Гэр бүл ба улс төр

БААБАР 2008.05.7

Судлаачдын тогтоосноор гэр бүл 300 гаруй мянган жилийн өмнө үүсчээ. Энэ бол хомо сапенс хэмээх бидний зүйлийн үүслээс өмнө гэсэн үг.

Хомо нэндэрталус, хомо эритикус мэтийн хүн овгийнхон гэр бүлтэй байжээ. Хүний үр нь бусад амьтны зулзагыг бодвол шууд байгаль дээр амьдрах чадвар дорой учир үр хүүхдээ хүн болгохын тулд гэр бүл зайлшгүй шаардлагаар үүссэн бололтой. Бодвоос орчин үеийн хүн үүссэн цагаасаа гэр бүл үүсгэж байсан аж. Ингэхээр гэр бүл бол хүний нийгмийн хамгийн анхдагч институци юм. Бараг бүх хүн гэр бүлийн хүрээнд төрж, өсөж, хүмүүжиж, төлөвшиж, хөгширдөг.

Хүн нэг цэгээс үүссэн боловч олон соёл болон иргэншил биенээсээ үл хамаарч шал тусдаа буй болжээ. Африкийн бушмэний соёл, туйлын эскимосын соёлын хооронд ямар ч холбоо байхгүй гэж хэлж болно. Гэтэл эдний хооронд буй нийтлэг зүйл нь гагцхүү гэр бүлээс үүдэлтэй байдаг. Үр хүүхэд эх эцгийн хоорондох бэлгийн харилцааг аль ч соёлд нийтээр жигшин үздэг. Үр хүүхдээ хайрлах, нийгэмшүүлэх, гэр бүл үүсэхэд ёслон тэмдэглэх, гишүүд нь үхэж үрэгдэхэд гашуудах гээд олон нийтлэг зүйл бий. Иймээс ч гэр бүл нь хүний нийгмийн анхдагч институцийнхээ хувьд бусад хамтлагийг бодвол хамгийн бат бөх, хүний аз жаргал гуниг зовлонгийн анхдагч голомт нь байдаг аж. Хүний нийгмийн хөгжлийг дагаж гэр бүлийн үндсэн ухагдахуун, үндсэн зарчим хувиран өөрчлөгддөггүйгээрээ их онцлогтой.

Бие хүний аз жаргал юун түрүүн гэр бүлээс үүдэлтэй байдаг. Чухам ийм л учраас хүний нийгмийн хөгжлийн явцад нийгмийн бусад том хүчирхэг институциудын даралт шахалт байнга байсан боловч хүмүүс яаж ийгээд аз жаргалыг олж эдэлж чаддаг байлаа. Үүгээрээ нийгмийн амьдрал үргэлж оршин тогтносоор ирсэн болов уу. Зарим соёлууд гэр бүлээс аз жаргалыг олж авах бүхэл бүтэн номлол арга барилыг буй болгон суулгаж өгчээ. Шашин болон иргэншлүүд ч энэхүү хүний жаргалын эх булаг болсон голомтод ихээхэн анхаарал тавьсан байдаг.

Нэгэнт гэр бүл нь аз жаргалын голомт юм бол мөн зовлонгийн эх үүсвэр байж таарна. Өөрөөр хэлбэл, хүн натураараа жаргал олох ёстой тэр газраасаа түүнээ олохгүй бол зовлон мөн тэр голомтоос төрж таарна. Социологичид энэ асуудалд нэн эртнээс анхаарлаа хандуулж сайтар судалгаа хийсэн байдаг. Гэрбүлийн проблем судлал ч гэж буй болж. Проблемгүй гэр бүл гэж бараг үгүй аж. Гэхдээ проблем бараг бүгдээрээ гэр бүл дотроо шийдэгддэг. Шийдэгдэхгүй проблем л зовлонгийн шалтгаан болно. Энэ нь гэр бүлийн хүрээнээс хальж нийгмийн аль нэг институци болон хамт олонд шийдүүлэхээр халддаг аж. Гэр бүл доторх шийдлээс хальсан зовлонгийн шийдлийн түгээмэл илрэл нь салалт юм. Аль ч соёлд салалт байдаг нь энэ нь маш өргөн тархсан шийдэл бололтой. Салалт бол учирсан проблемийг шийдэж буй эцсийн боловч нэгмөсөн шийдэл юм.

