“Явлаа би, шөнөдөө л эргэж ирэх байх шүү. Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардаг юм”

“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах” хүсэлтэй  яруу найрагч Ц.Хулангийн ертөнцөөр аяллаа. Тэрбээр “Болор цом” наадмын хошой шагналтан болж, хоёр дахь Янжинлхамаа найргийн хоймортоо залаад удаагүй байна. Түүнийг шагналаа аваад зогсож байхад “Болор цом”-ын эзэнд очих Янжинлхамыг 28 жил урласан Вандан гуай урмын үгээ дайв. Тэрбээр “Би сүүлийн арав гаруй жил  зурсан бурхадаа Ц.Хуланг авах байх гэж их горьдсон. Түүнд энэ  шагналыг дахин авах хувь байжээ” хэмээсэн. Ямартай ч жилийн жилд “Тэр авах байсан чинь энэ авчихлаа” гэсэн шуугиан дэгдээдэг “Болор цом”-ын үзэгчид энэ удаа нам гүм байна. Тэгэхээр энэ жилийн “Болор цом” очих ёстой хүндээ хүрсэн юм болов уу.

Ц.Хулан эхний шатанд “Яруу найрагч хүүхнээс нөхөртөө хэлсэн үг”  шүлгээ уншсан. Энэ удаа түүнийг үзэгчдийн суудлаас хань  нь ширтэн суусан болохоор ч тэр үү найрагч маань

“Явлаа би шөнөдөө л эргэж ирэх байх шүү
Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардгийм
Айлын гэргий болж галыг чинь манаснаас хойш
Алдрын болор хэвнэгтэй шивэгчин болж гүйцлээ”

хэмээн улам чангаар, тунхаглан уншлаа. Тэрбээр “Ханийнхаа дэргэд байхаар сэтгэл төвшин байдаг юм. Тийм болохоор нөхрөө энэ жилийн “Болор цомд ”жанжиндаад”  аваад ирсэн” хэмээж инээмсэглэн ярьсан юм. Ц.Хулан ханийгаа энгэртээ ирсэн одон шагнал гэж боддог гэсэн. Тэрбээр насны ханиа оллоо гэж хүн амьтанд гайхуулаагүй ч “Нандин учрал” дуугаараа олонд ханьтай болсноо зарласан гэдэг. Харин тус уран бүтээлийг нь гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан билээ.

Богинохон үс, улаан уруул нь Ц.Хуланг улам л  гал цогтой харагдуулна.  Мөн тэрбээр  өөрийгөө нэг л хүнтэй  адилтган бодох дуртай. Тэр нь О.Дашбалбар агсан юм. “Тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагддаг. Хэрвээ Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол түүнтэй төстэй байх болов уу” хэмээн дурсан ярих дуртай гэнэ. Мөн хоёр найрагчийн жил, орд ч ижил ер нь их ойролцоо зан авиртай хэмээн яруу найрагчид ярилцдаг юм билээ.

Ц.Хулангийн гол имиж нь улаан өнгө. Түүний ажлын өрөөнд нь улаангүй юм бараг л байхгүй. Ширээний бүтээлэг, лааны  суурь, цонхны хөшиг  гээд л Ц.Хулан хатагтай энэ өнгөөр өөрийгөө хүрээлүүлэх тун дуртай. Нумын ордынхонд улаан өнгө ээлгүй хэмээн заасан байдаг ч найрагч бүсгүй үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй гэлээ. Тэрбээр айлын гурван охины дундах нь. Эгч Ц.Тэмүүлэн, дүү Ц.Оюун хоёр  нь гадаад хэлний мэргэжилтэй. 1930-аад онд ээжийнх нь талын таван лам хэлмэгджээ. Тэдний нэг нь “Та нарт гурван үедээ эмэгтэй хүүхэд өгье. Тэд их зөв байж, зөөлөн эгшгийн бурхантай ойролцоо явах юм байна” гэсэн гэдэг. “Тиймдээ ч эгч дүү бид гурав хэл, бичгийн хүн болсон” хэмээн Ц.Хулан боддог байна. Тэрбээр хамгийн сүүлд “Зүгээр л нэг амьдрах сан” номоо гаргажээ. Тус бүтээлээ 12 мянган хувь хэвлүүлсэн ч одоо өөрт нь нэг ч ширхэг үлдээгүй гэнэ. Хааяа тус номноосоо  юм тэмдэглэх гэхээрээ найз нараасаа гуйж хардаг гэсэн шүү.

