Эвий, бяцхан үрс минь

…Хорвоогийн нүгэл буяныг ялгаж салгах ухаан ч суугаагүй наймхан настай охин үр хүн араатны гарт өртөж энэ дэлхийг орхин оджээ. Үдийн наранд цүнхээ үүрээд хичээлдээ явсан бяцхан охины гавлын яс, үе мөч ширхэг ширхэгээрээ бутран номын цүнхэндээ багтсан байдалтай ганцхан цагийн дараа гэрийнх нь гаднаас олдож. Яс, махаа урж тасдан байж ижий болсон тэр эх хүний сэтгэл ямар их шимширч хэчнээн шөнө, хэчнээн өдөр хагас хугас ухаантай явсан бол. Тэр л хар өдрийн аймшигт мэдээ өглөө бүхний нарыг харанхуйлж, анх сонсож байгаа юм шиг тэр л хэвээрээ сэтгэл зүрхэнд нь гүн шигдэж, ухаан бодолд нь мөнх уяатай…Энэ бол ердөө л жил гаруйхны өмнө Хөвсгөл аймагт болсон явдал. Харин хэдхэн сарын өмнө зургаахан настай бяцхан охин хэрцгий нэгэнд хүчиндүүлж, бас л энэ биендээ багтамгүй сэтгэлийн шаналал, хүний хорвоогийн лай ланчигийг жинхэнэ утгаар нь эдэлж сууна. Түүнд дахиад хүүхэд нас гэж байхгүй.

Бусад шигээ ертөнцийг цагаанаар төсөөлж, нүгэл суугаагүй мэлмийд нь гэгээн агшин буухгүй. Уг нь тэдний насанд хичээлээсээ ирэнгүүтээ цүнхээ шидчихээд л өдөржин эрхэлж наадаад, орой ээж ааваараа гуйлгуулан байж хоолоо идээд зурагт үзэж байгаад нам унтдаггүйсэн билүү. Гэхдээ дээрх хоёр хэрэг явдал бол зүгээр л олон түмэнд ил болсон иймэрхүү хүрээний хэрэг явдлын нэгэн жишээ. Энэ бүхний цаана хэдэн ч эхийн гол харлаж, хэдэн ч охидын хувь заяа яаж булингартаж байгааг бид мэдэхгүй. Гэтэл охин үрсийн минь гэгээн ирээдүй бузарлагдаж, Монгол угсаатны нэгэн урсгал тасарч буйг төр засаг тэр бүр анхаарч, ийм үйлдлийг нэг мөсөн таслан зогсоох ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь хамгийн том үндэсний эмгэнэл.

Түүнчлэн хоёр гаруй жилийн өмнөхөн Сонгинохайрхан дүүрэгт дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Уг нь тэд хоёулаа эцэг, эхтэй. Гэвч хайр халамж, энхрийлэл дутсанаас хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцсон нь энэ аж. Тэгээд л хүний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгүй айлын хашаа руу орж байшин дээр авиран гарав. Харин хэсэг хугацааны дараа аз болоход нэг нь амь гарч, нөгөөх нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэж найзыгаа үхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хүү шоконд орон яахаа ч мэдэхгүй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав. Тэгэхээр хоёул хоёулаа амиа хорлох гэж байхыг бодоход энэ хорвоод яасан их гомдоо вэ. Хэн тэднийг ингэтэл нь гомдоож орхив. Харин тэдний зовлон нэг байсан юм.

Хоёр хүү үе тэнгийнхээ хүүхдүүдийн дунд нийтлэг байдаг хүсэл мөрөөдлөө хэлж эрхэлж нялхрах хүнгүй өнчин дутуугийн зовлон эдэлж явжээ. Мөн хэдхэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ.” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ.

Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ. Уг нь “Үртэй хүн жаргаж, үндэстэй мод дэлгэрдэг” биш билүү. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.

Эцэст нь хэлэхэд, энэ нийгэмд мэндэлсэн эвий хонгор үрс минь…

Хүүхэд гэдэг чинь “Миний эрх ашиг зөрчигдлөө” гээд шүүх, цагдаагаар явах эрх мэдэлгүй хүмүүс шүү дээ. Томчууд юу хэлнэ тэр болгон нь тэдний хувьд хууль. Тийм л учраас ардчилсан гэх тодотголтой манай улсад хүүхдийн эрх ингэж томчуудын гар хөлд зөрчигдөж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бидний нийгэм ядуу тарчиг, зовлон бэрхшээлтэй байгаа нь үнэн. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хүслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад явчихаагүй байлтай. Тэгээд ч нэгэн цагт та өөрөө хүүхэд гэсэн жаахан хүн байсан бус уу.

О.Сэлэнгэ http://niigmiintoli.mn/

12 Comments

  1. me says:

    хун болгон хуний уурийн гэлтгүй гудманд хуухэд уйлах ч юмуу сонин хунтэй цуг яваж байгаа тохиолдолд асууж санаа тавих хэрэгтэй тэгсэнээрээ та нэг хуухдийн ирээдүйг ч аврах юм бэлүү хумуусээ алаг урээ бид нар л хайрлаж санаа тавих эстөи шуу намайг жоохон байхад уйлаад гудманд суусан хуухэдийг хун болгон ирээд ясан бэ гэж асуудаг байсан одоо ч тоох хунгуй болж дэ хөрхис

  2. mongol says:

    ийм юм гарсаар л байгаа гэтэл нөгөө сайхан ерөнхийлөгч нь өршөөгөөд байгаа байхгүй юу ийм юм байж болохгүй, хүзүүгүй тэр нөхөр бол худалаа гар шдээ, охин хүүг нь зэрлэгээр байхгүй болгож байж л ойлгох байхдаа, өршөөх чинь ардчилал, шударга ёс, инэрэнгүй, хүмүүнлэг ёс биш шүү дээ.!!!!!