Проблемийн эх үүсвэр олон янз байдгийн дотор шинээр зохиогдсон дахин гэрлэлт, урьд хойтохын дагавар хүүхэд, бэлгийн сулрал, боловсрол болон хөрөнгө чинээний хэт ялгавар, архидалт болон төстэй донгууд, хардалт, гэр бүлээс гадуур харьцаа, соёлын болон шүтлэгийн зөрүү, үзэл бодол зан үйл дадлын ялгаа зэрэг нь голлох суурь эзэлдэг ажгуу. Проблем нэгэнт гэр бүлийн түвшинд шийдэгдэхгүй бол гадагшилдаг. Хүн нь нийгмийн амьтан, хүн бүр гэр бүлээс гадна нийгмийн аль нэг хамт олонд давхар харьяалагдана, ингэхээр проблем өөр хамтлагийн хүрээнд шийдвэр тайлалаа хайдаг байна. Ингэхдээ гол төлөв проблем шууд өөрийн тайлалаа нэхдэггүй, түүнийг тээгчийн стресс гомдлоо тайлах зан авираар дамжин нийгэмд нялзах байдлаар илэрхийллээ олдог аж.

Гэр бүлийн проблемийн тайллын илэрхийлэл болсон олон муухай гэмт хэргүүд байдаг. Цуврал аллага зэрэг аймшигт хэргүүд гол төлөв гэр бүлийн проблемоос үүдэлтэй. 56 хүн алсан Ростовын махчин Чекатилло бэлгийн сулралтай аж. Аллага хядлагаа байг гэхэд гэртээ гаргасан уураа хамт олондоо гаргаж зовоодог жишээ маш түгээмэл. Энэ дотроос нийгмийн янз бүрийн түвшинд удирдах үүрэг функц гүйцэтгэж буй бие хүмүүсийн гэр бүлийн проблем нийгэмд илүү хортой, хорон, хохиролтойгоор нялзан тусдаг ажгуу.

Хүн гээч амьтан уг зөнгөөрөө бурууг өөрөөсөө гэхээсээ бусдаас хайдаг. Гэр бүлд учирч буй зовлон бэрхшээлийн учир шалтгааныг голдуу л гаднаас хайдаг төдийгүй олдог. Проблем нь хүнийг комплекст оруулдаг төдийгүй бусад хүн үүгээр нь жаргал хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Ингэхээр ердийн сэтгэлийн дарамтаас эхлээд атаархал, мөчөөрхөл, улмаар хонзогнол үүсдэг ажгуу. Би хэдэн жилийн өмнө “Шударга ёсны төлөөх алалдаан” өгүүлэлдээ зовлонтой гэр бүлд өссөнөөсөө болоод нийгэмдээ дайсагнасан хоёр өөр жишээг хөндөн гаргасан билээ. Ингэж нийгэмдээ дайсагнаж буй этгээдийн нийгэмд эзлэх байр суурь нь хэдий том байна, учруулах хохирол нь төдий их байдаг. Авгайгаа дийлэхгүй, эсвэл асуудлаа шүүхээр шийдүүлж болохгүй болохоор хонзонгоо бусдаас аваад унадагт хамаг зовлон байна. Салж сарнисан, өнчирч хоцорсон хүн дахин амьдрал зохиож амгаланг олох нь элбэг. Гэтэл тэгээд ч амгаланг олдоггүй, эсвэл зууралдаад там дотроо байгаад байдаг, уураа бүх тийш нь үлээдэг дон гэмээр авир аймшигт хонзогногчийг төрүүлнэ. Судлаачид нэгэн дуугаар өгүүлэхдээ хүүхэд мөнхийн зовлонтой айлд өссөнөөс салсан өрх толгойлогч дээр хүн болсон нь хавьгүй дээр байдаг гэдэг нь үүний нэг тод илэрхийлэл биз. Хонзогногч олон хүний хувь заяаг шийдэх түвшинд байвал асуудал нийгмийн эмгэнэл болдог нь хамаг гай зовлон билээ л.

Напалеон гуч хүрэлгүй генерал болж, хар залуугаараа алдрын оргилд хүрчээ. Гэвч хоёр эхнэр дамжаад хүүхэдтэй болж чадаагүй нь түүний олон авирын тайлал гэж судлаачид ярьдаг. Ромыг шатаасан Нэроны зэрлэг авирын сурвалж нь эх Агрипино нь. Төрсөн дүүдээ дурлан бэлгийн харилцаанд орсон Колигуллагийн аймшигт мангас дүр гэр бүлийн зовлонгоос үүдэлтэй. Пап Александр, түүний хүү Цэзарь Боржо нарын гэр бүлийн амьдрал там байлаа. Гитлер импотент байжээ, буруутан нь хорвоо, ялангуяа жүүдүүд. Сталины гэр бүл зовлонгийн уурхай байсан тухай судлаачид болон уран зохиолчид бишгүй нэг бичсэн. Киргизийн Ерөнхийлөгчийг түлхэн унагасан цаад шалтгаан нь эхнэр хүүхдүүд нь байлаа. Африкийн хамгийн баян орон Зимбабвэг 25 жилийн дотор гуйранчин болгоход Ерөнхийлөгч Мугабэгээс эхнэр нь илүү үүрэг гүйцэтгэсэн. “Нууц товчоо” ч тэр үеийн гэр бүлийн олон зовлонгийн нууцыг тайлсан байдаг. Энд Цэдэнбалын гэр бүлийг жишээнд татаад ч олон юм хэлж болно.