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

“Өөрөө яагаад найрагч болсон хүн бэ, аав тань дасгалжуулсаар байгаад найрагч болгосон уу” гэж хүмүүс түүнээс асуудаг гэнэ. Тэгэхээр нь “ Би багаасаа баян тарган айлын охин яваагүй.  Өнөө ч би баяжаагүй. Гэхдээ ганц гол баялаг бол элбэг  байна. Миний багад манайх олон номтой  айл байлаа. Манайхаар найрагчид ирж шүлгээ уншдаг. Энэ бүхэн маань  л тэр дасгалжуулалтын нэг хэсэг байх“ гээд л амыг нь тагладаг байна.  Түүний  аав ардын уран зохиолч Д.Цоодол одоог хүртэл охиныхоо найрагч болсон  заяанаас нь эмээж явдаг аж. Учир нь “Миний охин бүсгүй хүн учраас яруу  найрагч болоод хувь заяа нь ээдэрчих вий дээ”  гэж боддог гэсэн.  Д.Цоодол гурван удаа “Болор цом” наадмын эзэн болжээ. Саяхан хоёр дахиа хүртсэн охиндоо хандаж “Яах вэ, гурвын тоо гэдэг бол хоёрын тооноос арай давуу юм шүү дээ” хэмээн  хүмүүсийг инээлгээд авна лээ.

Ц.Хулан одооны залуучуудын нэг зүйлд дургүй.  Энэ нь алдахгүй амьдрах юмсан гэсэн залуусын сэтгэлгээтэй холбоотой байна.  Тэрбээр “Яаж алдаагүй амьдрах  юм бэ. Одооны залуучууд их сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод, тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л хүсэлтэй” энэ бодолд нь  миний дургүй хүрдэг” гэлээ. Тэрбээр өөрийгөө ч алдааны цуглуулга хэмээн дүгнэдэг байна.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

11 Comments

  1. baldan says:

    сэxдэж явлаа гэж

  2. Dornodoos says:

    Энэ Хулан гэдэг хүүхэн 2004 ОНД ХЦ т офицер байсан

  3. Handsome zaluu bna says:

    hi yu bna da busguichuulee dajgui zaluu bnaa. haayaa uulzah yamar talaaraa asuudalgui dajgui huuhentei dotno taniltsana. Utas 99151465

  4. Man says:

    Àðõè÷èí õ¿¿õýí áàéñàí. Îäîî àðõèà æààõàí áàãàñãàñàí þì øèã

  5. хайр says:

    гоё хүүхэн шүү үзэл бодлоо үнэн үгээр илэрхийлдэг

  6. ,,,,,,, says:

    намараа чи зайлаа. эргүү гаж донтон.

  7. namar says:

    сайхаан нэг шааж узэх ымсан

  8. naran says:

    Донжтой шүү цаанаа

  9. irgen says:

    Үнэхээр таалагддаг шүү. Цаанаа л нэг зоримог шинжтэй.Хэрэв би эр хүн байсан бол ядаж нэг удаа ч гэсэн эргүүлэх оролдлогог хийх л байсан болов уу.Амжилт, Хулаан.

  10. Darjaa says:

    Өө сайхан бүсгүй. Дуу хоолой нь цаанаа л гоё

  11. Erdenechimeg says:

    гоё эмэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.