Гар утсаараа ХДХВ/ДОХ болон БЗДХ-ыг оношилдог болох нь ээ

Гар утас хэдийнэ гангараа биш хэрэглээ болжээ. Гар утсаараа интернэтэд аялж, кино үзэж, ном уншиж, банк руу харайлгах шаардлагагүйгээр гүйлгээ хийж, дансаа шалгадаг болсон. Тун удахгүй хүмүүс гар утсаа ашиглан ХДХВ болон бэлгийн замын халдварт өвчин авсан эсэхээ өөрсдөө оношилдог болох гэнэ. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Өөрийгөө оношлохын тулд та утсан дээрээ бие засах шаардлага гарахгүй юм байна. Бэлгийн замын халдварт өвчин газар аваад байгаа энэ үед заавал эмнэлэгт дугаарлаж, бусдаас санаа зовох шаардлагагүйгээр өөрөө өөрийгөө оношилдог болох нь нийгэмд тулгамдаад буй томоохон асуудлуудын нэгийг шийдэхэд нэлээд дөхөм болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

БЗХӨ оношлох гар утасны чип бүтээх “eSTI2” төслийг Английн Лондоны Сэнт Жоржийн их сургуулийн эрдэмтэн Тарик Садик удирдан ажиллаж байгаа бөгөөд төслийн багийнхан саяхан 6.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хүлээж авсан байна. Нэг удаагийн эдгээр чипэн дээр хааяа шээх шаардлага гарч болох бөгөөд дараа нь утсандаа холбож, 5-15 минутын дотор гар утас тань оношийг гаргаж харуулдаг байна аж.

Флаш карттай адилхан хэмжээтэй байх энэ чип нь ойролцоогоор 15-30 ам.долларын үнэтэй байх юм байна. Гэхдээ худалдаанд гаргахын өмнөхөн үүнийг нь гурван ам.доллар хүртэл буулгаж, захиалга авахаар зорьж байгаа гэнэ.

Чипээ бүтээсний дараа клиникийн туршилтад оруулж, энэ технологийн сайн муу бүх талыг олж илрүүлэн, цаашид улам боловсронгуй болгох учир зах зээлд гаргах хүртэл долоогоос арван жил шаардлагатай юм байна.

Гар утсаа ашиглан өвчнөө оношлох санаа гаргасан нь анхны тохиолдол биш агаад өмнө нь, Харвардын их сургуулийн эрдэмтэн Жорж Уайтсайдес ХДХВ, хумхаа, тэмбүү, сүрьеэ, гепатит зэрэг халдварт өвчнийг оношлох загвар чип бүтээжээ. Түүний чипний нэг тал нь тусгай цаас бөгөөд цус дусаахад өнгө нь өөрчлөгдөнө. Чипээ утсандаа залгаад зургийг нь мессежээр эмнэлэг рүү илгээж оношийг нь тогтоолгох зориулалттай юм байна. Тэрээр чипнүүдээ жилийн дотор бэлэн болгохоор ажиллаж байгаа аж.

Б.Тамир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.