  3. il sole says:

    ёоё…сэтгэл хачин болчлоо.тэр Хан-Уул дүүрэгт амиа хорлосон хүүгийн тухай уншаад ямар их уйлж байснаа саналаа.тэр эргүү эрийнх ни охин гарсан юм байна лээ.тэр хүү л дүүгээ хүн хийсэн,шөнө уйлуулахгүйн төлөө тэр хүү босож хуурайлдаг,бараг суугаагаараа хонодог,хойт ааваасаа айгаад хүүхдүүдтэй тоглодоггүй,нийтийн байранд амидардаг болохоор тэр эрийн баас шээсийг асгахдаа л гэрээсээ гардаг шахуу байсан юм байна лээ.хааяа 1 хүнд дүүтэйгээ холоо явна гэдэг байсан гэсэн,тэгэхээр үхнэ гээд маш эртнээс шийджээ.ээжийг ни л үзэн ядаж бн,сурвалжлагч очсон чин шүүхийн гадаа тэнэг нөхөртэйгээ ээж ни инээгээд юм яриж байсан гэж байгаа юм даа.хэзээ монгол эхийн сэтгэл ийм хатуу байсан юм бэ???миний сэтгэлд бүүр хадагдчихсан,би тэр хүүг бодохоор л өрөвдөөд байдаг юм….. томчууд бид л тэднийг гэхгүй юм бол учир мэдэхгүй нялх амитад юугаа мэдэх вэ дээ!гэрээсээ хол байгааг ч хэлэх үү,нээх битүү түгшүүртэй болчихлоо…ерөөсөө зунаас монгол руугаа явнаа.

  4. enerel says:

    Nulims maani ursaad bur togtohgui ni ee…

    Arai ch dee hairan urs. Hunii erhend ene horvood ircheed ingej zovlon uzeh gejdee..
    Uneheer gamshig gej helehed ch bagadna, humuusee hen negen zaluu, busguig uguisgej bolnoo ur huuhdee bitgii husur hay l daa.,
    Bidend ter hairaar dutaj baigaa huuhdiin neg ni ch boltugai ireesei, urguud ch boltugai honogiinhoo hooliig hagaslaad tejeej usguh yumsan.
    Hen negen end huuhedgui, huuhed gargaj chadahgui amidiin zovlon uzej bhad tend neg ni ur huuhdee zovooj baidag…
    Uneeen unen hun gedeg araatan bolson.Ed mungu, Alt erdenes, Sadar samuun, Oyunii hoosrol, Amia boddog archaagui zan humuusiig iim bolgotson yum.

  5. yuk says:

    ямар аймаар хорвоо болчихоо вэ? охин урээ бид нар гадагшаа гаргаж чадахнуу гэрт ни л хориод байлгаж байх юмуу? хун гэдэг зуйл дэндүү харгис болж бна арайч дэ… п….. хамгийн гайгуй ни монгол бсан чинэ бусдийг дагаад л аймшигтай болчихиймаа тэр аймшгийн заваан нэг нэгнийгээ яргалж алдаг кинонуудаас болж бга шд….

  6. 910 says:

    ардчилсан улсад цаазын ял байх ёсгүй ч гэлээ би лав энэ хуулийг эсэргүүцэж бна манайхан шиг улс оронд цааз байх хэрэгтэй эсүүл улаан махны хэрэгтэнгүүдийн боовыг нь олны нүдэн дээр огтолж хаях хэрэгтэй тэгэж байж дараа дараагийн гэмт хэрэгтэнүүд айж эхэлнэ биздээ
    Тэр амиа хоролсон хүүгийн ээж үхэж далд ороосой нэг муу өмхий боовноос бол Сайхан үрээ алдчаад гомдолгүй бхдаа яахуудээ новш гэж….

  7. naran says:

    Манай ерөнхийлөгч ч араатны хаан гэдэг шиг л хүн дээ, араатнууддаа энэрэл нигүүсэл ихтэй гэж хачин. Дээр тв-ээр Эмнести интернэшнл-н нэг гажигтай авгай хүнийг биеийн хэсгээр үнэлдэг олон улсын жишиг байдаг гэж солиороод байсан даг. Хүн гэдэг чинь 300 гаруйхан мянган долларын үнэтэй хэсэг махнууд явж байгаан гэсэн шд. Өөрсдөө л тэгж үр хүүхдээ үнэлдэг юм байлгүй. Монголын нийгэм улам л харгис болж байна даа. Охин үрсээ хаанаа нуугдуулж хамгаалдаг юм байгаа юм. Нүд салгалгүй л дагаж явахаас өөр замгүй байгаа.

  8. TG says:

    ЯМАР АЙМААР ЗҮЙЛ БИЧЭЭ ВЭЭ ҮНЭХЭЭР АЙДАС ТӨРЖ БАЙНА.

  9. balu says:

    үнэхээр зүрх зүсэм… бяцхан хонгор үрс минь ийм зовлон зүдгүүрийг амсаж явна гэдэг үнэхээр аймшигтай. бурхан минь дахиж нэг ч хүүхэд ийм байдалд битгий ороосой.

  10. Dorj says:

    Ерөнхийлөгч маань сайн хүн болох гээд алуурчдын толгойг илээд байхаар арга ч үгүй юм даа.

  11. REDWINE says:

    aimshigtai yum a gachin bolchlooo

  12. monda says:

    ео сэтгэл урагдаад сонин болчихлоо. ийм аймар хэрэг хийгээд явдаг хүмүүс эрүүл хүмүүс биш байхаа.тэр хуухэд нь амиа хоролчоод байхад би гомдолгүй гэсэн гэнэ үү? арай ч дэ.,,,,,.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.