Аз жаргалыг гэр бүлээс үлдэн хөөж хөдөлмөрийн хамт олон гэгчийн гарт атгуулж, нийтийн аз жаргал гэр бүлийнхийг орлоно гэсэн онолоор олон жил замнасан гажиг нийгмийн гишүүн байсан бидний хувьд энэ талын судалгаа, ойлголт, анхаарал нэн ядуу. Гэтэл үнэндээ монголчууд мөн чанарыг нь эртнээс мэддэг байсан бололтой. “Гэрээ засаад төрөө зас” гэдэг их учиртай үг юм гээч. Нурсан гэрээс гарсан хүн төр түмнийг нураадаг бололтой. Пүүс компани, албан газар, олон нийтийн байгууллага, улмаар улс үндэстнийг толгойлж байгаа болон шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн гэр бүлийн амгалан ямар чухал хүчин зүйл вэ! Өрнийн орнуудад удирдах ажилтныг сонгохдоо цаад гэр бүлийн байдлыг нь их судалдаг. Тэдний зах зээлд сэтгэл судлаач их эрэлттэй байдаг. Гэр бүлээс бүхий л хорвоогийн амгалан эхэлдэг, эндээс л орчлонгийн хамаг гай барцад эхэлдэг ажгуу.

Энд гэр бүлийн тогтворгүй байдал, салж сарнисан болон бэлэвсэрч өнчирсөн, мөн гэрлээгүй, эсвэл үр хүүхэдгүй зэрэг нийгэмд элбэг тохиолдох явдлыг өөчлөн муучлаагүй болохыг анзаарна уу. Ер нь тэр хүрээг огт хамраагүй, учир нь энэ нь тусдаа судлахуун. Харин ч амьдрал дээр ийм тохиолдлоосоо илүүтэйгээр гаднаасаа үл харагдах дотроо бугласан зовлонтой гэр бүлийн амьдралын проблем нийгэмдээ илүү гай тарьдаг аж. Энд гагцхүү гэр бүлийн доторх байх ёстой жаргалыг олоогүй зовох нь нийгэмдээ эргэж сөргөөр тусдаг тухай нэгэнт социологич психологичдийн ярьж анхааруулдгийг давтан сонирхууллаа.

БААБАР

5 Comments

  1. otgoo says:

    амжилт!!!!!!!!!!!!!!!!

  2. otgoo says:

    сак

  3. alag horvoo says:

    baabar l helsen bolohoos unen ug shuu. (Baabart durgui humuust zoriulj helev)

  4. alag horvoo says:

    Unenees unen gedgiig ooriin tuulsan amidral, duugiinhee tuulsan amidralaar bi batalj helj chadna. Bas hervee “into the wild”-g uzvel ch bas harj bolno. Minii ergen toirond ch iim naiz nohod bas bii. Ger buliin huchirhiileliig (uund zugeer hereldeh ch hamaarna) harj osson huuhed ijil huistenee sonirhdog boloh, niigmee uzeh yadah uzelten boloh, hulgai hiih donton boloh, amidralaas bayar bayasgalan avch chaddaggui gutrangi uzelten boloh, bur yadlaa gehed oortoo itgelgui boloh, amia horloh dontoi boloh geed l olon yum nerlej chadna. Iim uzegdel mongold baidaggui meteer oilgovol bas l enduurel bolno. Zaluu humuust handaj helehed “хүүхэд мөнхийн зовлонтой айлд өссөнөөс салсан өрх толгойлогч дээр хүн болсон нь хавьгүй дээр байдаг” gesen ene ugnees oor unen ug ugui shuu. Amidralaaraa tuulsan hun uuniig helj baina shuu.

  5. dorj says:

    Yag S.Bayariin tyhai bichsen yum yy getel suuliin dogol murnuus ugui yum bn gedgiig er ni yu heleh geed baigaag ni oilgoloosh dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.