутагтаа эсэн мэнд ирлээ. Та нар гэрлэлтээ цуцдуулахад минь туслаач» хэмээн цөөнгүй хүн ханддаг. Мөн Солонгосын хүний эрхийн байгууллагын хийсэн судалгаагаар зуучлалаар гэрлэлт хийх тохиолдолд тус улсын иргэн дунджаар 3-12 сая вонн зарцуулдаг гэнэ.

ЯАГААД СОЛОНГОС ЭРЧҮҮД МОНГОЛ ЭХНЭР СОНГОХ БОЛОВ

Сүүлийн жилүүдэд Солонгос эрчүүд монгол бүсгүйчүүдийг эхнэрээ болгох сонирхолд хөтлөгджээ. Энэ нь нэг талаас Вьетнам, Камбож, Хятад зэрэг улс өөрийн орны иргэдтэй гэрлэх хүсэлтэй Солонгос иргэдэд тавих шалгуурыг өндөрсгөсөнтэй холбоотой. Мөн Солонгосын иргэнтэй гэр бүл болон тус улсад ирээд найман хоногийн дараа нөхрийнхөө гарт амиа алдсан Вьетнам эмэгтэйн эмгэнэлт түүх бусад улс орнуудыг иргэдээ анхаархад хүргэсэн байна.

Түүнчлэн тус улсад эцгийн эрхт ёс ноёрхдог. Эх эхчүүд аль болох эрэгтэй хүүхэдтэй болох хүсэлтэйгээс хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эмэгтэйчүүд эрс цөөрчээ. Иймээс иргэнээ үгүйлэх нь байтугай эрх нь зөрчигдөж, амиа алдсан ч анзаардаггүй. Мэдсэн ч хэр бараг тоодоггүйг далимдуулан хангүг эрчүүд монгол бүсгүйчүүд рүү хараа бэлчээж, «онилсноо» өөрийн өмч болгодог жишиг тогтов.

Зуучлагчид гадны иргэдийг монгол бүсгүйчүүдэд санал болгохдоо баян чинээлэг, хувьдаа хаустай, олон газар эзэмшдэг, урьд нь гэрлэж байгаагүй зэргээр магтдаг байна. Харин бодит байдал тэс өөрөөр угтдаг аж. Нөхөр болох хүн нь хөдөө амьдардаг тааруу амьдралтай, урьд нь гэрлээд салсан, маш хэрцгий, их архи уудаг, ямаан омогтой эрчүүд байдаг гэнэ. Түүнчлэн зурагнаас харахад эрүүл чийрэг залуу хүн байдаг ч тахир дутуу хүн «би нөхөр чинь байна» хэмээн угтах явдал ч цөөнгүй гардаг байна.

Монголчууд уг нь хоттой хониноос нь нэг ишиг дутсан байвал үгүйлдэг гярхай ард түмэн. Гэтэл эдүгээ улсынхаа малын тоог яг таг хэлдэг хирнээ хүнээ тоолох үгүйлэх, анхаарах тал дээр тун маруухан. Энэ бол монгол эмэгтэйг харийнхан сонгох бас нэгэн шалтгаан. Харь нутгийн эрчүүд авсан эхнэрээ зодож занчиж, алсан ч бараг дур болчихоод байна. Яагаад гэвэл тэд эхнэртэй болохын тулд багагүй мөнгө төлчихсон. Тэгээд ч хадмын талынхан буюу Монгол Улс хүнээ өгсөн л бол мартчихдаг зантай хүмүүс хойно яая гэхэв. Тэд ийм л сэтгэхүйгээр ханддаг.

Энэ сарын 14-нд Солонгос иргэнтэй зуучлалаар гэрлэж нөхөртөө үргэлж дарамтлуулдаг байсан монгол эмэгтэйн нөхөр болох хангүг эр эхнэрийнхээ найз цэл залуухан монгол бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ бол гэр бүл зуучлалын товчоод буюу хүүхэн «экспортлох» газрууд ямар балаг тарьж буйн амьд жишээ.
Хууль бусаар монгол бүсгүйчүүдийг «экспортлосоор» буй эдгээр газруудыг дураар нь дургиулахыг хазаарлахгүй бол яваандаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх нь байна.

Т.СЭЛЭНГЭ

4 Comments

  1. kkkkk says:

    элгэмсүү гуай! та бас ингээд зарагдсан юм бишүү!!!!!

  2. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ХЭРЭГГҮЙ БУЛАЙНУУД

  3. jeki says:

    Үнэхээр т1 явдал зуучлах товчоогоор орж хүнтэй сууна гэдэг ,,харанхуй хот, гэдэг номийг уншаасай даа

  4. Gstar says:

    Унэхээр харамсмаар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.